Д.Трамп Пентагоны эрх мэдлийг нэмэгдүүлжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Ирак,
Сирид илгээх америк цэргүүдийн тооны хязгаарыг цуцлахыг Пентагоны (АНУ-ын Батлан хамгаалах яам) генералуудад зөвшөөрчээ. Энэ тухай Reuters
агентлаг баттай эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Пентагонд энэ мэдээллийг
баталсан ч гадаадад үүрэг гүйцэтгэдэг америк цэргийн тоо өөрчлөгдөхгүй гэжээ. “Исламын
улс” террорист бүлэгтэй тэмцэхийн тулд орон нутгийн цэрэг, цагдаагийн хүчинд
дэмжлэг үзүүлэх, тухайн улс орон дахь америк цэргийн тоог нэмэгдүүлэх шаардлага
гарч ирж байна хэмээн АНУ-ын Батлан хамгаалах яам үзэж байгаа аж.
Ерөнхийлөгч Д.Трампын шийдвэр Пентагоны эрх мэдлийг
ихээхэн нэмэгдүүлж, хязгаарлалтад баригддаг системээс нь чөлөөлж байна хэмээн
тоймч, ажиглагчид үзэж байна. Ийнхүү гадаад улс орон, дайн самуунтай бүс нутагт
үүрэг гүйцэтгэж буй америк цэргүүдийн бодио тоо нууцлагдмал байхаар болж байна.
Force Management Level буюу гадаад цэргийнхээ тоонд хязгаарлалт, хяналт тавих
системийг Барак Обамагийн засаг захиргаа Ирак, Сирид хэрэгжүүлжээ. АНУ-ын өмнөх
Ерөнхийлөгч Сири, Иракт үүрэг гүйцэтгэдэг цэргийнхээ тоог зөвшөөрсөн хэмжээнээс
үе үе нэмэгдүүлсээр ирсэн юм. Өнөөдөр албан ёсны мэдээллээр, Иракт 5262, Сирид
503 америк цэрэг байрлаж байна. Гэвч бодит байдал дээр энэ тоо хэдэн мянгаар
илүү байж магадгүй. 2017 оны хоёрдугаар сард Афганистан дахь Америкийн цэргийн
командлагч, генерал Жон Николсон тус улс дахь америк цэргийн тоог мянгаар
нэмэгдүүлэх шаардлагатай байна хэмээн Конгресст хүсэлт тавьжээ. Өнөөдөр
Афганистан улсад Америкийн 8500 цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Москвад согтууруулах ундааг хориглоно
Тавдугаар сарын баярын өдрүүдэд Москвад гэмтэл бэртэл,
сөрөг үр дагавараас сэргийлэхийн тулд согтууруулах ундааны худалдаанд
хязгаарлалт хийнэ хэмээн хотын даргын албанаас мэдэгдэв. “Тавдугаар сарын
баярын өдрүүдэд нийслэлд архи, шар айргийн худалдааг хориглоно. 1, 8, 9-ний
өдөр олон нийтийн арга хэмжээ болж буй газар болон ойролцоох дэлгүүрүүдэд хатуу
ундаа, градус багатай ундаа, шар айраг худалдахыг хориглоно. Мөн шилтэй хүйтэн ундаа
худалдахыг зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдэлд онцолжээ. ОХУ-д тавдугаар сарын 1-нд
хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн баяр, 8-нд төрийн албан хаагчдын, 9-нд
Ялалтын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг.
Туркт 9000 цагдааг ажлаас нь халжээ
Туркийн цагдаагийн газар есөн мянган ажилтнаа Америкт
амьдардаг лалын шашны зүтгэлтэн Фетхулла Гюлентэй холбоотой хэмээн сэжиглэж
ажлаас нь халжээ. Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс ийм алхам хийсэн
хэмээн цагдаагийн газрын мэдэгдэлд онцолжээ. Өнгөрсөн оны долдугаар сард Туркт
төрийн эргэлт хийх оролдлого гарсан юм. Төрийн эсрэг хуйвалдааныг нухчин дарсны
дараа Ерөнхийлөгч Эрдоган эртний өрсөлдөгч Гюленийг хуйвалдааны толгойлогч,
далд удирдагч хэмээн нэрлэжээ. АНУ-д амьдарч байгаа турк санваартан Фетхулла
Гюлен энэ хэрэг явдалд ямар ч хамаагүй хэмээн мэдэгдсээр байгаа аж. Гэсэн хэдий
ч Анкарагийн эрх баригчид түүнийг буруутай хэмээн үзэж шилжүүлж өгөхийг АНУ-аас
шаардсаар байна. Хэд хоногийн өмнө Туркт Гюлений талыг баримтлагчдын эсрэг
тусгай ажиллагаа явуулж мянга орчим хүнийг саатуулжээ. Төрийн эргэлт хийх оролдлого гарсны дараа
Туркийн эрх баригчид 40 мянган хүнийг баривчилж, цагдаа, цэргийн албан хаагч,
багш зэрэг 120 мянган хүнийг төрийн эргэлтэд буруутган ажлаас нь халсан билээ.
Англи тосгон дуудлага худалдаагаар зарагджээ
2016 онд дуудлага худалдаанд 20 сая паундаар тавигдаж
байсан Английн Норт-Йоркшир гүнлэгт байдаг Уэст Хеслертон тосгон эзэнтэй
болжээ. Энэ тосгон 43 байшин, 2116 га
талбайтай. 21 өрөөтэй том харш ч байдаг аж. Уэст Хеслертон тосгоныг 150 жилийн
турш ганцхан гэр бүл эзэмшиж ирсэн юм. 2010 онд тосгоны хамгийн сүүлчийн
эзэмшигч, 84 настай Ив Доуни нас барсны дараа өв залгамжлагчид нь дуудлага
худалдаагаар оруулахаар шийдсэн байна.
Тосгоны шинэ эзэмшигчээр Британийн Albanwise хөрөнгө
оруулалтын компани тодорчээ. Анхны дуудах үнэ нь 20 сая паунд (26 сая доллар) тосгон ямар үнэ хүрсэн нь нууц байна. 1960-аад онд эцгээсээ тосгоныг өвлөж
авсан Ив Доуни байшин түрээслэгчдэд маш бага үнэ санал болгож байснаараа
тосгоноо хөгжин цэцэглүүлж чаджээ. Уэст Хеслертон тосгон эзэддээ жилд 388
мянган паундын ашиг авчирдаг. Шинэ эзэд нь тосгоныг хөдөө аж ахуй, фермийн
зориулалтаар ашиглах бололтой.
Японы Ерөнхий сайд ОХУ-д ирлээ
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-д айлчлалаар ирж байна.
Тэрээр Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж Хойд Солонгос, Сирийн асуудлаар ярилцахаас
гадна Өмнөд Курилийн арал дээр эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Орос,
Японы хооронд энхийн гэрээ байгуулах талаар нухацтай ярилцах юм. Японы тал
маргаантай арлын асуудлаар том ахиц дэвшилд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа аж.
Абэгийн мэдэгдэж хэлж буйгаар, эдгээр арлуудын экс оршин суугчид өвөг
дээдсийнхээ ариун газрыг чөлөөтэй эргэж байх эрхтэй байх ёстой хэмээн Япон улс
үзэж байна.
В.Путин, Шинзо Абэ нар улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн
салбар дахь хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийнэ. Курилын аралд Орос, Японы
Засгийн газрын түшмэлүүд, бизнесийн төлөөлөгчдийг илгээж арал дээр хамтарсан
үйл ажиллагаа явуулах боломжийн талаар ярилцах юм. Курилийн арлын хүрээлэн буй
орчныг хамгаалах, тэнд загас агнуур, аялал жуулчлал, эмнэлгийн үйлчилгээг
нэвтрүүлэх талаар тохиролцоонд хүрэх төлөвтэй байна.




















