Sunday, 5 March 2017



Хойд Солонгос пуужин туршлаа

Хойд Солонгос өчигдөр нэгэн зэрэг дөрвөн баллистик пуужин харвалаа хэмээн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдэв. Гурван пуужин мянга гаруй км зам туулж Японы эдийн засгийн тусгай бүст хамаардаг тэнгист унажээ. Дөрвөн пуужинг Хятадын хилээс холгүй Тончхан муж дахь талбайгаас хөөргөсөн хэмээн Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ. Тэдний үзэж буйгаар, хойдууд тив алгасч АНУ-ын газар нутагт хүрэх чадвартай пуужин туршсан аж. Өмнөд Солонгосын тал АНУ-тай хамтран цэргийн хээрийн сургууль хийж байгааг эсэргүүцэж ийнхүү пуужин харвасан бололтой.
Хойд Солонгос үүнээс өмнө хоёрдугаар сарын 12-нд пуужин туршсан юм. Энэ туршилтыг удирдагч Ким Чен Ун өөрийн биеэр үзэж сонирхсон аж. Пхеньяны цэргийн мэргэжилтнүүд АНУ-ын эрэгт хүрэх чадвартай алсын тусгалтай баллистик пуужин бүтээхэд ойрхон байна хэмээн тэрээр мэдэгдэж байв. Өчигдөр болсон туршилтыг өмнөд хөрш нь түгшингүй хүлээн авч цэргийн удирдагчдаа цуглуулан яаралтай зөвлөгөөн хийжээ.

Мосулын баруун хэсгийг чөлөөлнө

“Исламын улс” бүлгийн дайчдын мэдэлд үлдээд байгаа Мосул хотын баруун хэсгийг  чөлөөлөхөөр Иракийн цэргүүд дайралтаа сэргээгээд байна. Хотын хэд хэдэн дүүргийг чөлөөлөөд байсан ч цаг агаарын таагүй байдлын улмаас дайралтыг түр завсарлаад байсан юм. Мосул хотын зүүн хэсгийг Засгийн газрын цэргүүд хэдэн сарын турш довтолсны эцэст нэгдүгээр сард чөлөөлжээ. “Исламын улс” бүлгийнхэн 2014 онд Иракийн баруун болон хойд хэсгээр өргөн хүрээтэй довтолгоо хийж Мосул хотыг эзлэн авч байсан юм. Одоогоор Иракийн цэргүүд хотын өмнөд болон баруун өмнөд хэсгээс төв рүү нь давшиж байна хэмээн Иракийн армийн төлөөлөгч Расул хэллээ. Иракийн арми 2016 оны аравдугаар сард лалын дайчдын эсрэг өргөн хүрээтэй довтолгоог эхлүүлснээс хойш 200 мянган хүн орон гэрээ орхин дүрвээд байна. Шилжин суурьшигчдыг хүлээж авах төвд сүүлийн хэд хоногт 45 мянган хүн иржээ. Одоогоор Мосул хотод 700 мянган оршин суугч үлдээд байгаа аж.

Б.Нетаньяху: Израильд ямар ч гудамжийг Ясир Арафатын нэрэмжит болгохгүй


Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Засгийн газрын хуралдаан дээр үг хэлэхдээ, Израилийн ямар ч гудамжийг Палестины лидер асан Ясир Арафатын нэрэмжит болгохгүй хэмээн мэдэгджээ. “Израиль болон еврей хүмүүсийг алж байсан хүний нэрээр Израилийн ямар ч гудамжийг нэхлэхгүй. Израиль дахь гудамжуудыг Ясир Арафат, эсвэл Хажа Амин аль-Хусейний нэрээр нэрлэхийг бид зөвшөөрөх ёсгүй. Үүнийг гаргуулахгүйн тулд шинэ хууль батлахад ч бэлэн байна” хэмээн Израилийн Ерөнхий сайд ярьсан байна. Израилийн хойд хэсгийн Жатт тосгонд Ясир Арафатын нэртэй гудамж бий боллоо гэсэн хэвлэлийн мэдээнд Нетаньяху ийнхүү хариуг нь өгчээ. 11 мянган хүнтэй Жатт тосгонд ихэвчлэн арабууд амьдардаг аж. Тэрээр Дотоод хэргийн сайд Арье Деритэй уулзаж Палестины алан хядагчдын нэрээр Израилийн гудамжийг нэрлэх ёсгүй хэмээн ярилцсан байна. 

No comments:

Post a Comment