Saturday, 8 April 2017




Венесуэль найтаахад Куба ханиад хүрнэ

Улбар шар, эсвэл шар шовх тэмдэгийг эгнүүлэн тавьсан шатахуун түгээх газрууд “Энд шатахуун байхгүй” гэсэн баттай дохиог куба иргэдэд өгнө. Ийм тэмдэггүй газар автомашиндаа дусал ч болтугай бензин хийчих гэсэн жолооч нар халуун наранд урт дараалал үүсгэн зогсох ажээ. Эрх чөлөөний арлын худалдааны гол түнш Венесуэль дахь нөхцөл байдлын улмаас хэдэн сарын өмнөөс эдийн засгийн хүнд байдалд ороод байгаа Куба дахь хамгийн тод хоёр дүр зураг нь энэ болоод байна. Уго Чавесийн үеэс л харамгүй тусалж ирсэн Венесуэль арлын коммунист улсад хямд үнээр нийлүүлдэг түлш, шатахууныхаа хэмжээг багасгахаас аргагүй болсон юм. Гавана дахь шатахууны бэрхшээл, хомсдол хоёр сарын өмнөөс нэг их анзаарагдахгүй явж ирсэн ч долоо хоногийн өмнөөс улам хурцдаж, premium буюу сайн чанарын, өндөр октантай бензин олдохоо больж, урт дараалал хэвийн үзэгдэл болоод байна. Жуулчдад үйлчилдэг түрээсийн автомашин, мөн дөрөвдүгээр сарын 1-нээс хөрвөх песогоор бэлнээр мөнгө төлж байгаа автомашинуудад бензин, шатахуун өгөх чиг, үүргийг дээрээс өгсөн хэмээн иргэд ярилцах болов. Картаар шатахуун худалдаж авдаг төрийн мэдлийн компанийн ажилтнууд октан багатай бензин л авч болохоор болжээ. Шатахууны хангалт, нийлүүлэлт хүндрэх тал руугаа орсон ч энэ талаар хамаагүй ярьж, цуу дэгдээж болохгүй гэж байна. Гэвч нөхцөл байдал бүр муудвал яах вэ гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч байгаа юм. Энэхүү хомсдолын талаар төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуугарахгүй байгаагийн улмаас шатахуун хүлээн дугаарлаж буй куба иргэдийн дунд цуу яриа дэгдэх нь аргагүй. “Венесуэль “модоо барьж”, улс төр нь улам хямарч байгаа тул бид үр төлөөсийг нь эдэлж байна”, “Венесуэль манайд нийлүүлдэг шатахууныхаа хэмжээг ихээхэн багасгахаас өөр аргагүй болсон”, “Манай боловсруулах үйлдвэрүүдийн ажиллагаа муудаад байна” хэмээн куба иргэд ярилцаж байна. Венесуэльд улс төр, эдийн засгийн хямрал гүнзгийрсний улмаас нефть олборлох, боловсруулах тоног төхөөрөмжөө шинэчилж, засч чадахгүй байгаа гэсэн таамаглал байгаа аж.
Одоогоор тодорхой болоод байгаа нэг тоо баримт нь, Николас Мадуро тэргүүтэй Венесуэль улс Куба руу илгээдэг нефтийнхээ хувь хэмжээг 30-40 хувиар багасгажээ. Үүний улмаас Куба арлын эдийн засгийн өсөлт сүүлийн 23 жилд анх удаа өмнөхөөс буурсан дүнтэй (0.9 хувь) гарах гэж байна. Швейцарийн мониторинг, дүн шинжилгээний Petro-Logistics фирмээс мэдэгдэж буйгаар, 2008 оны хоёрдугаар хагасын туршид Венесуэль улс Кубад өдөр бүр 115 мянган баррель нефть нийлүүлж байв. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 55 мянга болж багасчээ. 2017 онд нийлүүлэлт ямар байгаа нь тодорхой бус байна. Рауль Кастро өнгөрсөн долдугаар сард мэдэгдэхдээ, түнш орны нефтийн ханган нийлүүлэлтэд доголдол гарч Кубын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа тул төрийн үйлдвэр,  компаниудад олгодог шатахууныг 30 хувиар бууруулж байна гэсэн билээ. Венесуэлиэс нефть байнга “урсан орж ирэх” боломжгүй гэдгийг ойлгосон Кубын эрх баригчид арлын хөрсөн доорх нефтиэ ухан гаргах төслийг яаравчлахыг хүсч байна. Гэвч нефть олборлох төсөлд зарцуулах хөрөнгө мөнгө Куба улсад байхгүй. Тиймээс Гаваны удирдагчид шаардлагатай шинэ технологи оруулж ирэх, хөрөнгө оруулалт татахын тулд хэд хэдэн олон улсын хурал зохион байгуулжээ. Венесуэльд сөрөг хүчнийхэн эрх мэдэлд гарч ирвэл тэндээс Кубад ирдэг нефть ор тас байхгүй болох нь ойлгомжтой.
Куба арал дээр “Жуулчдын тэсрэлт” болж байгаа энэ үед бензин, шатахууны хомсдол үүссэн нь тун ч хяслантай зүйл болж байна. Гадаадаас ирдэг жуулчдын тоо урьд өмнө байгаагүй түвшинд хүрч, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдэж байгаа билээ. “Кубад аялал жуулчлал нэмэгдсэн ч никель, элсэн чихрийн үнийн уналтын улмаас үүссэн макро эдийн засгийн ухралтыг нөхөхөд хангалтгүй” хэмээн Питсбургийн их сургуулийн куба гаралтай эдийн засагч Кармело Ласо-Лаго үзэж байна.

Стокгольм дахь халдлагыг узбек залуу үйлджээ

Стокгольм хотод хүмүүсийг ачааны автомашинаар санаатайгаар мөргөж дайрсан хэрэгт Узбекистанаас гаралтай 39 настай эрийг сэжиглэн баривчиллаа хэмээн Шведийн цагдаагийн газраас мэдэгдэв. Түүний нэрийг зарласангүй. Түүний хэрэглэсэн автомашины арын суудалд сэжиг бүхий зүйл байсан аж. Тэр нь яг юу болохыг одоогоор мэдээгүй ч зарим эх сурвалж уламжилж буйгаар, тэр нь тэсрэх бодис байсан ажээ. Гэвч энэ мэдээлэл албан ёсоор батлагдаагүй байна.
Өнгөрсөн баасан гаригт Стокгольм хотын төвд ачааны автомашин явган иргэд рүү довтолж дөрвөн хүний аминд хүрч, 15 хүнийг гэмтээсэн юм. Шведийн Ерөнхий сайд энэ хэрэг явдлыг террорист ажиллагаа гэж нэрлэжээ. Гэмт этгээд шар айрагны компаниас хулгайлсан ачааны автомашиныг халдлагадаа ашигласан байв. Тэрээр автомашиныг хулгайлж зургаан гэрлэн дохиог өнгөрсний дараа намхан замын хаалтыг эвдлэн орж замын хажуугаар явж байсан хүмүүсийг дайрч эхэлжээ. Дараа нь Ahlens худалдааны төвийн шилэн хоргыг мөргөн зогссон аж.

Гурван сарын өмнө амаржсан Жанет Жексон нөхрөөсөө салжээ

Америкийн дуучин Жанет Жексон амаржсанаасаа гурван сарын дараа хүүхдийнхээ эцэг Виссам Элманагаас саллаа хэмээн TMZ сайт мэдээлэв. Тэд гэрлэлтээ аз жаргалгүй, бүтэлгүй байна хэмээн үзэж тус тусын замаар явах нь дээр гэсэн шийдвэрт хүрчээ. Тэдний салалтын өөр нарий ширийн зүйл ил болсонгүй. Катар гаралтай бизнесмэн Алмана, попын хаан Майкл Жексоны дүү Жанет Жексон (50 настай) нар 2012 онд нууцаар гэрлэсэн юм. Дуучин бүсгүй 2017 оны нэгдүгээр сард амаржиж хүү төрүүлжээ. 100 сая гаруй цомгоо борлуулж чадсан Жанет ах Майклаасаа дутуугүй нэр алдрыг олсон юм. 2015-2016 онд хийсэн Unbreakable World Tour аялан тоглолт нь орлогоороо рекорд тогтоож байсан билээ.

Лесотод дахин том алмааз олджээ


Африкийн Лесото улсад үйл ажиллагаа явуулдаг Gem Diamonds компани 114 каратын алмааз олборлолоо хэмээн Bloomberg мэдээлэв. Энэ нь долоо хоногийн дотор тус улсаас олдож буй хоёр дахь том алмааз юм. Үүний өмнө Firestone Diamonds компани Лесото улсаас 110 каратын алмаз олборлосон аж. 114 каратын алмааз эрдэнэ олдсон Летсенг нь том алмааз гардгаараа алдартай орд газар юм. Тэндээс олдсон алмааз нь зах зээлийн үнэлгээнээс арав дахин их үнэтэй байдаг. Gem Diamonds анх удаа ийм том алмааз эрдэнэ илрүүлсэн байна. 2016 онд тус компани 100 каратаас илүүгүй таван алмааз олсон юм. 2006 онд Лесото улсын нэгэн орд газраас 603 каратын алмааз олдож байжээ. 2015 онд олдсон 357 каратын алмааз эрдэнэ дуудлага худалдаанд 19.3 сая доллараар зарагдаж байв. 

No comments:

Post a Comment