Wednesday, 5 April 2017



Хойд Солонгост хариу цохилт өгөх сургуулилт хийнэ

АНУ, Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин өргөн хэмжээний хамтарсан цэргийн хээрийн сургууль хийхээр болов. Хойд Солонгосын зүгээс Сөүл, эсвэл АНУ-ын газар нутаг руу баллистик пуужин харвасан тохиолдолд хариу цохилт өгөх сургуулилт хийх гэж байгаа аж. Энэ тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны төлөөлөгч хэвлэлийнхэнд мэдэгджээ. Цэргийн хээрийн сургуулийг хоёр Солонгосын хилээс холгүй орших Почхон талбай дээр дөрөвдүгээр сарын 13, 21, 26-нд хийнэ. Хэд хоногийн өмнө Өмнөд Солонгос 800 км-ийн тусгалтай баллистик пуужин амжилттай туршсан юм. Сөүл, Вашингтон хоёр цэргийн хээрийн сургууль дахин дахин хийж байгааг Хойд Солонгос шууд заналхийлэл хэмээн үзэж, хариу арга хэмжээ авна хэмээн мэдэгджээ.

Гурав дахь удаагаа сугалаанд хожихдоо саятан болжээ

Канадын Эдмонтон хотын эхнэр, нөхөр Барбара, Дуглас нар хамтын амьдралынхаа туршид гурав дахь удаагаа сугалаанаас их хэмжээний мөнгө хожжээ. Энэ удаа хос 8.2 канад доллар (6.1 сая америк доллар) хожиж саятан болоод байна. Үүний өмнө тэд 1989 онд 128 мянган доллар хожиж дөрвөн найзтайгаа хуваан авч байв. 2010 онд дахин сугалаанд аз таарч  100 мянган доллар халааслажээ. Эхнэр, нөхөр хоёр хожлын мөнгөө хэрхэн зарцуулахаа аль хэдийнэ шийдсэн аж. Тэд хүүхдүүд, ач зээ нартаа хувь хүртээгээд үлдсэн мөнгөөрөө шинэ байр худалдаж аваад дэлхийг тойрох аялалд гарахаар болсон байна. Их хэмжээний мөнгө хожсоноо эхэлж мэдсэн эхнэр Барбара нь нөхөр рүүгээ утасдаад “Бид дахиад л хожчихлоо” хэмээн чанга хашгирчээ.

Памела Андерсон, Жулиан Ассанж нар хайр сэтгэлтэй болов уу?

Жүжигчин, загвар өмсөгч Памела Андерсон (49 настай) Wikileaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжид (45 настай) дурласан хэмээн шуугиж байна. Тэд хэдэн сарын өмнө Британийн загвар зохион бүтээгч Вивьен Вествудээр дамжуулан танилцсанаас хойш америк бүсгүй Ассанж дөрвөн жилийн өмнөөс амьдарч, бүгэж байгаа Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд таван удаа очжээ. Ямар ч байсан тэдний хооронд жирийн харилцаанаас илүү нэг зүйл үүссэн бололтой.  Памела Эквадорын Элчин сайдын яам руу орж буй зураг анх өнгөрсөн аравдугаар сард хэвлэлээр тарсан юм. Тэрээр Английн хууль хяналтын байгууллагаас зугтан бүгэж буй Ассанжид хэд хэдэн ном, цагаан хоол хүнс аваачиж өгсөн аж. “Намайг тэрэнтэй уулзаад юу хийсэн тухай хэвлэлүүд юу гэж бичих нь сонин биш. Шар хэвлэлүүд бичдэг юмаа л бичнэ шүү дээ” хэмээн нэгэн цагт секс билэгдэл болж явсан бүсгүй өгүүлэв. Памела Андерсоныг Швед, Норвегид цацагддаг Фредрик Скавланы нэвтрүүлэгт оролцох үеэр “Та Ассанжтай хайр сэтгэлийн холбоотой болсон уу” гэж асуужээ. Жүжигчин бүсгүй булзууруулсан хариулт өгсөн ч “Тэр их дур булаам залуу” хэмээн ам алдсан байна.

Эверестийн бараатай хээрийн зоог санал болгож байна


Европын томоохон сүлжээ зоогийн газрын нэгэн мастер тогооч мөнгөлөг аялагч, жуулчдыг Балба дахь Эверест уулын дэргэд өглөөний зоог барихыг санал болгож байна. Тэрээр дэлхийн хамгийн өндөр уулын ойролцоо уулын оройд зоогийн газраа түр ажиллуулах санаа дэвшүүлэв. Эверестийг ойроос ширтэж таашаасан шиг өглөөний зоог барих нь зөвхөн зөв хийгээд азтай хүмүүсийн хувь тохиол, ийм үйл амьдралд ховор тохиолдоно хэмээн тэрээр өвөрмөц бизнесээ сурталчилж байна. Төлөвлөсөн аялалын дагуу, жуулчдыг нисдэг тэргээр Эверестийн өмнөд хэсгийн үндсэн хуаранд хүргээд тэндээсээ 15 минутын явган аялал хийх аж. Дараа нь жуулчид дөрвөн мянган метрийн өндөртэй Конгде-Ри оргил рүү нисдэг тэргээр очоод тансаг зэрэглэлийн байранд Эверестийг тольдож байгаад хээрийн зоог барина. Ийм аялалын үнэ 10 мянган доллар.   

No comments:

Post a Comment