Tuesday, 18 April 2017




АНУ-ын тээгч хөлөг онгоц Хойд Солонгост ирсэнгүй

Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэж байсны дагуу АНУ-ын нисэх онгоц тээгч “Карл Винсон” хөлөг онгоц дагалдан явж буй цохилтын хүчний хамтаар Хойд Солонгосын эргийг чиглэн явж байсан ч зорьсон газартаа очилгүй өөр тийшээ явжээ. Үүний дараа АНУ-ын зэвсэгт хүчний Номхон далайн командлалаас, “Карл Винсон” тэргүүтэй довтолгооны хүч эхлээд Австралийн цэргийнхэнтэй хээрийн сургууль хийх ёстой байсан хэмээн мэдэгдэв. Д.Трамп байлдааны хөлөг онгоцуудаа Солонгосын хойг руу илгээлээ хэмээн мэдэгдэж байхад тэдгээр нь Хойд Солонгосоос Австрали руу нэгэнт эргэсэн байжээ. Вашингтон Ким Чен Уны дэглэмийг худлаа сүрдүүлэв үү, эсвэл америкууд гэнэт төлөвлөгөөгөө өөрчлөв үү гэдэг тодорхойгүй байна.

“Реал”, “Атлетико” хагас шигшээд шалгарлаа

Аваргуудын лигийн хагас шигшээд өрсөлдөх багууд тодорч байна. Өчигдөр Германы “Байерн” Испанийн “Реал Мадрид”-ын талбайд зочлов. Долоо хоногийн өмнө болсон тоглолтод Испанийн эзэн хааны клуб 2:1-ээр хожиж Роналдо Аваргуудын лигийн тэмцээнд 100 дахь гоолоо оруулсан билээ. Өчигдөр Мадридад болсон хариу тоглолтод германууд эхэлж гоол оруулсан ч “Реал”-ын шилдэг довтлогч Криштиано Роналдо хет-трик хийснээр 4:2-оор хожлоо. Ийнхүү Испанийн баг долоон жил дараалж Аваргуудын лигийн хагас шигшээд шалгараад байна. Английн “Лестер” талбайдаа Испанийн “Атлетико”-г хүлээн авч 1:1-ээр тэнцсэн юм. Эхний тоглолтод 1:0-ээр хожсон “Атлетико” хагас шигшээд гарч ирлээ. Үлдсэн хоёр эрхийн төлөө “Барселона”-“Ювентус”, “Монако”-“Боруссиа Дортмунд” өрсөлдөж байна. “Барселона” эхний тоглолтод 3:0-ээр гашуун ялагдал хүлээсэн. Тэд өмнөх тойрогт Францын “ПСЖ”-д эхний тоглолтод 4:0-ээр хожигдсон ч хариу тоглолтод 6:1-ээр гайхалтай ялалт байгуулсан юм. Каталоны баг Италийн “Ювентус”-ыг дөрвөн гоолын зөрүүгээр хожиж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Венесуэльд инфляц 2000 хувиар өснө

Венесуэль дахь инфляцийн түвшин ирэх онд 2000 хувийг давж магадгүй байна. Энэ тухай CNN агентлаг Олон улсын валютын сангийн таамаглалаас иш татан мэдээлэв. 2017 онд тус улс дахь инфляц 720 хувьд хүрээд байна. Ирэх онд инфляц улам гаарна хэмээн эдийн засагчид, мэргэжилтүүд үзжээ. Улс төрийн гүнзгий хямралд ороод байгаа Латин Америкийн энэхүү улсад эдийн засаг нь улам хүндэрч, ажилгүйдэл нэмэгдсээр байна. Энэ онд ажилгүйдэл 25 хувьд хүрсэн бол, ирэх онд 28 хувийг давна хэмээн шинжээчид таамаглажээ. Улс төр, эдийн засгийн хямралын улмаас Венесуэльд онц байдлын дэглэмийг зургаа дахь удаагаа сунгаад байна.

Бангкокт гудамжны хоолыг хориглоно

Тайландын нийслэл Бангкок хотын эрх баригчид цэвэр, аюулгүй байдал, эмх журамтай байх үүднээс гудамжны бүх хоолыг хориглох шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр 2017 оны сүүлчээс хэрэгжиж эхлэнэ. Ердөө нэг сарын өмнө CNN телевизийн шалгаруулалтаар Бангкок хот дэлхийн хамгийн шилдэг гудамжны хоолтой хотоор шалгарч байсан ч эрх баригчид үүнийг үл хайхран дээрх шийдвэрийг гаргажээ. Бангкок хотын 50 дүүргийн хоол хийж зардаг гудамжийг цэвэрлэж явган хүний зам болгон хувиргах ажил эхэлсэн хэмээн хотын захиргаанаас мэдэгдлээ. Гудамжинд хоолны бизнес эрхэлж байсан хүмүүст зах дээр ажлын байр гаргаж өгөх аж. Гэвч олон хүн “Орлого эрс багасна” хэмээн энэ шийдвэрийг эсэргүүцэж байна. Тайландад жуулчдыг татдаг нэг чухал зүйл нь гудамжны хоол юм. 

No comments:

Post a Comment