Wednesday, 25 December 2013






“Фемен”-ий идэвхтэн сүмийн Зул сарын мөргөлийг тасалдуулав

Германы Кельн хотын сүмд Зул сарын мөргөл явагдаж байхад “Фемен” хөдөлгөөний нэгэн идэвхтэн сүмийн тахилын хоймор дээр гарч нүцгэн цээжээ харуулан мөргөлийг тасалдуулжээ. Тэрээр мөргөл эхэлсний дараахан нэгдүгээр эгнээнээс үсрэн гарч ирж нүцгэн цээжин дээрх “I’m God” гэдэг бичгээ харуулсан байна.
Эмэгтэйчүүдийн эрхийг тунхаглагч (феминист) тус хөдөлгөөнөөс түгээсэн бичлэг дээр аюулгүйн албаны хэд хэдэн ажилтан мөргөлийг зохисгүй байдлаар тасалдуулагч эмэгтэйг авч яваа нь харагдаж байв. Ватиканы үр хөндөлтийн эсрэг байр суурийг эсэргүүцэх нь энэ үйлдлийн зорилго байсан хэмээн “Фемен” хөдөлгөөнөөс мэдэгдлээ.

Багдадад 50 гаруй хүний амь эрсдэв

Өчигдөр Иракийн Багдад хотод болсон халдлагын улмаас 34 хүн амь насаа алджээ. Дэлбэрэлт христос шашинтнууд оршин суудаг Дора дүүргийн сүмийн гадаа болсон байна. Мөргөлчид сүмээс гарч ирж байхад зогсоолд байсан автомашин дэлбэрчээ. Үүний өмнөхөн холгүй орших зах дээр хоёр ч бөмбөг дэлбэрч есөн хүний аминд хүрсэн байна. Энэ дэлбэрэлтийг сонссон хүмүүс сүмийг орхин гарч байсан аж. Нийтдээ 50 гаруй хүн халдлагын золиос болжээ. 2000 оны эхээр Иракийн христос хүн ам 500 мянгад хүрсэн юм. Гэвч тэр цагаас хойш шашин хоорондын мөргөлдөөний улмаас христосуудын тоо гуравны нэгээр буурчээ.

Оросын далайчид эсэргүүцэл зарлажээ

ОХУ-ын “Президент” хөлөг онгоцны экипаж Өмнөд Солонгосын боомт дээр эсэргүүцэл зарлаж, ажил хаяжээ. Энэ тухай Оросын далайчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэв. Далайчид, экипажийн гишүүд таван сарын турш цалингаа аваагүй тул ийнхүү ажил хаясан байна. Тэд нийтдээ 230 мянган долларын хөлсөө аваагүй байгаа аж. Хөлөг онгоц Хятадын Далянь боомтоос Инчон руу төмөрлөгийн бүтээгдэхүүн ачиж ирсэн бөгөөд экипажийн гишүүд хөлгийнхээ хөндийг нээж, ачааг буулгахаас татгалзжээ.

Шинзо Абэ Ясукуни сүмд зочлоод Хятадын дургүйг хүргэв

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Японы милитаристуудын сүнсийг амаржуулагч Ясукуни сүмд зочилсон нь Хятадын эрх баригчдын дургүйцлийг төрүүлээд байна. Хятадын тал Абэгийн үйлдэлд эгдүүцэж буйгаа Гадаад хэргийн яамаараа дамжуулан мэдэгджээ. “Японы Ерөнхий сайд Ясукуни сүмд очсоныг Хятадын ард түмэн хүлээн зөвшөөрч чадахгүй. Токио энэ алхмынхаа хор уршгийг тооцох ёстой байсан юм” хэмээн Хятадын талын мэдэгдэлд онцолжээ.
Хятад, Солонгосын ард түмний эсрэг аймшигтай харгислал үйлдэж явсан япон цэргүүдийн булш энэ сүмд байдаг аж. Засгийн газрын тэргүүн нь энэ сүмд очиж мөргөх нь Япон улс милитарист бодлогоосоо бүрэн татгалзаагүйн нэг шинж хэмээн Хятад улс үздэг. Японы Ерөнхий сайд сүүлийн долоон жилд анх удаа Ясукуни сүмд зочилсон байна.

Өмнөд Суданд 166 сая доллараар туслана

Өмнөд Суданы хүн амд ойрын гурван сард 166 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ хэмээн НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал хариуцсан хорооноос мэдээллээ. Эмнэлгийн тусламж үзүүлэх, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх, хуваарилах, дайн мөргөлдөөнтэй нутгаас дүрвэсэн хүмүүст түр оромж, хуаран барьж өгөх үэрэгт дээрх тусламжийг зарцуулна. Сүүлийн арав хоногт дүрвэгсдийн тоо 90 мянгад хүрчээ. Тэдний 58 мянга нь НҮБ-ын энхийг сахиулагчдын баазад толгой хоргодож байна хэмээн НҮБ-ын төлөөлөгч Тоби Лансер мэдэгдлээ.

Лалын шашныг шүүмжилсэн блогч цаазын ял сонслоо

Саудын Арабын блогч Раиф Бадави интернэтээр лалын шашныг доромжилсон хэрэгт буруутгагдан цаазаар авахуулах ял сонсчээ. Тэрээр “Саудын либералуудыг чөлөөлцгөөе” хэмээх үнэгүй веб сайт хийснийхээ төлөө лалын шашныг доромжилсон, либерал үзэл бодлыг сурталчилсан хэрэгт унаж долоон жил шоронд хоригдох, 600 удаа ташуурдуулах ял аваад байсан юм. Бадавийг саяхан дахин шүүхээр оруулж цаазаар явах ял оноолоо хэмээн “CNN” мэдээллээ.




Нэг өдрийн дотор Туркийн Засгийн газрын гурван сайд огцорлоо

Өчигдөр Туркийн Хот төлөвлөлтийн сайд Эрдоган Байрактар огцорсноор нэг өдрийн дотор Туркийн Засгийн газраас огцорсон гурав дахь сайд нь боллоо. Үүнээс хэдхэн цагийн өмнө Эдийн засгийн сайд Зафер Чаглаян, Дотоод хэргийн сайд Муамер Гюлер нар огцроод байсан юм. Байрактарын хүү авлигын хэрэгт холбогдон баривчлагдсаны дараа тэрээр ийнхүү огцорчээ. Тэрээр бүрэн эрхээ буцааж өгөхдөө Туркийн Ерөнхий сайд Режеп Таип Эрдоганыг бас огцрохыг уриалсан байна. Огцорсон нөгөө хоёр сайдын хүүхдүүд мөн авлигын хэргээр баривчлагдаад байгаа юм. Муамер Гюлер огцорсныхоо дараа “Миний хүүг авлигын хэрэгт хамаатуулан баривчилсан нь манай Засгийн газрын эсрэг хийж буй явуулга, жигшүүртэй ажиллагаа” хэмээн мэдэгджээ.
Ерөнхий сайд Эрдоган улс орны Ерөнхийлөгч Абдулла Гюльтэй яаралтай зөвлөгөөн хийсний дараа сайд нар огцорсон нь ил болсон юм. Уулзалтын явцад
Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар хоёр лидер тохиролцжээ. Гэвч яг ямар өөрчлөлт хийх талаар дэлгэрүүлж мэдээлсэнгүй.
Туркийн Засгийн газрын сайд нарын хүүхдүүд зургаан хоногийн өмнө баривчлагдсан юм. Тэднийг төсвийн мөнгө хулгайлсан, үрэн таран хийсэн, авлигад холбогдсон зэрэг 24 зүйл ангиар буруутгаж байна. Эдийн засгийн сайд Зафер Чаглаян, Дотоод хэргийн сайд Муамер Гюлер нарын хүүхдүүдийг үргэлжлүүлэн хорьж байгаа бөгөөд Байрактарын хүүхдийг байцаасны дараа сулллаж явуулсан аж.
Засгийн газрын тэргүүн Эрдоган авлигын эсрэг мөрдөлт, шалгалтад ихэд эмзэглэж, Туркийн эсрэг дайсагнадаг гадаадын хүчнүүд хуйвалдаан зохион байгуулсан хэмээн хардаж буйгаа нуусангүй. Улмаар Эрдоган сайд нарын хүүг баривчлахад оролцсон Стамбулын цагдаагийн газрын ажилтнуудыг халах тушаалыг өгчээ. Гэвч авлигын эсрэг мөрдлөг, шалгалтыг дэмжиж байгаа сөрөг хүчнийхэн Эрдоганы үйлдэл, мэдэгдлийг няцааж, Туркийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна.
Туркт дэгдээд буй авлигын шуугиан Ерөнхий сайд Эрдоган болон лалын шашны нэрт зүтгэлтэн Фетулла Гюлен нарын харилцааг бүр хурцатгаж магадгүй байна. Өмнө нь Режеп Таип Эрдоганы холбоотон байж байгаад муудалцаад салсан Гюлен нь АНУ руу цагаачлан гарсан юм. Фетулла Гюлен Турк дахь холбоо, нэр нөлөө, Туркийн цагдаа, прокурортой холбоо сүлбээгээ ашиглаж Эрдоганы нэр хүндийг унагах ажиллагаа зохион байгуулсан хэмээн үзэх хүмүүс байгаа аж. Гэвч мань Гюлен өөрөө энэ хувилбарыг эрс няцааж байна. Ямартай ч Туркийн Засгийн газрын гурван сайд авлигын хэргээр нэг өдөр огцорсон нь Ерөнхий сайд Эрдоганы байр суурийг ихээхэн ганхуулж, огцроход ч хүргэж болзошгүй болсныг олон улсын тоймч, ажиглагчид мэдэгдлээ.

Tuesday, 24 December 2013




Санта Клаус бэлэг тарааж байхдаа хийн буугаар буудуулжээ

АНУ-ын Вашингтон хотын зүүн өмнөд дүүрэгт Санта Клаусын хувцас өмсөн бэлэг тарааж байсан хүнийг хийн гар буугаар бууджээ. Хотын цагдаагийн газраас мэдэгдэж буйгаар, Санта Клаусыг буудсан хүн нь гудамжны цаадах барилга дотор байжээ. Шархадсан Санта Клаус бэлгээ тараахыг хүссэн ч эмч нар хориглож, эмнэлэгт хүргэсэн байна. Санта Клаусын биеийн байдал сайн байгаа хэмээн мэдээллээ. Хожим энэ хүн нь Хавьер Хокинс хэмээх нэртэй хүн байсан нь ил болсон бөгөөд тэрээр “Одоо болтол амьд яваадаа бурханд талархаж байна. Энэ довтолгоонд хүүхдүүд гэмтээгүй нь яамай” хэмээн ярьжээ.

Хойд Солонгост бэлэн байдал зарлажээ

Хойд Солонгосын лидер Ким Чен Ун цэрэг армиа байлдааны дээд бэлэн байдалд оруулах тушаал өглөө хэмээн Өмнөд Солонгосын “Ионхап” агентлаг мэдээлэв. Залуу удирдагч уржигдар Нампхо хот дахь Солонгосын ардын армийн 526-р нэгтгэл дээр очихдоо ийнхүү зарлигдсан аж. Тэрээр “Дайн урьдчилсан сануулгагүйгээр гэнэт ирдэг. Тиймээс манай цэрэг арми байлдааны дээд зэргийн бэлэн байдалд шилжих ёстой” хэмээн ярьжээ.
Ким Чен Ун эцэг Ким Чен Ирийн Солонгосын ардын армийн дээд командлагч болсны ойн өдөр ийнхүү цэргийн ангид зочилсон байна. Түүнийг дагалдан явж буй хүмүүсийн дотор Хойд Солонгосын армийн улс төрийн товчооны тэргүүн Чхе Рен Хэ байв. Пхеньяны лидерийн хүргэн ах цаазлуулсны дараа тус улс дахь хоёрдугаар хүн нь Чхе Рен Хэ болсон хэмээн “Ионхап” агентлаг мэдээллээ.

Израиль Газын зурваст цохилт өгчээ

Израилийн тусгай албаны иргэний ажилтан хил дээр амиа алдсаны дараа Израилийн нисэх хүчин Газын зурваст цохилт өгчээ. Хэд хэдэн байгууламжид цохилт өгсний дотор Хан-Юнис хот дахь “Хамас”-ын бэлтгэлийн бааз байгаа аж. Агаарын довтолгоонд хоёр хүн амиа алдсан хэмээн мэдээлж байна. Алуулсан иргэнийхээ хариуг чанга авна хэмээн Израилийн эрх баригчид амлаж байсан юм. Үүний дараа Палестины “Хамас” хөдөлгөөн цэргийн баазаасаа дайчдаа эргүүлэн татаж хоосолсноо зарлаж байв.
Хоёр хоногийн өмнө Израилийн тусгай албаны иргэний ажилтан Газын зурвасаас харвасан пуужинд өртөн амиа алдсан юм. Тэрээр хилийн хэрмэн хамгаалалтын засвар дээражиллаж байжээ.

76 гацуураар гэрээ чимжээ

АНУ-ын Кентаки мужийн оршин суугч Селиа Томас бэлгэнд ирсэн гацуур модны цуглуулгаар гэрээ чимжээ. Энэ онд түүний гацуур 76 “тоо толгойд” хүрээд байгаа юм. Элизабеттаун хотын сувилагч бүсгүй Селиа Халлоуин буюу аравдугаар сарын 31-нээс эхлэн гэрээ Зул сарын гацуур модоор чимж эхэлдэг байна. Тэрээр жил бүр олон хүнээс бэлгэнд авдаг хиймэл гацуураа цуглуулж хадгалан Зул сараар бүгдийг нь гаргаж засдаг уламжлалтай болжээ. Томасынхан гэрийнхээ бүх өрөөг, угаалгын өрөө, гараашаа хүртэл гацуур модоор чимдэг байна. “Олон гацуур модны гэрэл, чимэглэл их гоё байдаг. Энэ бүхэн аз жаргал, Зул сарын уур амьсгалыг бүрдүүлдэг” хэмээн Селиа Томас ярилаа.

Онлайнаар хүүхэд үрчилж болно

Их Британид интернэтийн тусгай сайтаар дамжуулан хүүхэд үрчлэн авах боломж бүрдэж байна хэмээн ТСН мэдээлэв. Тус улсын хүүхэд үрчлэх асуудал хариуцсан хороо эцэг, эхээ “хайж” байгаа зургаан мянган хүүхдийн гэрэл зураг, мэдээллийг багтаасан веб сайт ажиллуулахаар зэхэж байна. Хүүхэд үрчлэхийг хүссэн эцэг эхчүүд Британийн бүх өнцөг булан дахь асрах газрын хүүхдүүдийн мэдээлэлтэй танилцах боломжтой болох юм. Ямар бичиг баримт шаардагдах, хүүхэд өргөж авах үйл явц аль хэр удаан үргэлжлэх зэргийг эндээс мэдэх боломжтой. Эцэг эхчүүд асрах газарт хандахаасаа өмнө хүүхдүүдтэй танилцах, гэртээ хэзээ, хэрхэн авчрах зэргийг тооцох сайн талтай хэмээн Гэр бүл, хүүхдийн хорооны ажилтан Хью Торбери ярилаа.

Таксинд мартсан 300 мянган долларыг нь буцааж өгчээ

Нэгэн иргэн Лас-Вегасын казинод очиж тоглоод 300 мянган доллар хожжээ. Гэвч тэрээр хувийн таксинд энэ мөнгөө мартаад буусан ч аз түүнд дахин инээмэглэсэн байна. Хувийн таксичин Херардо Гамбоа арын суудал дээр нэгэн баглаатай зүйл буюу ихээхэн хэмжээний мөнгө орхисон байхыг хараад диспетчертээ мэдэгджээ. Цагдаагийн газар уг мөнгөний эзнийг тогтоож бүрэн бүтнээр нь эгүүлж өгсөн байна.
Гамбоа энэхүү шударга үйлдлийнхээ төлөө гэрээтэй ажилладаг “Yellow Checker Star” компанийхаа “Оны таксичин”-аар тодорч, мянган доллар, мөн дээд зэрэглэлийн ресторанд хосоороо оройн гүнцэг барих эрхийн эзэн болжээ. Харин мартамхай зорчигч шударга таксичин эрд талархал ч илэрхийлсэнгүй, мөнгөн шагнал ч өгөлгүй алга болсон байна.



Чан Сон Тэк болон туслахуудыг нь цаазалсан шалтгааныг нэрлэв

Хойд Солонгосын лидер Ким Чен Ун яагаад хүргэн ах Чан Сон Тэкийн хоёр туслахийг буудах тушаал өгснийг Японы хэвлэлүүд олж мэджээ. “Тэрээр туслахуудыг цаазлах тушаал өгөхдөө согтуу, ихэд ууртай байсан” хэмээн “Yomiuri Shimbun” сонин Пхеньян дахь эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Чан Сон Тэкийн хоёр туслах нүүрс олборлож, Хятад руу гаргадаг тун ашигтай бизнесийг цэргийнхний хяналтад шилжүүлэхийг үл хүссэн тул ийнхүү буудуулж цаазлуулсан аж. Тэдгээр нь Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын Тамгын газрын орлогч дарга Ри Рен Ха, Тамгын газрын хэлтсийн орлогч дарга Чан Су Гил нар бөгөөд ийнхүү залуу удирдагчийн хатуу цээрлэлийг хүлээсэн байна.
Тэд нүүрсний бизнесийг шилжүүлж өгөх шаардлагад ихэд хойрго хандсаны дараа уурсан хилэгнэсэн Ким Чен Ун шууд буудах тушаалыг өгсөн ажээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр, хоёр туслахын хамтаар нүүрсний бизнест хамаатай өөр зургаан хүнийг цаазалсан байна. Гэвч тэдний нэр, албан тушаалыг зарлахгүй байгаа юм. Түшмэлүүдийг цаазалсны дараа тэдний зуу орчим ах дүү, төрөл төрөгсдийг засан хүмүүжүүлэх шорон руу илгээсэн аж.
Үүний зэрэгцээ, Өмнөд Солонгосын тагнуулын алба Ким Чен Уны хүргэн ахыг цаазалсан албан бус шалтгааныг нэрлэжээ. Сөүлийн тусгай албадын олж авсан мэдээллээр, Чан Сон Тэк бүх албан тушаалд хутгалдаж, санхүү-мөнгөний урсгал, хуваарилалтын талаар залуу удирдагчтай санал зөрөлдсөн тул цаазлуулсан бололтой. Пхеньяны албан ёсны хувилбараар, Чан Сон Тэк нь төрд тэрсэлж, төрийн эргэлт хийхийг санаархсан, авлига, казино, биеэ үнэлэгч хүүхнүүдэд толгойгоо мэдүүлсэн “жигшүүрт, муу хүн” тул цаазалсан гэж байгаа билээ.

“Yomiuri Shimbun” сонинд мэдээлснээр, Хойд Солонгосын лидер Ким Чен Ун улсын 20 тэрбум долларыг үрэн таран хийснийг хүргэн ах нь мэдсэнээр зөрчилдөөн үүсчээ. Ким Чен Ун Европын, тэр тусмаа Швейцарийн банкуудад 40 тэрбум долларын хадгаламжтай, өндөр тушаалын түшмэдийг өөртөө үнэнч байлгахын тулд энэ мөнгөөрөө үнэтэй, тансаг зэрэглэлийн бугуйн цаг, автомашин мэтийн бэлэг авч бэлэглэдэг хэмээн мэдээлж байна. Чан Сон Тэк болон түүний туслахууд эдгээр дансанд нэвтрэх эрхтэй байжээ. Хүргэн ах Чан Сон Тэк энэ дансны бараг тал мөнгийг нь хувийн зорилгодоо үрэн таран хийсэн нь Ким Чен Уны уурыг хүргэж, цээрлэлийг нь хүлээжээ.

Monday, 23 December 2013




“Лалын ахан дүүс”-ийг террорист байгууллагаар зарлав

Египетийн Ерөнхий сайд Хазем аль-Белави “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг террорист байгууллагаар зарлажээ. Дакахли мужийн нйислэл Мансур хотод алан хядах ажиллагаа болсноос хэдэн цагийн дараа тэрээр ийнхүү мэдэгдэв. Цагдаагийн газрын ойролцоо тэсрэх бөмбөгтэй автомашин дэлбэрч 14 хүний аминд хүрч, зуу орчим хүн шархдаж гэмтсэн юм. Амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь цагдаагийн ажилтан байжээ.
2013 оны есдүгээр сард “Лалын ахан дүүс” хөдөлгөөний үйл ажиллагааг шүүхээс хориглосон билээ. Тус хөдөлгөөн Ерөнхийлөгч Мохамед Мурсийг албан тушаалаас нь хүчээр зайлуулсныг эсэргүүцэн олон нийтийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсны дараа шүүхээс ийнхүү хоригложээ. М.Мурсийг энэхүү лалын хөдөлгөөн идэвхтэй дэмждэг байсан юм. Мурсийг зайлуулсны дараа Египет дахь эрх мэдэл цэргийнхний гарт шилжжээ. Тэр цагаас хойг “Лалын ахан дүүс” хөдөлгөөний олон удирдагчийг баривчилж, эрч хүчийг нь саармагжуулах бодлого явагдаж байна.

Бан Ги Мун Өмнөд Суданд нэмэлт цэрэг илгээхийг хүсчээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Өмнөд Суданд нэмэлт таван мянга 500 цэрэг, мөн гурван байлдааны нисэх онгоц, гурван тээвэрлэгч онгоц илгээх саналыг Аюулгүйн зөвлөлд тавьжээ. Нэмэлт хүч илгээх нь зөвхөн цаг хугацааны асуудал хэмээн тэрээр онцлов. Тухайлбал, НҮБ-ын тэргүүн Өмнөд Судан дахь хуурай замын таван батальон, цэргийн тээврийн онгоц болон бусад хүчийг зузаатгахын тулд дээрх хүсэлтийг гаргажээ. Өмнөд Судан дахь үндэстэн хоорондын мөргөлдөөний улмаас олон мянган хүн амиа алдаж, хэдэн зуун мянган хүн орон гэрээ орхин дүрвээд байна.

Үерийн улмаас 40 мянган хүн орон гэрээ орхижээ

Бразилд хүчтэй бороо орж үер буусны улмаас 40 мянган хүн орон гэрээ орхин явахад хүрээд байна. Минас Жерайс хотод 14 хүн нас барж, 700 хүн орон гэргүй болсон хэмээн Бразилийн Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ. Эспириту Санту хотод зургаан хүн амь насаа алджээ. Тус хотод 40 мянган хүн орон гэрээ орхихоос аргагүй байдалд хүрч, сургуулийн зааланд толгой хоргодож байна. Байгалийн гамшигт өртсөн бүсэд цэргүүд ажиллаж, Засгийн газраас яаралтай тусламж үзүүлж байна.

Украин эмэгтэй хамгийн өндөр настанд өрсөлдөж байна

Украины Прикарпатье мужийн 116 настай оршин суугч Екатерина Козак манай гаригийн хамгийн өндөр настанд өрсөлдөхөөр Гиннесийн номд нэрээ мэдүүлжээ. Өндөр насласны нууц юу гэсэн асуултад украин эмээ “Ойр дотны хүмүүсээ хайрлаж, халамжилж, өдөр бүр залбирч, сайн сайхныг хүсч, хүссэнээ хязгааргүй идэж байсны минь ач. Би бүгдийг хайрладаг, хүн бүрийг. Надтай үргэлж сайн, сайхан хүмүүс таарч байсан” гэж хариулжээ.
Екатерина өвдлөө, хатгалаа гэж ярьдаггүй, цэцэрлэг, жижигхэн ногооны талбай дээрээ ажилласаар байгаа аж. Тэрээр дэлхийн хамгийн өндөр настнаар тодрохын тулд 1897 онд төрсөн гэсэн хэд хэдэн албаны бичиг баримт хэрэгтэй байна. Эдүгээ дэлхийн хамгийн хөгшин хүн нь Японы 115 настай иргэн Кимура юм. Катя эмээ түүнээс хоёр сараар эгч ажээ.  

Хакер дөрвөн жилийн ял сонслоо

Компьютерийн хөнөөлтэй програм зохион бүтээж борлуулан дэлхий даяар 12 сая компьютерт халдаасан Словений хакер Матьяж Шкорянц Марибор хотын шүүхээс дөрвөн жил арван сарын ял сонслоо. Тэрээр компьютер хэрэглэгчдийн зээлийн картны нууц үг, хувийн мэдээллийг хулгайлах зорилгоор Mariposa (испаниар “эрвээхэй” гэсэн үг) хэмээх вирус зохиосон юм. Холбооны мөрдөх товчоо Словенийн цагдаатай хамтран хоёр жил мөрдөлт явуулсны эцэст 2010 онд Iserdo хэмээх нууц нэртэй словен хакерийг баривчилсан байна. Гэвч тэрээр барьцаагаар сул  чөлөөтэй байхдаа дахин вирусны програм зохиож худалдсан тул 2011 онд дахин саатуулагджээ. Мөрдөн байцаалтын явцад Шкорянц зохион бүтээсэн вирусээ Испанийн хэрэглэгчдэд 250-1000 еврогоор худалдаж нийтдээ 500 мянган евро олоод байжээ. Mariposa вирусны компани, хувь хүн, банк, төрийн байгууллагад учруулсан хохирол хэдэн арван сая еврод хүрчээ.

McDonald`s Вьетнамд ирлээ


Зоогийн газрын дэлхийн хамгийн том сүлжээ McDonald`s Вьетнамд анхны салбараа нээхээр боллоо хэмээн Thanh Nien Daily сонин мэдээлэв. Хачиртай талхны алдарт сүлжээний анхны салбар Хошимин хотын төвд нээгдэнэ хэмээн McDonald`s-ийн төлөөлөгч уламжиллаа. Вьетнамын Good Day Hospitality компани McDonald`s-ийг эх орондоо дэлгэрүүлэх ажлыг хариуцах юм. Вьетнам дахь McDonald`s сүлжээ бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдлыг хангахын тулд бүтээгдэхүүнийхээ 80-90 хувийг гадаадаас импортлох ажээ. 


Михаил Калашников таалал төгсчээ

Дэлхийн хамгийн алдартай, шилдэг бууг зохион бүтээсэн Михаил Калашников ОХУ-ын Ижевск хотноо 95 насандаа таалал төгслөө.Дэлхийн II дайны дараахан зохион бүтээсэн “АК-47” автомат буу нь өнөөг хүртэл дэлхийн хамгийн амжилттай зэвсэгт тооцогдсоор байна. М.Калашников ходоодны цус алдалт оноштойгоор сар гаруй хугацаанд сэхээн амьдруулах тасагт байжээ. “Буудлагын зэвсгийн суут зохион бүтээгч Михаил Тимофеевич Калашников удаан хугацаагаар өвчилсний эцэст 95 насандаа таалал төгслөө” хэмээн Удмуртийн бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
Калашников автомат буугаа 1947 онд зохион бүтээжээ. Багцаа тоогоор, дэлхийд 100 сая орчим АК, эсвэл түүний хуулбар хэрэглэгдэж байдаг. Үүний хажуугаар олон улс орон Калашниковын автомат бууг зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэж зэвсэглэлдээ хэрэглэдэг аж.
Өнөөдөр “АК-47” 100 гаруй орны зэвсэглэлд байр сууриа эзэлж, XX зууны гарамгай бүтээлийн жагсаалтад ороод байна. Суут зэвсэг зохион бүтээгчийг оршуулах ажиллагааг Удмуртийн бүгд найрамдах улсын эрх баригчид зохион байгуулах юм.
Михаил Калашников энэ оны зургадугаар сард Москвагийн цэргийн төв эмнэлэгт ирж эмчлүүлж байжээ. Эмч нар алдарт зохион бүтээгчийг иж бүрэн үзлэгээр оруулж, зүрхний цохилтыг дэмжих цахим төхөөрөмж суулгасан юм. Тэрээр ОХУ-ын нийслэлд гурван сар эмчлүүлээд төрөлх Ижевск хотдоо ирээд байв. Калашников өнгөрсөн арваннэгдүгээр сард Удмуртийн клиникийн төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэгджээ. Арванхоёрдугаар сарын эхээр бүгд найрамдах улсын Эрүүл мэндийн яамнаас “Зохион бүтээгчийн эрүүл мэнд тогтвортой байна. Эмчилгээ-оношлогоон, нөхөн сэргээх эмчилгээ хийж байна” хэмээн мэдэгдэж байв.

М.Калашниковт ойрхон нэг хагалгаа хийсэн тухай Удмуртийн Ерөнхийлөгч Александр Волков мэдээлж байлаа. Гэвч чухам ямар хагалгаа хийлгэснийг зарлаагүй юм. Михаил Калашников ЗХУ-ын хоёр удаагийн баатар юм. Тэрээр дэлхийн II дайнд оролцож яваад шархдаж эмнэлэгт эмчлүүлж байхдаа ирээдүйн алдарт автомат буугаа бүтээх санаагаа олсон гэдэг. Михаил Тимофеевичийг өнөөдөр төрөлх Ижевск хотод нутаглуулна.   

Sunday, 22 December 2013




iPhone-ийг дэлхийн томоохон операторт нийлүүлнэ

Apple компани iPhone ухаалаг утсаа дэлхийн томоохон оператор China Mobile компанид нийлүүлэх гэрээ хийлээ. China Mobile компани 2014 оны нэгдүгээр сарын 17-ноос эхлэн салбаруудаараа iPhone 5s болон 5c гар утсыг худалдаж эхлэх бөгөөд захиалгаа энэ сарын 25-наас авч эхэлнэ.
China Mobile нь 750 сая хэрэглэгчтэй маш том оператор юм. Apple компанийн шинэ гэрээ Хятадын зах зээл дээрх iPhone ухаалаг утасны борлуулалтыг эрс нэмэгдүүлнэ хэмээн тоймчид үзэж байна. Сүүлийн үед Хятадад Samsung-ийн болон дотоодын хямдхан ухаалаг гар утаснууд гарч ирж iPhone-той ширүүн өрсөлдөж байгаа ажээ.

Чанаргүй вакцинаас хүүхдүүд нас баржээ

Хятадад халдварт шар өвчний вакцин хийлгэсэн хэд хэдэн хүүхэд амиа алдлаа хэмээн “Синхуа” агентлаг мэдээлэв. Bio Khantai хэмээх компанийн вакцинд дөрвөн хүүхэд амиа алджээ. Гуандун мужийн Шэнжэнь хотод байдаг тус компани чанаргүй вакцин үйлдвэрлэсэн гэсэн дүгнэлт гараад байна. Эрх баригчид тус компанид үйлдвэрлэсэн вакцинийг хориглож, шалгалж явуулж байна.

Японы робот гамшгийн бүсэд хамгийн сайн ажиллана

Гамшгийн бүсэд ажиллах чадвартай роботуудын тэмцээн АНУ-д болоход Японд зохион бүтээсэн робот тасархай түрүүлжээ. Флорида мужид DARPA Robotics Challenge тэмцээн хоёр өдөр үргэлжилж, 16 баг оролцлсон байна. АНУ цөмийн цахилгаан станцын осол, байгалийн гамшгийн үед хүмүүсийг аврах роботыг сайжруулахын ьулд энэ тэмцээнийг зохион байгуулжээ. Японд үйлдвэрлэсэн хоёр хөлтэй робот нурангин овоог алхам алхмаар түвэггүй давж тэмцээнд түрүүлсэн бөгөөд Google компани энэ роботыг түгээн дэлгэрүүлэх эрхийг худалдаж авчээ.

Мөсөн бороо 400 мянган хүнийг гэрэлгүй болгов

Канадад мөсөн бороо, шуурганы улмаас 400 мянга орчим хүн гэрэл цахилгаангүй болжээ. Онтарио мужид 350 мянган оршин суугч, үүний дотор Торонто хотын 250 мянган хүн гэрэл цахилгаангүй хоцорчээ. Цахилгаан нийлүүлэлтийг сэргээхэд 72 цаг шаардагдана хэмээн Toronto Hydro компаниас мэдээлэв. Мөсөн бороо, хүчтэй салхины улмаас цахилгаан дамжуулах шонгууд унаж, байгалийн гамшгийн улмаас Канад даяар хэдэн зуун автын осол гараад байна. Иргэдийг автомашинтай явахгүй байхыг зөвлөжээ. Оттава, Торонто, Монреаль болон бусад хотод зуу орчим нислэг саатсан байна.


Энрике Каприлес: Би төрийн эргэлтээс өөр гарцыг хүсч байна

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадахгүй хэмээн сөрөг хүчний лидер Энрике Каприлес үзэж байна. Гэвч эх орноо хямралд живүүлэхгүй байх нь түүний гол зорилго болоод байна. Н.Мадуротой Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж тун бага зөрүүгээр ялагдаж байсан Венесуэлийн сөрөг хүчний лидер “АВС” сонинд ярьж байна.

-Венесуэльд мөнгөний ханшийг унагаж, шатахууны үнийг нэмсэнээр эдийн засгийн хямрал иргэдийг боомилж эхлэв үү?

-Улс орны халуун 40 градуст хүрчихээд байна. Хоёр сонголт байна. Засгийн газар хэрэглэдэггүй эм хэрэглэнэ, эсвэл өвчтөн эрчимт эмчилгээнд орно. Би сөрөг хүчний лидер бус, венесуэль иргэнийхээ хувьд үүнийг хэлж байна. Ирэх онд юу  болох бол гэхээс үнэхээр санаа зовж байна. Би эдийн засагч биш, гэвч үүнийг хэлэхэд эдийн засагч байх хэрэг алга. Улс орон ангал руу уруудаж байна.

-Нөхцөл байдал ямар хэмжээнд хүрчихээд байна вэ?

-Манай эдийн засгийн бараг 80 хувь нь импортоос хамаарч байна. Зарим сектор бараг 100 хувь гаднаас хамаарч байна. Санхүүгийн чадвар хамгийн бага  түвшиндээ очлоо. Хятадууд өмнөх шигээ мөнгө зээлүүлэхээ больчихсон. Санхүүжилтын өртөг маш өндөр болсон. Хөрөнгө оруулагчдыг татах ямар ч дохиог Засгийн газар өгөхгүй байна. Валютын ханш өөрчлөгдлөө. Улс орон тэр чигээрээ хар зах дээрх наймаа, арилжаа мэт болчихлоо.

-Эрх баригчид хямралын өмнө ямар арга хэмжээ авч байна вэ?

-Үр дүнгүй, хэрэггүй цаасан мөнгө л хэвлэж байна.

-Ерөнхийлөгч Николас Мадуро огцрох эрсдэл байна уу?

-Төрийн эргэлт гэдэг гарцыг би хүсэхгүй байна. Ингэвэл улс оронд маш их хөнөөлтэй. Засгийн газар энэ бодлогоороо ард түмнээ эрчимт эмчилгээнд оруулж буйгаа ойлгоосой. Ийм их хяналт, хязгаарлалт, тахианы мах, ариун цэврийн цаас зэрэг ажиллагаа явуулснаар эдийн засгаа тогтоон барина, өргөнө гэж байхгүй. Ард түмэн ямар ч юм худалдаж авахын тулд урт дараалалд зогсоод дасч байх шиг байна. Мадуро бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадахгүй гэж бодож байна.

-Мадурогийн социализм байгуулах хөтөлбөр хэрэгжих боломжтой юу?

-Үгүй гэж бодож байна. Энэ загварыг өөрчлөх, задлах үе ирнэ. Тэр өдөр төрийн эргэлт битгий болоосой л гэж хүсч байна.

-Хямрал улам гүнзгийрэх вий гэж айж байна уу?

-Улс орон хямралд битгий живээсэй гэж хүсч байна. Энэ бол миний биш, түүний тоглоом. Намайг нугалахын тулд Миранда мужид янз бүрийн явуулга, ажиллагаа хийж л байсан. Улс орон аль болох хурдан хямралаас гараасай л гэж хүсч байна даа.

-Куба улс нээлттэй эдийн засгийн бодлого явуулж байхад Венесуэль эдийн засгаа хааж, хязгаарлалт тавьж байгаа нь юу гэсэн үг вэ?

-Яг тийм. Венесуэль шиг бүтэлгүйтсэн улс орон гэж дэлхийд алга.

-Николас Мадурогийн үнэ буулгах арга хэмжээ үр дүнгээ өгсөнгүй юу?

-Инфляцийг тушаал, зарлигаар бууруулдаггүй. Арваннэгдүгээр сарын байдлаар инфляц 57 хувьд хүрсэн, он дуусахад 60 хувь хүрнэ.

-Эрх баригчид түлш, шатахууны үнийг 2900 хувиар нэмэхээр ярьж байгаа. Ингэж нэмбэл Кубад үзүүлдэг нефтийн тусламжаа зогсоох уу?

-Венесуэлийн Засгийн газар Кубад жил бүр дөрвөн тэрбум доллар бэлэглэдэг. Венесуэльд ирж ажилласан куба эмч нарын цалинг өгч байна гэдэг нь худлаа. Өдөрт 100 мянган баррель нефть илгээдэг ч Куба талыг нь ч хэрэглэдэггүй. Нөгөө талыг нь яадаг вэ? Эргүүлээд худалддаг. Тэр мөнгийг нь хэн авдаг вэ? Кубын Засгийн газар.

-Карибын тэнгисийн орнуудад өгдөг тусламжийг зогсоох ёстой юу?

-Нэгбүрчлэн шалгах хэрэгтэй. Тусалж болно, гэхдээ бэлэглэж болохгүй. Бидний нефтийг зүгээр бэлэглэдгийг л зогсоомоор байна. Энэ Засгийн газарт нууц орлого цуглуулж байдаг хар данс байдаг.

-Орос улс саяхан Кубын 35 тэрбум долларын өрийг өршөөсөн. Та Венесуэлийн Ерөнхийлөгч байсан бол Кубын өрийг өршөөх үү?

-Зээлсэн бол буцааж авах л ёстой гэж би үргэлж хэлдэг. Бид бусад улсын дэглэмийг санхүүжүүлдэг байж болохгүй. Венесуэль Кубад нефть бэлэглэхээ зогсоосон өдөр кубуудын амьдрал өөрчлөгдөх болно.