Украинд зэвсгийн агуулах шатжээ
Украины Балаклей дахь зэвсгийн томоохон агуулахад гал
гарчээ. Аврагчид тэр хавийн иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэв. Шөнийн гурван
цагийн үед гал гарсан хэмээн мэдээлж байна. Украины цэргийн прокурор Анатолий
Матиос энэ гал түймрийг хорлон сүйтгэх ажиллагаа хэмээн мэдэгджээ. Өөр хэд
хэдэн газар зэрэг гал гарсан хэмээн тэрээр баталж байна. “Танк, их бууны
зэвсэглэл хадгалдаг агуулахын хэд хэдэн талбайд зэрэг дэлбэрэлт болж гар
гарсан. Украины армийн зэр зэвсгийг устгах зорилгоор ийм хорлон сүйтгэх
ажиллагаа явуулсан гэж үзэж байна” хэмээн тэрээр өгүүлэв.
Харьков мужийн Балаклей дахь зэвсгийн агуулах нь 368 га
талбайтай Украины армийн хамгийн том зэвсгийн агуулах юм.Тэнд их бууны сум,
артиллерийн зэвсэглэл, пуужин зэрэг 138 тн зэр зэвсгийг хадгалж байжээ.
2014 онд живсэн “Севоль” хөлгийг татаж гаргалаа
2014 онд Чэжү арал руу аялж яваад Өмнөд Солонгосын баруун
өмнөд эрэгт живсэн “Севоль” хөлөг онгоцыг далайн ёроолоос татаж гаргалаа хэмээн
“Синьхау” агентлаг мэдээлэв. Бараг гурван жилийн турш усан доор байсан хөлөг
онгоц ихэд эвдэрч, зэвэнд идэгдсэн байжээ. Хөлөг онгоцыг уснаас бүрэн гаргах
ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд удалгүй Мокпо боомтод аваачих юм. Уг ослоор
амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн энэ үеэр байлцсан аж. “Севоль” хөлөг онгоц
2014 оны дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын баруун өмнөд эрэгт сүйрч живсэн юм.
Түүнд 470 зорчигч аялж явжээ. Энэ ослоор 290 хүн амь насаа алдаж, 15 орчим хүн
сураггүй алга болжээ.
Сайн дураараа буцаж буй цагаачдад олгох мөнгийг нэмжээ
Австрийн эрх баригчид сайн дураараа эх нутаг руугаа буцаж
буй цагаач, дүрвэгчдэд олгох мөнгөний хэмжээг хоёр дахин нэмэгдүүлжээ. Дотоод
явдлын яамнаас мэдэгдэж буйгаар, төрөлх нутаг руугаа буцахад бэлэн болсон эхний
мянган цагаач тус бүр нэг мянган доллар аваад байна. Үүнээс гадна Ойрхи
Дорнодын орнуудын оршин суугчдад буцах, унаа тээврийн асуудлыг нь шийдэж өгнө
хэмээн амлажээ. Харин Балканы хойгийн орнуудын цагаачдад ийм тусламж олгохгүй.
Сүүлийн гурван жилд Европт орж ирэх цагаач, дүрвэгчдийн тоо эрс нэмэгдэхийн
хэрээр улс орнууд цагаачлалын эсрэг арга хэмжээ авсаар байна. Румын, Унгар, Словени,
Австри зэрэг орнууд Европын холбооноос тогтоосон тооны цагаачдыг хүлээн авахаас
татгалзаж байсан билээ. Зарим орнууд цагаачдаас салахын тулд эдийн засгийн,
урамшууллын арга хэмжээ авч байна. Австри улс 2019 он гэхэд 50 мянган цагаачийг
нутаг буцаахаар төлөвлөжээ. Өнгөрсөн онд тус улсыг 10.7 мянган цагаач орхин
гарсны тал хувь сайн дураараа нутаг буцсан юм.

No comments:
Post a Comment