Sunday, 26 March 2017




Б.Обама дурдатгалаа бичихээр арал руу явжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Францын Полинезийн Тетироа арал дээр хэдэн сар амьдрахаар явжээ. Гол зорилго нь дэлхийн хамгийн хүчирхэг улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан он жилүүдийнхээ дурдатгалыг бичих хэмээн Washington Post мэдээлэв. Penguin Random House хэвлэлийн газар Обама, Мишель нарын дурдатгалыг хэвлэх эрхийг авсан юм. Б.Обама Цагаан ордноос явныхаа дараа гэр бүлийн хамтаар цагийг аялж зугаалахад зарцуулна хэмээн төлөвлөсөн аж. Тэрээр Карибын тэнгис болон Хавай аралд амраад амжжээ. Эдүгээ дурдатгал номоо бичихээр шийдэж Номхон далайн эзэнгүй нэгэн арлыг сонгож аваад байна. 2009 онд АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон Барак Обама хоёр бүрэн эрхийн хугацааг гүйцээгээд энэ оны нэгдүгээр сард жирийн иргэн болсон юм.  

Экс Ерөнхийлөгч Пак Гын Хег баривчлах уу?

Өмнөд Солонгосын Прокурорын газар экс Ерөнхийлөгч Пак Гын Хег баривчлах тушаал гаргахыг хүслээ хэмээн тус улсын хэвлэлүүд мэдээлэв. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан, улсын нууц мэдээллийг бусдад дамжуулсан хэмээн үзэж байгаа аж. Пак Кын Хег авлигын хэрэгт буруутгаж байгаа билээ. Үүний улмаас түүнийг шүүхийн хариуцлагад татаж, албан тушаалаас нь огцруулах үйл явц эхэлсэн юм. Гуравдугаар сарын 10-нд Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээр Пак Гын Хег албан тушаалаас нь огцруулжээ. Экс Ерөнхийлөгчийг  авлигын хэргээр 14 цагийн турш байцаасан нь саяхан ил болсон юм. Тэрээр томоохон компаниудыг дарамт шахалтад оруулж, найзынхаа буяны сангийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлүүлж байсан нь илэрч шуугиан дэгдээгээд байна.

Цасан нурангид зургаан сурагч амиа алджээ

Японы Точи мужийн уулын цанын баазад цасан нуранги болсны улмаас зургаан сурагч амиа алдаад байна хэмээн ТАСС агентлаг орон нутгийн аврах албаны эх сурвалжаас иш татан уламжлав. Гурван хүн бэртэж, гурван хүн сурагггүй алга болоод байна. Аврагчид эрэл хайгуулын ажиллагааг шуурхай эхлүүлээд байгаа аж. Точи мужид болсон осолтой холбоотойгоор эрэл хайгуул, аврах ажиллагааг зохицуулах онцгой штабыг байгуулсан талаар Японы Засгийн газрын төлөөлөгч Ёшида Суга мэдэгдлээ. Мужийн эрх баригчдын хүсэлтээр Японы армийн цэргүүдийг Точи муж руу илгээгээд байна. Цасан нуранги болох үеэр цанын бааз дээр 66 хүн байжээ. Тэдний 50 нь орон нутгийн сургуулийн ахлах ангийн сурагчид байсан аж. Тэд багш, зааварлагч нарын хамтаар хаданд авирах сургуулилт хийж байжээ.

Хэн хамгийн удаан алга ташуулсан бэ?


Испанийн дуурийн дуучин Пласидо Доминго хамгийн удаан алга ташуулсан хүнээр тодорч Гиннесийн номд бичигдсэн байдаг. Тэрээр 1991 оны долдугаар сарын 30-нд Вена хотын Дуурийн театрт Вердигийн Отеллод тоглосны дараа үзэгчид түүнд баяр хүргэж нэг цаг 20 минутын турш алга ташсан юм. Тэрхүү ялгуусан үдэш Мадрид хотын уугуул дуучин Венийн дуурийн теартын тайзанд 101 удаа буцаж гарах хэрэгтэй болжээ. Ийнхүү Пласида Доминго алдарт Лучиано Павароттийн амжилтыг эвдсэн аж. Паваротти 1968 онд Берлины театрт Гаетано Донизеттийн дуурьт дуулсны дараа 67 минутын алга ташилтаар шагнуулж байжээ.

No comments:

Post a Comment