Wednesday, 26 April 2017






Хятад улс анхны тээгч хөлөг онгоцоо усанд тавилаа

Хятад улс өөрсдөө үйлдвэрлэсэн анхны байлдааны нисэх онгоц тээгч хөлөг онгоцоо усанд тавилаа хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлэв. Ляонин мужид үйлдвэрлэсэн тээгч хөлгийг Далянь боомтоос усанд тавьжээ. Хятадын тэнгисийн цэргийн флот байгуулагдсаны 68 жилийн ойн өдөр ийнхүү бэлэг барьж байгаа аж. Энэ нь Хятадын ардын чөлөөлөх армийн хоёр дахь тээгч хөлөг онгоц болж байна. Тус улс зөвлөлтийн үед үйлдвэрлэсэн анхны тээгч хөлөг онгоцоо 1990-ээд оны сүүлчээр Украинаас 25 сая доллараар худалдан авч байв. Өөрсдийн үйлдвэрлэлийн анхны тээгч хөлөг нь 2020 онд бүрэн ашиглалтад орох ажээ.

Зохисгүй үгнийхээ төлөө огцров

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Байгалийн гамшгийг нөхөн сэргээх яамны сайд Масахиро Имамураг огцрууллаа. Имамура Ерөнхий сайдын өргөөнд зочилсныхоо дараа өөрөө энэ тухай сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Тэрээр “2011 оны цунамийн хохирол 227 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Энэ гамшиг Тохоку орчимд болсон нь сайн хэрэг. Нийслэлд ойрхон болсон бол хохирол маш их байх байлаа” хэмээн мэдэгдсэн нь шуугиан дэгдээсэн юм. Имамур мөн гурван долоо хоногийн өмнө бас нэг таагүй зүйл ярьснаар огцрох “замаа засчээ”. “Фукушима цөмийн цахилгаан станцын ослын дараа тэндхийн оршин суугчдыг буцааж авчрах нь тэдний хувийн асуудал” хэмээн хариулахдаа асуулт тавьсан сэтгүүлчийг “Амаа хамхи” хэмээн загнажээ.

Ф.Макрон 15 настайдаа ирээдүйн  эхнэрээ үнсэж байжээ

Британийн Daily Mail сонин Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд тунаж үлдээд байгаа нэр дэвшигч Эммануэль Макроны 15 настай байхдаа ирээдүйн эхнэр Брижит Троньег үнсэж буй зургийг нийтэлжээ. 1993 онд 15 настай Макрон хөвгүүн театрт тоглолт үзсэнийхээ дараа сургуулийнхаа багш Троньегийн хацар дээр үнсэж буй нь зурагнаас харагдана. 65 настай Брижит Тронье анхны уулзалтынхаа талаар “Түүнийг жүжигт хэрхэн тоглож байгааг харахаар очсон юм. Тэр гайхалтай тоглож байсан” хэмээн ярьжээ. Макрон 17 настай байхдаа багш бүсгүйдээ “Би тантай гэрлэнэ” гэж хэлж байсан аж. Макроны эцэг эх хүүгийнхээ багштайгаа үүсгэсэн харилцааг “Зохисгүй” хэмээн үзэж хүүгээ түүнээс холдуулах гэж оролдсон ч талаар болсон юм. Францын Ерөнхийлөгчөөр сонгогдож тун магадгүй байгаа Макрон гэргий Тронье болон түүний өмнөх гэрлэлтийн гурван хүүхдийн хамт амьдардаг.

Жулиа Робертс Эль-Класиког урилгаар үзжээ


Мадридад болсон Эль-Класикод эзэн хааны баг гашуун ялагдал хүлээхэд Холливудын од Жулиа Робертс “Амьд гэрч” болжээ. Оскарын шагналтай жүжигчин бүсгүй Сантьяго Бернабеу цэнгэлдэхийн VIP суудалд нөхөр Дани Модер болон гурван хүүхдийн хамт тухалж Реал Мадрид-Барселона тоглолтыг үзжээ. Тоглолтын нэмэлт цагт Месси ялалтын гоол оруулсан юм. Тоглолтын дараа “Хөөрхөн хүүхэн” доошоо бууж дэлхийн шилдэг хөлбөмбөгчидтэй гар барин танилцаж, гурван хүүхэддээ Роналдо, Мессигийн өмсгөл дээр гарын үсгийг нь зуруулж авчээ. Жулиа, Дани хоёрын гурван хүүхэд нь хөлбөмбөгт ихэд дуртай, хөлбөмбөгөөр хичээллэдэг аж. Жулиа Робертс энэ уулзалтынхаа талаар Instagram дээрээ “Дэлхийн шилдэг хөлбөмбөгчидтэй уулзаж, гайхалтай тоглолтыг нь үзсэндээ их баяртай, сэтгэл хангалуун байна” хэмээн бичжээ. Дашрамд сонирхуулахад, Месси Жулиад ихэд дуртай, шүтдэг гэдгээ хэлсэн байна. 

No comments:

Post a Comment