Д.Трампын шинэ зарлигт дахин хориг тавилаа
АНУ-ын холбооны шүүгч Деррик Уотсон лалын зарим орны
иргэдийг АНУ-д орохыг хориглосон хуулийг хүчинтэй болохоос нь өмнө хориг тавилаа.
Ерөнхийлөгч Трампын цагаачлалын талаарх шинэ зарлигийн үйлчлэлийг зогсоож
өгөхийг хүссэн Хавай мужийн нэхэмжлэлийг шүүх ийнхүү ёсоор болгожээ. Цагаан
ордны эзний шинэ зарлигийг хориглохыг хүсч хамгийн түрүүнд Хавай муж шүүхэд
хандаад байсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч нэгдүгээр сард цагаачлалын талаарх анхны
зарлигаа баталсан ч Сиэтлийн шүүх хориг тавьж цуцалсан билээ.
Хавай мужийн өмгөөлөгчид Хонолулу дахь холбооны шүүхэд
гомдол гаргахдаа, цагаачлалын хязгаарлалтын улмаас мужийн лал шашинтай иргэд
хохирно, гадаадаас ирэх жуулчид, оюутны урсгал багасна гэжээ. Д.Трампын шинэ
зарлиг өчигдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх байв. Зарлигийн дагуу,
Иран, Йемен, Ливи, Сири, Сомали, Суданы иргэдийг АНУ-д орохыг нь 90 хоногийн
турш хориглоод байсан юм.
Эрх баригч нам ялалт байгуулав
Голландын парламентын сонгуульд Ерөнхий сайд Марк Руттегийн
тэргүүлдэг Эрх чөлөө, ардчиллын төлөөх нам ялалт байгуулжээ. Тус нам
парламентын 31 суудлыг авчээ. Хэт үндсэрхэг үзэлтэй Эрх чөлөөний нам, Христос ардчилсан
нам, Ардчилагчид-66 нам хамтдаа 19 суудал авлаа. “Манай нам гурав дахь удаагаа
Голландын хамгийн том намаар шалгарлаа. Манай иргэд популизмд “Үгүй” гэж хэллээ”
хэмээн Рутте мэдэгдэв. Гуравдугаар сарын 15-нд болж өнгөрсөн парламентын
сонгуулийн ирц 81 хувьтай байсан нь сүүлийн 30 жилд гарч байгаагүй өндөр үзүүлэлт
юм. 2016 оны намар явуулсан судалгаагаар, цагаачдыг хязгаарлаж, лал
шашинтнуудыг улс орноос хөөж гаргана гэж ярьдаг Эрх чөлөөний нам ялалт
байгуулахаар байсан аж. Гэвч тэдний хэт популист амлалт амжилтыг нь нураалаа
хэмээн ажиглагчид үзэж байна.
Манчестер Сити шилдэг наймд шалгарч чадсангүй
Аваргуудын лигийн шилдэг найман баг тодорлоо. Өчигдөр
Францын лигийн Монако Английн Манчестер Ситиг талбай дээрээ хүлээн авч 3:1-ээр
хожсоноор дараагийн шатанд шалгарав. Эхний тоглолтод англичууд 5:3-аар хожсон.
Гэвч хоёр тоглолтын нийлбэрээр 6:6 болж айлын талбайд илүү олон гоол оруулсан
францууд дараагийн шатанд үлдлээ. Испанийн Атлетико Мадрид Германы
Леверкузентэй 0:0 харьцаагаар тэнцэж 4:2 нийлбэр дүнгээр шилдэг наймд
шалгарлаа. Ийнхүү Аваргуудын лигийн шилдэг наймд Испанийн Барселона, Реал,
Атлетико, Германы Байерн, Боруссиа, Английн Лестер, Италийн Ювентус, Францын Монако
үлдлээ. Сугалаа өнөөдөр болно. Энэ улиралд Барселона, Реал түрүүлэх магадлал
хамгийн их байна.
“Титаник” руу аялуулна
Живсэн “Титаник” хөлөг рүү усан доорх аялал зохион
байгуулна хэмээн The Telegraph сонин мэдээлэв. Лондонд байрладаг нэгэн аялалын
компани ийм санаачилга гаргаж байгаа аж. Алдарт “Титаник” хөлөг онгоцны
үлдэгдэл Атлантын далайн дөрвөн мянган метрийн гүнд нойрсож байгаа. 2018 оны
тавдугаар сараас эхлэн хүссэн хүн бүхэн түүнийг харах боломжтой болох ажээ. “Титаник”-тай
танилцах аялал найман өдөр үргэлжилнэ. Нэг группт есөн жуулчин багтах аж.
Төлөвлөгөө ёсоор, жуулчдыг Канадын Сент-Жонс хотоос нисдэг тэргээр холын
аялалын хөлөг онгоцонд хүргэж “Титаник” хөлөг живсэн бүсэд аваачих ажээ.
Цаг агаар таатай байвал зорчигчид домогт хөлөг онгоцны
үлдэгдлийг харж болно. Аялалын хөтөлбөрт лекц, мэтгэлцээн, эрдэмтэн,
судлаачидтай хийх уулзалт багтаж байна. Энэхүү аялалын нэг хүний зардал 105
мянган доллар болно хэмээн тооцоолжээ. “Титаник” хөлөг 1912 онд живсэн юм.
Хятад улс жуулчдад зориулж алдарт “Титаник” хөлгийн хуулбарыг бүтээх гэж байгаа
мэдээ саяхан цацагдсан билээ.
Zara-гийн цэвэр ашиг 10 хувиар өсчээ
Zara брэндийг эзэмшдэг Испанийн Inditex компани 2016 оны
санхүүгийн тайлангаа гаргахад цэвэр ашиг 10 хувиар өсч 3.2 тэрбум долларт
хүрчээ. Нийт худалдааны хэмжээ 12 хувиар нэмэгдэж 23.3 тэрбум долларт хүрсэн
байна. Өнөөдөр Inditex компани дэлхийн 93 улсад 7300 дэлгүүртэй.
Inditex компани 1963 онд Испанийн хойд хэсгийн Галисиа мужид
байгуулагджээ. Эдүгээ тус компани Zara, Pull&Bear, Massimo Dutti, Bershka,
Stradivarius, Oysho, Zara Home, Uterqüe зэрэг нэртэй брэндийг дэлхий нийтэд
танил болгожээ. Компанийг үүсгэн байгуулагч Амансио Ортега дэлхийн баячуудын
жагсаалтад 70 тэрбум долларын хөрөнгөөр Билл Гейтс, Уоррен Баффет нартай
зэрэгцэн бичигдэж байна.


No comments:
Post a Comment