Monday, 10 April 2017



Ирина Шейк, Брэдли Купер нар хүүхэдтэй болжээ

Оросын загвар өмсөгч Ирина Шейк, Америкийн жүжигчин, продюсер Брэдли Купер нар хүүхэдтэй боллоо хэмээн TMZ сайт мэдээлэв. Ирина Шейк хоёр долоо хоногийн өмнө амаржсан, гэвч энэ тухай мэдээ одоо л тархаж байгаа аж. Харин хүү, охины аль нь болох, ямар нэг өгснийг нууцалж байгаа бололтой. Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Кристиано Роналдотой таван жил амьдарсан Ирина 2015 оны арванхоёрдугаар сараас эхлэн Б.Купертэй уулзах болсон юм. Тэд 2016 оны эхээр Нью-Йоркт байр худалдаж авчээ. 42 настай Брэдли Купер өмнө нь Женнифер Эспозитотой гэрлэж, Рене Зелвегертэй хамт амьдарч байсан. Анх удаа эцэг эх болоод байгаа дуулиант хос 2018 оны дундуур хуримаа хийхээр зэхэж байна.

Тагнуулын үйл ажиллагааны тухай мэдээллийг худалдаж авна

Хятадын эрх баригчид гадаадын тагнуулчдын үйл ажиллагааны талаарх мэдээллийг худалдаж авна хэмээн амлав. Тагнуулын үйл ажиллагааг илчлэх телефон шугамыг нээж, үнэтэй мэдээллийг 72 мянган доллараар шагнаж урамшуулна хэмээн Бээжин хотын төрийн аюулгүй байдлын хорооноос зарлажээ. Харин худал мэдээлэл өгсөн хүмүүсийг шийтгэх аж. Хятадын эрх баригчдын үзэж буйгаар, гадаадын тагнуулчид Бээжин хотыг сонгож мэдээлэл цуглуулах дуртай байдаг аж. Өнгөрсөн оноос эхлэн гадаадын тусгай албадын үйл ажиллагаанаас сэрэмжтэй байх сануулга гаргаж, гадаадын тагнуулуудтай хайр сэтгэлийн холбоо үүсгэхээс зайлсхийхийг зөвлөж байв. South China Morning Post сонин мэдээлж буйгаар, тагнуулын талаарх мэдээллийг хүлээж авах шугам хоёр жилийн өмнө нээгдсэн ажээ. Гадаадын тагнуул, туршуулуудын эсрэг “Төмөр хана хэрэм” босгох ёстой хэмээн Бээжингийн Засгийн газар үзэж байна.

Хятадууд АНУ-тай худалдааны дайн хийхээс зайлсхийж байна

Хятад улс худалдааны дайнаас зайлсхийхийн тулд АНУ-д зарим буулт хийхээр зэхэж байна хэмээн Financial Times сонинд бичжээ. Бээжингийн Засгийн газар АНУ-ын талд Хятадын санхүүгийн зах зээлд нэвтрэх илүү таатай гарц бий болгож, мөн Америкийн үхрийн махыг Хятадад нийлүүлэх боломж олгохоор болоод байна. “Хятад улс харилцан хөрөнгө оруулалтын гэрээн дахь хөрөнгө оруулалтын хязгаарыг нэмэгдүүлэхэд бэлэн байсан. Гэвч Дональд Трамп сонгуульд ялсны дараа энэ талаарх хэлэлцээ хойшилсон. Хэрвээ Обама дахиад зургаан сар Ерөнхийлөгчийн албан тушаалд байсан бол бид энэ талаар тохиролцоонд хүрчих байсан” хэмээн Хятадын төлөөлөгч ярьжээ. Хятадууд АНУ-тай худалдааны дайн хийх сонирхолгүй байгаа гэдгийг Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян мэдэгдэж байв.

Toshiba зурагтны үйлдвэрлэлээ худалдана

Японы Toshiba корпорац зурагтны үйлдвэрлэлийн салбараа худалдахаар зэхэж байгаа тухай Японы хэвлэлүүд уламжлав. Toshiba брэндийг худалдах гэрээний үнэ хэдэн зуун сая доллараар яригдаж байгаа аж. Зарим эх сурвалж мэдээлж буйгаар, Туркийн гэр ахуйн бараа үйлдвэрлэгч Vestel фирм Японы алдартай брэндийг худалдаж авах бололтой. Одоогоор гэрээ хэлэлцээ явагдаж байгаа бөгөөд энэ онц эцсээр Toshiba зурагтны хувь заяа шийдэгдэх ажээ. Японы Toshiba, Panasonic, Funai зэрэг гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэгчид сүүлийн үед ихээхэн алдагдалд орж буйн улмаас томоохон цомхотгол хийж, гадаад дахь салбаруудаа хааж байгаа билээ. Toshiba корпорацын тэргүүн өндөр алдагдлын улмаас огцрох болсноо саяхан зарласан юм. 

No comments:

Post a Comment