Куба-Америкийн харилцаа хэрхэн өрнөж байна вэ?
¿Qué bolá, Cuba? (Сонин юутайв дээ, Куба
орон?) хэмээн АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама нэг жилийн өмнө Air Force One агаарын
хөлгөөрөө Гаванад газардахдаа Кубын ард түмэнтэй мэндчилж байв. Бараг л нэг зууны
дараа АНУ-ын удирдагч Куба арал дээр хөл тавьж түүхэн үйл явдлыг тамгалан
үлдээж байлаа. Дэлхийн бүх телевиз Хуучин Гаванаар гүйлдэж Цагаан ордны эзний
айлчлал, Рауль Кастротой хийсэн уулзалтыг сурвалжилсан юм. Тэр үед итгэл найдвар,
өөрчлөлт, мөрөөдөл зэрэг үгс хамгийн их сонсогдож Куба, Америкийн харилцаанд
шинэ үе нээгдлээ хэмээн ярьж байв. Б.Обамагийн айлчлал хоёр улсын харилцааг
хэвийн болгох үйл явцыг түргэсгэх, батжуулах зорилготой хэмээн Куба дахь АНУ-ын
Элчин сайдын яамны анхны нэгдүгээр нарийн бичгийн дарга Жастин Томас хэлж
байсан юм. АНУ Кубын талаарх баримтлах бодлого, чиглэлээ өөрчлөх нь хэмээн
дэлхий нийт харж байсан нь зүйн хэрэг.
Гэвч тэр цагаас хойш далайцтай том өөрчлөлт гарсангүй.
Гарч буй өөрчлөлтүүд зөвхөн эдийн засгийн салбарт ажиглагдаж байна. Обамагийн
айлчлалын дараа итгэл найдвар тээж байсан куба иргэд Дональд Трампын ирэлтээс
айн түгшиж, хоёр талын харилцаанд хүрсэн ололт амжилт нь хойшоо ухрах вий
хэмээн санаа зовних болжээ. Обамагийн түүхэн айлчлалаас хойш ердөө л нэг жил
өнгөрч байгаа ч олон кубачуудын хувьд маш урт хугацаа өнгөрсөн мэт санагдаж,
дорвитой өөрчлөлт гартал дахиад олон арван жил болох юм шиг сэтгэгдэл төрөх
болсон аж.
Сүүлийн нэг жилд Кубад Rolling Stones концертоо толилуулж,
Chanel-ийн загвар өмсөгчид Гаваны тайзан дээр алхаж куба иргэдийг гайхашруулсан
олон үйл явдал болсоор. Фидель Кастро өөд болж, хуурай хөл, нойтон хөлийн
бодлого цуцлагдаж, хоёр улсын хооронд зорчигчдийн аварга хөлөг онгоцны аялал,
худалдаа арилжааны шууд нислэг сэргэж, Куба арал дээр Америкийн хөрөнгө
оруулалттай анхны зочид буудал хаалгаа нээжээ. Гэсэн хэдий ч Америкийн томоохон
компанийн хөрөнгө оруулалт хараахан орж ирээгүй байна. 60 жил үргэлжилсээр буй
эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас Кубад томоохон хөрөнгө оруулалт орж
ирэхгүй байна хэмээн Гаваны эрх баригчид үзэж байна.
Б.Обамагийн айлчлалын дараа Кубад гарсан хамгийн том
өөрчлөлт нь Гаваны гудамжаар хэсүүчлэх америк жуулчид. Кубад хамгийн их ирдэг
жуулчид нь канадууд. Америкууд хоёрт бичигдэх болов. Хуучин Гавана дахь жуулчдын
гудамж америкуудын хөлд дарагдаж, бизнес цэцэглэж, хуучин барилга байшин, зочид
буудлуудыг сэргээн засварлаж байна. “Би одоо юмаа зарах гэж хашгирч зарлах
шаардлагагүй болсон. Тун хурдан зарагддаг болсон” хэмээн Chivirico хэмээх Кубын
алдартай амттаны явуулын худалдаачин Улисес өгүүлж байна. Эрэлт хэрэгцээ
ихэссэний улмаас жуулчдын хөл ихтэй дүүргүүдийн хоолны газрууд хүнсний
бүтээгдэхүүнээ татаж амжихгүй байгаа аж. Хуучин Гавана дахь нэгэн зочид буудлын
эзэн жуулчдын тоо нэмэгдсэнд ихэд сэтгэл хангалуун байгаа ба удахгүй жуулчид
багатай улирал хэмээх үг хэллэг байхгүй болно хэмээн батлан өгүүлэв. Аялал
жуулчлалын салбарт ажилладаггүй куба иргэдийн хувьд амьдрал бахь байдгаараа,
өөрчлөгдсөн юмгүй байна. Куба, Америкийн харилцаа сайжирсан ч Куба дахь сөрөг
хүчний эрх чөлөө хумигдмал хэвээр, улс төрийн систем нь өөрчлөгдөх дохио,
тэмдэг ажиглагдахгүй байна.
Үлэг гүрвэлийн 80 өндөг хулгайлаад баригдав
Хятадын зүүн нутгаас үлэг гүрвэлийн 80 орчим чулуужсан
өндөг хулгайлсан дөрвөн этгээдийг цагдаа нар баривчилжээ. Цагдаа нар баян
худалдан авагчийн дүрд тоглож эртний үнэтэй чулуужмал наймаалагчдыг илрүүлсан
байна. Ван тэргүүтэй дөрвөн этгээд Хэйлунзян муж дахь гэртээ үлэг гүрвэлийн
өндөгнүүдийг нуусан байв. Тэдний гэрийг нэгжих үеэр 27 өндөг илрүүлсэн ч үлдсэн
өндөгнүүд алга болжээ. Үлэг гүрвэлийн араг яс, чулуужсан өндөг хамгийн их
олддог улс нь Хятад, Монгол юм. Хятадын өмнөд хэсгийн Хэюань хот орчмын нутгийг
палеонтологийн диваажин гэдэг. Тэндээс гарсан эртний ховор олдворууд хууль бус
наймаачдын гараар орох нь элбэг. Чулуужсан өндөг, араг ясыг худалдаж авдаг
гадаадын мафийн бүлэглэл ч байдаг ажээ.
Иванка Трамп Цагаан ордонд өрөөтэй болно
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамп
Цагаан ордонд албаны өрөөтэй болно хэмээн Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас
мэдэгдэв. 35 настай Иванка Цагаан ордны баруун жигүүрт байрлаж нууц мэдээлэлтэй
танилцах эрхтэ болж, Засгийн газрын харилцаа холбоог ашиглах ажээ. Иванка Трамп
ямар нэг албан тушаал хашихгүй, цалин авахгүй. Тэрээр Ерөнхийлөгчийн зөвлөхөөр
ажиллаж байгаа нөхөр Жаред Кушнерт туслах юм. Д.Трамп Ерөнхийлөгч болсноос хойш
охин Иванка нь томоохон арга хэмжээнд байнга хамт байлцах болсон билээ.
Гуравдугаар сарын 17-нд Германы канцлер Ангела Меркель Цагаан ордонд айлчлахад
Иванка түүний хажууд суусан юм. Тэрээр Меланиа Трампыг туршлага суух хүртэл нь
тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж байна хэмээн зарим хэвлэлд бичжээ.


No comments:
Post a Comment