Палестин эр дөрвөн израилийг шархдуулав
Тель-Авив хотод нэгэн палестин эр гудамжинд явж байсан
дөрвөн израиль иргэн рүү дайрч шархдуулжээ. Хурц бахиар зэвсэглэсэн 18 настай
палестин залуу зочид буудлын өмнө гурван хүн рүү дайрсны дараа далайн эрэг дээр
очиж настай израиль иргэн рүү довтолжээ. Шархадсан иргэдийн эмнэлэгт хүргээд
байгаа ба амь нас нь аюулгүй хэмээн мэдэгдэв. Палестин залууг террорист
халдлага үйлдсэн хэмээн баривчилжээ. Израиль иргэд рүү хутга барин дайрах
үзэгдэл өнгөрсөн онд нэлээн хэд гарсан юм. Энэ өдөр хоёр израиль цэрэг, дөрвөн
израиль иргэн араб хүмүүс рүү хүйтэн зэвсэн барин дайрсан хэргээр саатуулагдсан
байна. Тэднийг мөн террорист халдлагад буруутгаж байгаа аж.
АНУ-ын эргээс нефть, хий олборлоно
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп далайн эргийн газар
нутгаасаа нефть, байгалийн хий олборлож эхлэх зарлигийг мөдхөн батлах гэж
байна. Энэ тухай Politico сонин албаны эх сурвалжаас иш татан мэдээлэв. Америкийн
эрэг орчмын газар нутагт хайгуул хийж нефть, байгалийн хийн орд газар илрүүлэх
даалгаврыг өгөх болсон нь тодорхой болоод байна. Цагаан ордны эзэн мөн кибер
аюулгүй байдлыг хангах, ахмад дайчдын тэтгэмжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн
салбарт шинэчлэл хийх зарлигийг батлахаар зэхэж байна. Dakota Access Pipeline
нефть дамжуулах хоолойгоор тавдугаар сарын 14-ноос эхлэн АНУ-д нефть нийлүүлж
эхлэхээр болжээ.
Эль-Класико “Барса”-гийнх боллоо
Эль-Класико буюу Испанийн Ла Лигийн “Реал Мадрид”-“Барселона”-гийн
тулаан Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд болж Каталоны багийн ялалтаар өндөрлөв. Тоглолтын
эхний гоолыг “Реал”-ын хамгаалагч Касемиро 28 дахь минутад оруулжээ. Таван
минитын дараа “Барса-гийн довтлогч Лионель Месси харьцааг тэнцүүлэв. 73 дахь
минутад Каталоны багийн хагас хамгаалагч Иван Ракитич гайхалтай цохилтоор гоол
оруулсан юм. “Реал”-ын хамгаалагч Серхио Рамос Месси дээр бүдүүлэг алдаа гаргаж
улаан хуудас аван талбайг орхисон. Эзэн хааны баг хүн дутуу тоглож байсан ч 85
дахь минутад тоглолтын харьцааг 2:2 болгож тэнцүүлжээ. Гэвч 92 дахь минутад
дэлхийн шилдэг довтлогч Месси гоол оруулж “Барса” 3:2-оор өрсөлдөгчөө хожиж Ла
Лигийн хүснэгтийг тэргүүлж эхэлсэн юм. Месси ийнхүү карьерийнхаа 500 дахь
гоолоо оруулаад байна.

No comments:
Post a Comment