Идлибийг агаараас довтлохдоо зарин хэрэглэснийг тогтоожээ
Дөрөвдүгээр сарын эхээр Сирийн Идлиб мужид агаараас
цохилт өгөхдөө зарин, эсвэл түүнтэй адил мэдрэлийн системийг саатуулдаг
үйлчилгээтэй бодис ашигласан гэдэг дүгнэлтийг Химийн зэвсгийг хориглох
байгууллагын
(Organisation
for the Prohibition of Chemical Weapons, OPCW) мэргэжилтнүүд хийлээ. “Шинжилгээний няцаашгүй
үр дүн үүнийг нотолж байна” хэмээн OPCW-ийн мэдэгдэлд
онцолжээ. Дөрөвдүгээр сарын 4-нд босогчдын хяналтад байдаг Хан-Шейхун хотыг
довтлох үеэр дор хаяж 87 хүн амиа алдсан билээ. Халдлагын золиос болсон арван
хүнээс дээж авч лабораторид шинжилсэн хэмээн тус байгууллагын тэргүүн Ахмет
Узюмч мэдэгдэв. Довтолгооны үеэр нас барсан гурван хүнээс дээж авч OPCW-ийн тусгай лабораторид илгээж, эмнэлэгт эмчлүүлж буй долоон хүнээс
шинжилгээ авч өөр газар руу судалгаанд илгээсэн байна. “Дөрвөн өөр лабораторид
хийсэн шинжилгээний дүн зарин, эсвэл заринтай адилхан бодис хэрэглэснийг нотлож
байна. Илүү нарийн шинжилгээ хэд хоногийн дараа гарах ч одоо ил болсон үр дүн
нь хөдөлбөргүй юм” хэмээн Узюмч ярилаа. Хэрвээ Сирийн эрх баригчид аюулгүй
байдлыг хангах баталгаа өгвөл OPCW-ийн баг агаарын
довтолгоонд өртсөн хот руу хөдлөхөд бэлэн байгаа аж. Одоогоор мэргэжилтнүүдийн
баг уг довтолгоонд өртсөн хүмүүстэй уулзаж ярилцаж, шинжилгээ хийж байгаа аж. Хан-Шейхун
хот Сирийн Засгийн газрын агаарын хүчний довтолгоонд өртсөний дараа хүмүүсийн
амьсгаа боогдож, химийн бодист хордсон нь илт харагдаж байсан юм.
Энэхүү химийн зэвсгийн довтолгоонд Сирийн Засгийн газар
хамаагүй хэмээн Башар Асад няцаажээ. Сирийн нисэх хүчин босогчдын химийн
зэвсгийн агуулахыг бөмбөгдсөн хэмээн Дамаскийн эрх баригчид мэдэгдээд байна.
Идлиб мужийг довтолсноос дөрвөн өдрийн дараа Киприйн өмнөх Газар дундын тэнгист
байрлаж буй Америкийн байлдааны хөлөг онгоцноос Сирийн Хомс муж дахь Шейрат
аэродром руу 59 “Томагавк” пуужин харвасан юм. Идлид мужид химийн зэвсгийн довтолгоо
хийсний хариуд энэхүү пуужингийн довтолгоог хийсэн хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч
Дональд Трамп мэдэгдсэн билээ.
Серена Уильямс хөл хүнд болжээ
Дэлхийн шилдэг теннисч Серена Уильямс хөл хүнд гэдгээ Snapchat
сүлжээгээр дамжуулан зарлажээ. 35 настай теннисч “20 долоо хоногтой” хэмээн
усны хувцастай зургаа оруулсан байв. Тэрээр нэгдүгээр сард Australian Open-д
түрүүлэхдээ жирэмсэн байсан болж таарав. Ийнхүү
Серена Францын нээлттэй аварга шалгаруулах тэмцээн, Уимблдон, Америкийн
нээллтэй аварга шалгаруулах тэмцээнийг өнжихөөр болж байна. Эгч дүү Уильямсын
дүү Серена “Их дуулга” тэмцээнд 23 удаа түрүүлээд байгаа юм. Австралийн теннисч
бүсгүй Маргарет Корт 1960-1975 онд “Их дуулга”-ын 24 тэмцээнд түрүүлж байсан
удаатай. Серена Уильямс Reddit сайтыг үндэслэгч Алексис Оганянаас жирэмсэн
болсон ажээ.

No comments:
Post a Comment