Monday, 17 April 2017



Apple-ийн цаг чихрийн шижинг илрүүлнэ

Apple компани иженер-эмч нарын багтай хамтарч чихрийн шижин өвчтэй хүмүүст зориулсан цаг бүтээхээр ажиллаж байна. Шинэ ухаалаг цаг нь эзнийхээ сахарын хэмжээг түвэггүй хэмжиж харуулж байх аж. Хуруу рүү зүүгээр хатгаж, цусны дээж авалгүйгээр сахарын хэмжээг тодорхойлдог технологийг зохион бүтээхийг Стив Жобс санаачилж байжээ. Apple компани Пало-Альто дахь байрандаа био эмч нарын багийг хөлслөн ажиллуулж байна. Тэд хүний цусан дахь сахарын хэмжээг тодорхойлж, байнга хянаж байх мэдрэгч бүтээхээр ажиллаж байгаа юм. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл чихрийн шижин өвчнийг оношлох, эмчлэх салбарт том дэвшил авчирна хэмээн эрдэмтэд үзэж байна. Уг мэдрэгч нь гэрлийн цацрагийг арьсны завсраар илгээж сахарын хэмжээг тодорхойлох чадвартай байх аж. Өвчтөнөөс цусны дээж авахгүйгээр сахарын хэмжээг тогтоох багаж бүтээх оролдлого олон удаа гарч байсан ч бүгд бүтэлгүй болж байв. Apple компани сахарын хэмжээг тодорхойлогчтой ухаалаг цаг бүтээхийн тулд дор хаяж тэрбум доллар зарцуулна хэмээн DexCom-ийн мэргэжилтэн Терренс Грегг үзэж байна.

Дэлхийн лидерүүд Эрдоганд баяр хүргэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд эрх мэдлээ өргөтгөх бүх нийтийн санал асуулгад ялалт байгуулсанд нь баяр хүргэжээ. Цагаан ордны тэргүүн Туркийн лидертэй утсаар ярилцахдаа ийнхүү баяр хүргэсэн байна. Белорусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Азербайжаны төрийн тэргүүн Ильхам Алиев нар Эрдоганд баяр хүргэж амжилт хүсчээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Эрдоганд баяр хүргэсэн тухай Кремль мэдээлсэнгүй. Харин Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Бүх нийтийн санал асуулга нь Туркийн бүрэн эрхт асуудал. Туркийн ард түмний хүсэл зоригт хүндэтгэлтэй хандаж байна” хэмээн мэдэгджээ. Сирийн дэглэм иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг ашигласны дараа АНУ-ын нисэх хүчин Сирийн Засгийн газрын цэргийн баазад цохилт өгсөн юм. Үүнд дэмжлэг үзүүлсэн Туркийн талд талархаж буйгаа Д.Трамп илэрхийлжээ. Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг хариуцлагад татах ёстой гэдэг дээр санал АНУ, Туркийн лидерүүд нийллээ хэмээн Цагаан ордноос мэдээлэв. 

No comments:

Post a Comment