Вин Дизель, Жейсон Стэтхэм нар The Fate of the Furious-т
тогложээ
Fast & Furious цуврал киноны үргэлжлэл The Fate of the Furious-ийн зохиолыг Крис Морган
бичиж, Феликс Грай ерөнхий найруулагчаар ажиллажээ. Хүчирхийлэл, тулаан,
хөөцөлдөөн, зодоонтой киноны төрөлд дээгүүр байр суурь эзэлдэг энэ киноны гол
дүрд Вин Дизель, Дуайн Жонсон, Жейсон Стэтхэм, Тирес Гибсон, Крис Бриж, Курт Рассель,
Шарлиз Терон, Хелен Миррен зэрэг мундгууд тоглосон юм. Fast & Furious-ийн
найм дахь цуврал болж байгаа Fast & Furious (Уур хилэнгийн хувь заяа) кино дөрөвдүгээр сарын 7-нд Берлин хотод
нээлтээ хийсэн бол, 14-нд АНУ болон дэлхийн бусад оронд нээлтээ хийх гэж байна.
Киноны зураг авалтыг Гавана, Атланта, Кливленд, Нью-Йорк хотод авчээ. Энэ кино
IMAX 3D болон 4DX хэлбэрээр үзэгчдэд хүрч байгаа ажээ.
АНУ Хойд Солонгост сүр хүчээ үзүүлж байна
АНУ-ын армийн байлдааны хөлөг онгоц тээвэрлэгч “Карл Винсон” хөлөг онгоц Солонгосын хойгийн
эрэг рүү дөхөж байгаа нь Хойд Солонгосыг довтлох АНУ-ын төлөвлөгөө
нухацтай, түгшүүртэй шатандаа орсныг илтгэж байна хэмээн Пхеньяны Гадаад
хэргийн яамны төлөөлөгч төрийн мэдлийн мэдээллийн агентлагаараа дамжуулан
мэдэгдлээ. Цэрэг, дайны хүчин чадлаа нэмэгдүүлж, цөмийн зэвсгийн үйлдвэрлэл,
боловсруулалт дээр ажиллах Хойд Солонгосын бодлого зөв гэдгийг Вашингтоны
үйлдэл дахин нотлон харууллаа хэмээн уг мэдэгдэлд онцолжээ. “Карл Винсон”
тээвэрлэгч хөлөг онгоцоор удирдуулсан АНУ-ын тэнгисийн цэргийн флотын
довтолгооны хэсэг дөрөвдүгээр сарын 9-нд Номхон далайн баруун бие рүү хөдлөх
тушаал авсан юм. Энэхүү флот Австрали орохоор Сингапур орчимд явж байсан ч
гэнэт чиглэлээ өөрчлөх тушаал авч Солонгосын хойг руу хөдөлсөн байна. Довтолгооны
хэсгийн бүрэлдэхүүнд тээгч хөлөг онгоцноос гадна байлдааны хөлөг онгоц нэг, их
буутай хөлөг онгоц хоёр, мөн удирдлагатай пуужингаар тоноглогдсон нэг хөлөг
байгаа аж.
“Карл Винсон” хөлөг Солонгосын хойг руу хөдөлж байгаа нь
байнгын байлдааны бэлэн байдлыг харуулж байгаа хэрэг хэмээн АНУ-ын Номхон
далайн флотын командлагч Дэвид Бенхам мэдэгдлээ. Хойд Солонгос нь бодлогогүй,
хариуцлагагүй, тогтвортой байдлыг эвдэгч пуужингийн хөтөлбөр болон цөмийн
зэвсэг бүтээх оролдлогоороо бүс нутгийн хамгийн том заналхийлэл болж байна
хэмээн тэрээр онцоллоо. Хойд Солонгосын тал АНУ-ын газар нутагт хүрэх пуужинтай
болохыг зөвшөөрч болохгүй хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн юм.
Пхеньяны эрх баригчид НҮБ-ын шаардлага, хориг арга хэмжээг үл хайхран цөмийн
пуужингийн туршилтыг зогсолтгүй хийсээр байна. Гуравдугаар сард болсон ээлжит
пуужингийн туршилтын дараа Хойд Солонгосын Засгийн газар “Япон дахь Америкийн
цэргийн баазад цохилт өгөх сургуулилт хийлээ” хэмээн мэдэгджээ. АНУ, Өмнөд
Солонгосын арми Солонгосын хойгт цэргийн хамтарсан сургууль хийсээр байгаа нь
Пхеньяны эгдүүцлийг төрүүлсээр байна. Хойд Солонгос энэхүү хээрийн сургуулийг “Манай
улсад халдан довтолсонтой ялгаагүй заналхийлэл” хэмээн үзэж байгаа юм.
Малала
Юсуфзай НҮБ-ын хамгийн залуу элч боллоо
Нобелийн энх тайвны шагналт, лалын шашинтай охидын
боловсролын төлөө тэмцэгч Малала Юсуфзай НҮБ-ын түүхэн дахь хамгийн залуу элч
болжээ. 19 настай пакистан охин охидын боловсролд онцгой анхаарал хандуулах
амлалт авч энэхүү нэр хүндтэй томилгоог хүлээн зөвшөөрсөн юм.
Малала Юсуфзай 11 жилийн өмнө ВВС агентлагийн урду хэл
дээрх буланд амьдралынхаа тухай тэмдэглэл бичиж дэлхий нийтэд танигдсан билээ.
Талибуудын мэдэлд байдаг Сват хөндийд охидын сургуулийг хэрхэн хаасан тухай
бичсэний дараа талибууд түүнийг мөшгиж, байнга заналхийлэх болсон аж. 2012 оны
аравдугаар сард талибын хэт даврагчид Малалагийн амь насанд халдаж, тэрээр
толгойдоо буудуулж хүнд шарх авчээ. Түүнийг Англид яаралтай авчирч эмчилснээр
аврагдсан юм.
Цаазын ял буурчээ
2016 онд гүйцэтгэсэн цаазын ял 2015 онтой харьцуулахад 37
хувиар буурсан хэмээн хүний эрхийг хамгаалагч Amnesty International байгууллагаас мэдэгдлээ. Өнгөрсөн онд 1032 цаазын ялыг
гүйцэтгэсэн байна. 2015 онд энэ үзүүлэлт 1634 байжээ. Иран, Пакистан улсад
цаазын ялын гүйцэтгэл буурсан нь ихээхэн нөлөөлсөн аж. 2006 оноос хойш анх удаа
эхний таван байранд АНУ орсонгүй. 2016 онд Хятад 567, Саудын Араб 154, Ирак 88,
Пакистан 87 цаазын ял гүйцэтгэжээ. Европ, Төв Азийн орнуудаас зөвхөн Белорусь,
Казахстанд цаазын ял хүчинтэй байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 104 орон цаазын
ялаас татгалзаад байгаа юм. 1997 онд цаазын ялгүй орны тоо 64 байсан аж.
TripAdvisor Aeroflot-ийг шилдгээр нэрлэв
Аялалын TripAdvisor сайт хэрэглэгчдийнхээ дунд санал
асуулга явуулахад Европын хамгийн шилдэг авиакомпаниар ОХУ-ын Aeroflot шалгарчээ. Аялагчдын сэтгэлд нийцсэн шилдэг авиакомпаниудыг бүртгэл,
газардалт, үйлчилгээний чанар, салоны цэвэр цэмцгэр байдал, хоол унд, нислэгийн
үеэрх сатааруулалт, суудлын тохь тух, зохистой үнэ тариф гэсэн шалгуураар
жагсаажээ. Travellers' Choice Award шагналын эзнээр Аeroflot шалгарч, араас нь Turkish Airlines, KLM Royal Dutch Airlines, Lufthansa,
Swiss International Air Lines оржээ. Хамгийн хямд нислэгтэй авиакомпаниар Их
Британийн Jet2, Monarch Airlines тодорсон байна. Эдгээр авиакомпани Европын
орнуудын хооронд маш бага өртөг буюу 5-50 еврогийн нислэг хийдгээрээ алдаршсан
юм. Харин дэлхийн шилдэг авиакомпаниар Emirates, Singapore Airlines, Azul (Бразил) шалгарсан байна. Дэлхийд эхний аравт JetBlue, Air New Zealand, Korean Air,
Japan Airlines, THAI Smile, Alaska Airlines, Garuda Indonesia багтжээ.


No comments:
Post a Comment