Saturday, 1 April 2017





Боб Дилан Нлбелийн шагналаа гардаж авчээ

Америкийн дуучин, хөгжмийн зохиолч Боб Дилан өнгөрсөн онд хүртсэн Нобелийн шагналаа Стокгольм хотод нууц ёслолын үеэр гардаж авлаа хэмээн Шведийн хэвлэлүүд уламжлав. SVT телевиз мэдээлж буйгаар, хэвлэлийнхний оролцоогүй цомхон ёслол хийж Боб Диланд шагналыг нь гардуулж өгсөн байна. Америк дуучин дөрөвдүгээр сарын 1-2-нд Стокгольм хотод аялал тоглолт хийх үеэрээ шагналаа гардаж авна хэмээн Нобелийн шагналын академитай тохиролцоод байсан юм.
Нобелийн шагналын дүрэм ёсоор, Дилан энэхүү нэр хүндтэй шагналын мөнгөн хэсгийг нь (нэг сая орчим доллар) авахын тулд зургадугаар сарын 10-нд лекц унших ёстой. Гэвч тэрээр лекц бус, ганцаараа ярьж бичүүлсэн яриагаа явуулахаа амлажээ. Боб Дилан дууныхаа үгээр Нобелийн уран зохиолын шагнал хүртсэн анхны хүн болсон нь ихээхэн шуугиан дэгдээсэн билээ. Америкийн дууны аугаа уламжлалын хүрээнд яруу найргийн шинэ хэл бий болгосных нь төлөө түүнд шагналаа олгосон хэмээн Нобелийн шагналын хорооноос мэдэгджээ. Боб Дилан өнгөрсөн арванхоёрдугаар сарын шагнал гардуулах ёслолд очиж чадаагүй ч Нобелийн шагнал бол том хүндэтгэл хэмээн хүлээн зөвшөөрсөн юм.

Байгалийн гамшиг олон хүний аминд хүрлээ

Колумбын баруун өмнөд нутагт бороо орж хөрс, шавар нурсны улмаас дор хаяж 254 хүн амь насаа алдаад байна хэмээн улс орны Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос мэдэгдэв. 190 орчим хүн сураггүй алга болжээ. Хүчтэй аадар бороо хэдэн цагийн турш орсны улмаас гол, мөрөн эргээсээ хальсан аж. Мокоа гол үерлэж хальсны улмаас хөрсний нуралт үүсчээ. Ерөнхийлөгч үерт хамгийн их нэрвэгдсэн Путумайо мужид очоод байна.
Алга болсон хүмүүсийг хайх, үерийн хохирлыг арилгах ажилд мянга орчим цэрэг оролцож байна. Цаг агаар таагүй хэвээр, олон зам харгуй, гүүр эвдэрсэн тул аврах ажиллагааг хүндрүүлжээ. Хөрсний нуралт бүхэл бүтэн хорооллыг нэрвэсэн хэмээн Путумайо мужийн тэргүүн хэлжээ. Тус мужийн нийслэл Мокоа хот гэрэл цахилгаангүй, усны хангамжгүй болж гадаад ертөнцөөс тусгаарлагдаад байна.  

Евгений Евтушенко таалал төгсөв

Яруу найрагч Евгений Евтушенко АНУ-д 85 насандаа таалал төгсөв. Оросын нэрт яруу найрагч өөрийг нь Оросын зохиолчдын тосгон гэгддэг Переделкинод Борис Пастернакийн дэргэд оршуулахыг гэрээслэсэн аж. Евтушенко 2015 оны зун зүрхэндээ амжилттай мэс засал хийлгэжээ. Тэрээр 150 орчим ном хэвлүүлсэн нь дэлхийн олон хэл дээр хэвлэгдсэн юм.
Евтушенко 1932 онд Эрхүү мужийн Нижнеудинск тосгоны Зима өртөөнд геологч Александр Гангнусын гэр бүлд мэндэлжээ. Анхны шүлэг нь 1949 онд “Советский спорт” сонинд хэвлэгдэж байв. Яруу найрагч 1991 онд гэр бүлийн хамтаар Тулса хотын их сургуульд хичээл заахаар АНУ явж амьдралынхаа  сүүлчийн өдрийг хүртэл тэнд амьдарсан юм. “Евгений Евтушенко биднээс явж одсонд тун гунигтай байна. Түүний шүлэг, найраглал олон сая хүний сэтгэлийг догдлуулдаг байлаа. Тэр амьдралынхаа эцсийн мөч хүртэл эгэлгүй хурц хүн, иргэн байлаа. Евтушенко болон түүний найз нөхөд өөрчлөн байгуулалт, ардчиллыг тууштай дэмждэг байсан. Түүний яруу найргийн алдартай мөрүүд олон хүний сэтгэлд үлдэх болно” хэмээн ЗХУ-ын анхны Ерөнхийлөгч Михаил Горбачев онцлов.

Өмнөд Солонгосын ачааны хөлөг онгоц алга болжээ

Өмнөд Солонгосын ачааны хөлөг онгоц Атлантын далайн өмнөд хэсэгт явж байгаад холбоо тасарч сураггүй болоод байна. Тус хөлөг хамгийн сүүлд Уругвайн эргээс холгүй явж байгаад холбоо тасарсан аж. Yonhap агентлаг дамжуулж буйгаар, хөлөг онгоцны экипажийн 22 гишүүнээс хоёр нь аврагдаж чаджээ. Төмрийн хүдэр ачиж явсан ачааны хөлөг онгоц холбоо тасрахаас өмнө “Хөлөг онгоц живж байна” гэсэн мэдээлэл холбоогоор ирсэн аж. Өмнөд Солонгосын эрх баригчид аврах, эрж хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Бразил, Уругвай улсаас тусламж үзүүлэхийг хүсчээ. 266 мянган тн жинтэй Stella Daisy хөлөг онгоцонд Өмнөд  Солонгосын найм, Филиппины 16 иргэн явж байжээ.

Парламентын ордныг шатаав

Парагвайн нийслэл Асунсион хотод эрх баригчдын эсэргүүцсэн иргэд парламентын ордон руу дайран эзлээд дараа нь шатаасан байна. Ерөнхийлөгч Үндсэн хуульд өөрчлөлт хийж дахин сонгогдох боломжтой болох гэж байгааг иргэд эсэргүүцэж байгаа аж. 1992 онд баталсан Үндсэн хуулиар “Ерөнхийлөгчийн нэг удаа таван жилээр сонгогдоно. Хоёр дахь удаагаа нэр дэвшиж өрсөлдөх эрхгүй” хэмээн хязгаарлаж өгсөн юм. 2018 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусч байгаа Ерөнхийлөгч Орасио Картес энэ хязгаарлалтыг цуцлахыг хүсч байна. Парламентын дээд танхим Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хаалттай хуралдаан хийсний дараа эсэргүүцлийн давалгаа эхэлжээ. Жагсагчид парламентын ордны гадаа цуглаж барилгыг дайран эзэлж, Картесийн талынхны өрөөг нэгжсэний дараа хэд хэдэн өрөөг галдан шатаажээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг сенатчид баталсан, одоо доод танхим батлах үлдээд байна.

Грекийн сүйрэл Францыг хүлээж байна хэмээн сануулав


Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, экс Ерөнхий сайд Франсуа Фийон Корсик аралд айлчлах үеэрээ усл орны эдийн засаг Грекийн сүйрлийг давтаж магадгүй байна хэмээн санууллаа. “Бид 2.2 их наяд еврогийн өртэй дампуурсан улс болчихоод байна. Францын нэг иргэнд 30 мянган еврогийн өр ногдож байна” хэмээн тэрээр мэдэгдэв. Фийоны үзэж буйгаар, Франц улс Испани, Итали, Португал, бүр Грекийн араас ч орж болзошгүй байгаа аж. Үндэсний фронт намын лидер Марин Ле Пен Францын Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал Европын эдийн засаг Грекийн хямралаас тав дахин илүү хүчтэй цохилт амсана хэмээн UBS фирмийн шинжээчид мэдэгдсэн байна. Цагаачлалын эсрэг хатуу бодлого баримталдаг Үндэсний фронт намын нэр дэвшигчийн нэр хүнд дээшилсээр байгаа ажээ. 

No comments:

Post a Comment