Thursday, 13 April 2017



Жагсаалын үеэр 13 настай хөвгүүн алуулжээ

Венесуэльд сөрөг хүчний эсэргүүцлийн жагсаалын үеэр 13 настай хүүхэд алуулсан тухай эрх баригчид мэдэгдэв. Баркисимето хотод болсон сөрөг хүчний эсэргүүцлийн жагсаалын үеэр Брайан Принсипал хэмээх жаал гэдсэндээ буудуулж амь насаа алдсан аж. Парламентын гишүүн Альфонсо Маркины хэлж буйгаар, эрх баригчдыг дэмжигч зэвсэгтэй этгээдүүд жаалхүүгийн аминд хүрчээ. Венесуэльд эргэн сэргээд байгаа эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр амиа алдсан хүний тоо ийнхүү дөрөвт хүрээд байна. Үүний өмнө 19 настай хоёр оюуган бусдын гарт амиа алдсан юм.
Дөрөвдүгээр сарын 4-нд улс орон даяар эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн намжихгүй байна. Цагдаа нар үймээн самуун дэгдээсэн хэргээр 100 орчим хүнийг баривчилжээ. Ерөнхийлөгч Мадурогийн бодлого эдийн засгийн гүнзгий хямралд хүргэсэн, мөн ардчилсан эрх чөлөөг нухчин дарж байна хэмээн сөрөг хүчнийхэн үзэж байгаа юм. Харин Мадуро “Намайг эсэргүүцэгчид АНУ-ын тусламжтайгаар төрийн эргэлт хийхийг хүсч байна” хэмээн мэдэгдэв. Сөрөг хүчнийхэн парламентад олонх болсон ч шүүхийн эрх мэдэл Ерөнхийлөгчийн гарт хэвээр байна.

United Airlines зорчигчдын тасалбарын мөнгийг буцааж өгнө

Америкийн United Airlines авиакомпани нэгэн ази төрхтэй зорчигчийг чирж гулдран хүчээр буулгасан 3411-р нислэгийн бүх зорчигчдод тасалбарын мөнгийг нь буцааж өгөхөөр болсон тухай USA Today мэдээлэв. Авиакомпанийн ерөнхий захирал Оскар Муньос энэ хэрэг явдлын төлөө дахин уучлал гуйгаад тасалбартай зорчигчийг хүчээр буулгах явдал дахиж гарахгүй хэмээн амлав. Түүнийг огцрохыг шаардаж 60 мянган хүн гарын үсгээ цуглуулсан ч тэрээр огцрох бодолгүй байгаагаа хэлжээ.
Дөрөвдүгээр сарын 9-нд энэ хэрэг явдал болжээ. United Airlines суудлаасаа илүү тасалбар борлуулж онгоц дүүрсэн тул хэд хэдэн зорчигчийг сайн дураараа агаарын хөлгийг орхихыг хүссэн аж. Сайн дураараа буух хүн олдоогүй тул авиакомпанийн менежер бие даан хэд хэдэн хүнийг сонгон онгоцноос гаргахаар шийдсэний нэг нь эмч Давид Дао байсан юм. Тэрээр намайг өвчтөнүүд хүлээж байгаа хэмээн буухаас татгалзсан ч аюулгүй байдлын ажилтнууд түүнийг чирч гулдран буулгажээ. Даог хөл, гарнаас нь чирч буулгаж байгаа бичлэг нийтэд тарсны дараа United Airlines ихээхэн шүүмжлэлд өртөж, олон зуун сая долларын алдагдалд оржээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хүртэл үүнийг “Аймшигтай явдал” хэмээн нэрлэсэн байна.

Орос, Хятадын худалдааны эргэлт 30 хувиар нэмэгджээ

2017 оны нэгдүгээр улирлын дүнгээр Орос, Хятадын худалдааны эргэлт 29.3 хувиар нэмэгдлээ хэмээн Хятадын Гаалийн ерөнхий хорооноос мэдэгдэв. Энэ оны эхний гурван сард хоёр талын худалдаа арилжаа 9.9 тэрбум доллари хүрчээ. ОХУ дахь Хятадын экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22.4 хувиар өссөн бол, Оросоос Хятад руу гаргадаг бараа, бүтээгдэхүүний эргэлт 36.1 хувиар нэмэгджээ. 2016 оны дүнгээр хоёр улсын худалдааны эргэлт 2.2 хувиар нэмэгдэж 69.5 тэрбум долларт хүрчээ.

Дутерте маргаантай арал руу айлчлахаа хойшлуулжээ

Филиппины Ерөнхийлөгч Родриго Дутерте Хятадтай тогтоосон эв найрамдлынхаа төлөө Өмнөд Хятадын тэнгис дахь маргаантай арал руу хийхээр төлөвлөөд байсан аялалаа цуцаллаа хэмээн Reuters агентлаг уламжлав. Манилагийн лидер Титу арал дээр очиж, улсынхаа далбааг мандуулахаар төлөвлөж буйгаа өнгөрсөн долоо хоногт зарласан юм. Гэвч Бээжингийн эрх баригчид “Маргаантай арал дээр аль нэг улсын тэргүүн нь айлчилж далбаагаа мандуулбал асуудал үүснэ шүү” хэмээн сануулсан аж. “Хятадтай тогтоосон найрамдал нөхөрлөлийнхөө төлөө би тийшээ явж, Филиппины далбаа мандуулах санаагаа орхиж байна” хэмээн Дутерте хэлжээ. Тэрээр хэд хоногийн өмнө ОХУ-ын хөлөг онгоцууд Филиппины усанд ямар нэг саадгүй орохыг зөвшөөрсөн юм.

Роналдо Аваргуудын лигт 100 гоолтой боллоо

Испанийн “Реал Мадрид” болон Португалын шигшээ багийн довтлогч Криштиано Роналдо Аваргуудын лигийн түүхэнд 100 гоол оруулсан анхны тоглогч болж түүхэнд нэрээ бичүүллээ. Тэрээр ¼ шигшээд Германы “Байерн”-ий хаалганд хоёр гоол оруулснаар энэ босгыг давсан юм. 32 настай Роналдо 143 тоглолтын дараа ийм амжилт үзүүлээд байна. Түүний араас хамгийн ойрхон нэхэж байгаа тоглогч нь “Барселона”-гийн аргентин довтлогч Лионель  Месси (97 гоолтой) юм. Өчигдөр Мюнхен хотын “Альянз Арена” цэнгэлдэхэд болсон тоглолтод Испанийн баг Роналдогийн хоёр гоолын ачаар өрсөлдөгчөө 1:2-оор буулгаж авчээ. Хариу тоглолт дөрөвдүгээр сарын 18-нд Мадрид хотод болно.

Шайя ЛаБаф урлагийн төлөө урцанд амьдарна


Холливудын жүжигчин Шайя Лабаф урлагийн төлөө Финландын хээр нутагт урцанд нэг сар амьдрахаар болжээ. Transformer (Хувирагч), Lawless (Хуульгүй) зэрэг киноны дүрээр дэлхий дахинд танигдсан тэрээр урцанд амьдарч байхдаа зөвхөн бичгээр бусадтай харилцана хэмээн Associated Press уламжлав. Жүжигчинтэй харилцахыг хүссэн бүхэн Киасмагийн орчин үеийн урлагийн мүзейгээс түүнд захидал бичиж болох аж. Финландын аглаг зэлүүд нутагт амьдрах энэ төслийг #ALONETOGETHER буюу “Ганцаараа хамтдаа” хэмээн нэрлэж байгаа бөгөөд түүний уран бүтээлийн хамтрагч Настя Ронко, Люк Тернер нар бас оролцож байна. Тэд мөн Финландад нэг сар, гэхдээ өөр урцанд тусдаа байх ажээ. 2016 онд Лабаф мөн л урлагийн төлөө гэсэн уриатай 24 цаг лифтэнд амьдарч, АНУ-ын газар нутгаар autostop буюу машинд гар өргөн сууж аялж байв.

No comments:

Post a Comment