Monday, 24 April 2017



Э.Макрон, Марин Ле Пен нар тунаж үлдлээ

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шатанд хамгийн их санал авсан төвийн үзэлтэй Эммануэль Макрон (23,75 хувь), үндсэрхэг “Үндэсний фронт” намын лидер Марин Ле Пен (21,53 хувь) нар хоёрдугаар шатанд тунаж үлдлээ. Францууд шинэ Ерөнхийлөгчөө тавдугаар сарын 7-нд болох хоёрдугаар шатанд сонгохоор болж байна. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Эммануэль Макрон руу утсаар ярьж баяр хүргээд нэгдүгээр шатанд ялагдсан нэр дэвшигчдэд хандан түүнийг дэмжихийг уриалжээ. Тавдугаар бүгд найрамдах улсын түүхэнд (1958 оноос хойш) анх удаа социалист ч, барууны төвийн үзэлтэй нэр дэвшигч ч хоёрдугаар шатанд үлдэж чадсангүй. “Бүгд найрамдахчууд” намын Франсуа Фийон 19.91, Жан-Люк Меланшон 19,64 хувийн санал авчээ.  

Хоёрдугаар шатанд үлдээд буй Макрон олон улсын чөлөөт худалдаа, Европын холбооны нэгдмэл байдлын төлөө байгаа бол, Марин Ле Пен “Frexit” буюу Францыг Европын холбооноос гаргаж, НАТО-г орхих бодолтой байгаа аж. Мөн тэрээр Европын санхүүгийн гэрээнээс гарч хуучин мөнгөн дэвсгэрт франкийг сэргээхийг хүсч байна. Банкир асан Э.Макрон нь Олландын Засгийн газарт Эдийн засгийн сайдын албыг хашиж байв. Тэрээр хоёрдугаар шатанд ялалт байгуулбал Францын хамгийн залуу Ерөнхийлөгч болно. 2016 оны дөрөвдүгээр сард сайдын суудлыг орхисны дараа үүсгэн байгуулсан “Урагшаа” улс төрийн хөдөлгөөнөө Макрон “Зүүнийх ч биш, барууных ч биш” хэмээн тодорхойлдог. Тэрээр нэгдүгээр шатанд ялалт байгуулсны дараа дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ “Үндсэрхэг аюул заналхийллийн эсрэг нэгдсэн эх оронч үзэлтэй франц иргэдийн Ерөнхийлөгч болохыг хүсч байна” гэжээ. Харин Марин Ле Пен “Би ард түмний нэр дэвшигч боллоо. Франц улс тэсч үлдэх тухай асуудал босч ирлээ. Анхны алхам хийгдсэн. Түүхэн үр дүн гарлаа” хэмээн ярьжээ. Нэгдүгээр шатанд ялагдсан Франсуа Фийон хоёрдугаар шатанд Макроныг дэмжихийг ард иргэдэд уриалав. Францын Ерөнхийлөгчийн сонгуульд 11 нэр дэвшигч өрсөлдсөнөөс ийнхүү хоёр нь тунаж үлдээд байна. Дөрвөн гол өрсөлдөгч нь хэт зүүнээс хэт барууны үзэлтэй нам, хөдөлгөөнийг төлөөлж байсан юм.

No comments:

Post a Comment