Чечень дахь ижил хүйстнүүдэд санаа зовниж байна
НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли Чечень дахь
ижил хүйстнүүдийн нөхцөл байдалд санаа зовниж буйгаа илэрхийлэв. “Чеченьд
хүмүүсийг сексийн чиг хандлагаар нь баривчилж, хулгайлж, тамлаж, алж байгаа
тухай мэдээлэлд бид санаа зовниж байна. Хэрвээ энэ үнэн бол ийнхүү хүний эрх
зөрчигдөж байгааг анхаарахгүй өнгөрөөж болохгүй. Чеченийн эрх баригчид энэ
хэргийг шалгаж, гэмт хэрэгтнүүдийг хариуцлагад татаж, цаашид хүний эрх
зөрчигдөхөөс сэргийлэх ёстой” хэмээн Хейли мэдэгдэлдээ онцолжээ. ОХУ-ын Гадаад
хэргийн яам, НҮБ дах төлөөлөгч энэ талаар ямар нэг тайлбар хийсэнгүй.
Дөрөвдүгээр сарын 1-нд “Новая газета” сонин Чеченьд
сүүлийн долоо хоногт зуу гаруй эрчүүдийг ижил хүйстэн хэмээн сэжиглэн баривчилсан
тухай мэдээлсэн юм. Тус сонинд мэдээлснээр, баривчлагдсан хүмүүсийн гурав нь
амиа алдсан аж. Грозныйн эрх баригчид энэ нийтлэлийг “Огт худал” хэмээн нэрлэж,
“Новая газета” сониныг уучлал гуйхыг шаардсан байна. Чеченийн шашны тэргүүн
Салах Межиев “Аллах тус сонины сэтгүүлчдээс өшөө авна” хэмээн ярьжээ.
Туркт онц байдлыг гурван сараар сунгав
Туркт мөрдөгдөж буй онц байдлын дэглэмийг гурван сараар
сунгалаа хэмээн дэд Ерөнхий сайд Нуман Куртулмуш мэдэгдэв. Аюулгүй байдлын
үндэсний зөвлөлөөс Сайд нарын зөвлөлд ийм арга хэмжээг санал болгожээ. “Эрх
зүйт төрийн зарчмыг хамгаалах арга хэмжээний хүрээнд ийм алхам хийлээ” хэмээн
эрх баригчид хэлж байна. 2016 оны долдугаар сард Туркт цэргийн эргэлт гарч
бүтэлгүйтсэний дараа онц байдал тогтоосон билээ. Туркийн Ерөнхийлөгчийн бүрэн
эрхийг өргөтгөх санал асуулга явагдсаны дараа онц байдлын дэглэмийг дахин
сунгах шийдвэр гарчээ. Сөрөг хүчний гол намууд бүх нийтийн санал асуулгын дүнг
эсэргүүцэж байна. Стамбул хотод санал асуулгын дүнг эсэргүүцсэн иргэдийн
жагсаал намжихгүй байгаа аж.
Нисэх онгоц дэлгүүрийн хажууд унажээ
Португалын амралт сувиллын Кашкайше хотод хөнгөн мотортой
нисэх онгоц дэлгүүрийн хажууд унасны улмаас таван хүн амь насаа алджээ. Онгоцны
нисгэгч, гурван зорчигч, мөн дэлгүүрт бараагаа буулгаж байсан ачааны автомашины
жолооч амь үрэгдсэн байна. Францын Марсель хот руу явж байсан нисэх онгоц
хөөрснийхөө дараахан унаж сүйрчээ. Ослоор амь насаа алдсан иргэд нь Франц,
Швейцарийнх байсан аж. Хөнгөн мотортой нисэх онгоцны сүйрлийн шалтгааныг
хараахан тогтоогоогүй байна.
No comments:
Post a Comment