Д.Трампын утсыг чагнаж байсан гэх яриаг тусгай албад
няцаалаа
“2016 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр
Барак Обама миний телефон утасны яриаг чагнах үүрэг өгч байсан” хэмээн одоогийн
Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн нь шуугиан дэгдээгээд байна. Ерөнхийлөгч
Барак Обамагийн үед Америкийн тусгай албадыг удирдаж байсан хүмүүс үүнийг
няцаажээ. New York Times сонин мэдэлж буйгаар, Холбооны мөрдөх товчооны дарга
Жеймс Коми АНУ-ын Хууль зүйн яаманд хандаж Трампын үгэнд няцаалт өгөхийг
хүсчээ. Гэвч Хуулв зүйн яам үүнийг хийсэнгүй. АНУ-ын Үндэсний тагнуулын газрын
тэргүүн асан Жеймс Клэппер “Трампын утсыг хэн ч хэзээ ч чагнаж тагнаж
байгаагүй. Мөн өнгөрсөн сонгуулийн үеэр түүний сонгуулийн штабын утсыг чагнаж
байгаагүй” хэмээн мэдэгджээ. Тэрээр NBC телевизэд ярилцлага өгөхдөө, Бүгд
найрамдах намын нэр дэвшигчийн сонгуулийн штаб байрлаж байсан Нью-Йорк дахь “Trump
tower”-ийг тагнаж чагнах шүүхийн ямар ч тогтоол байхгүй гэжээ. Дональд Трампын
утсыг чагнахыг зөвшөөрсөн шүүхийн шийдвэрийг тагнуулын албаны тэргүүн мэдэхгүй
өнгөрнө гэж байхгүй хэмээн Клэппер хэллээ. “Түүний утсыг чагнахыг зөвшөөрсөн
ямар ч тогтоол, шийдвэр байхгүй. Бүрэн хариуцлагатайгаар үүнийг мэдэгдэж байна”
хэмээн тэрээр онцолсон байна. Нэгдүгээр сард Д.Трамп Ерөнхийлөгчийн тангараг
өргөсний дараа АНУ-ын Үндэсний тагнуулын албаны тэргүүнээс огцорсон Жеймс
Клэппер, сонгуулийн өмнө ч, сонгуулийн үеэр ч, түүнийг Ерөнхийлөгчөөр
сонгогдсоны дараа ч Трампыг тагнаж
чагнаж байгаагүй гэсэн юм.
Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрөөр Барак Обамаг
буруутган мэдэгдэл хийсэн билээ. “Аймшигтай! Обама сонгуулиас өмнө “Трамп
цамхаг” дахь миний утсыг чагнах тушаал өгч байсныг сая л мэдлээ. Тэр тэгэхдээ
юу ч олоогүй” хэмээн Цагаан ордны шинэ эзэн Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн
юм. Тэрээр ингэж мэдэгдэхдээ ямар нэг нотолгоо харуулаагүй ч Конгресс дахь
тагнуулын хороонд хандаж дээрх мэдээллийг нягтлан шалгаж өгөхийг хүсчээ. АНУ-ын
Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ оролцсон гэх мэдээллийг мөн нягтлан шалгаж байгаа
билээ. Энэ шалгалтын хүрээнд Трампын утсыг чагнасан гэх хэргийг шалгахыг тэрээр
хүссэн байна. Сонгуулийн өмнө Ерөнхийлөгчийн утсыг чагнасан гэх яриаг судлан
шалгах болно гэдгээ Конгрессын тагнуулын хорооны тэргүүн Дэвин Нуньес мэдэгдсэн
байна.

No comments:
Post a Comment