Галт тэрэг хурд хэтрүүлсэн байжээ
Гурав хоногийн өмнө Нью-Йорк хотод замаасаа гарч осолдсон
зорчигч тээврийн галт тэрэг зөвшөөрөгдөх хурдыг гурав дахин хэтрүүлсэн байжээ.
Галт тэрэг 48 км/цаг хурдтай явах хэсэг дээр 128 км/цаг хурдтай явж байсныг хар
хайрцагны бичлэгээр тогтоогоод байна. Тоормозны системд ямар нэг доголдол
илрээгүй аж. АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын зөвлөл ослын шалтгааныг нарийвчлан
тогтоохын тулд галт тэрэгний машинистаас байцаалт авахаар болжээ. Нью-Йоркийн
Бронкс дүүрэгт галт тэрэг замаас гарч осолдон дөрвөн хүн амь алдаж, 67 хүн
бэртсэн юм.
Тэнэмэл эр орон зайгаа хоёр мянган доллараар үнэлэв
АНУ-ын Сиэтл хотын орон гэргүй 62 настай эр өөрийн, ер
бусын бизнесийг эхлүүлэхээр шийджээ. Тэрээр орон гэргүй, тэнэмэл амьдралыг
мэдэрч, амтлахыг хүссэн хүнд өөрийн орон зайгаа гурав хоногийн хоёр мянган
доллараар түрээслүүлэх санаа сэджээ. Майк хэмээх сайхь эр ийм хүсэлтэй хүн
олдвол орлогоороо хоол унд авч, хааяа хотын тэнэмэлүүдийг хонуулдаг байранд
тухлах санаатай байна.
Майк хоног төөрүүлдэг газраа түрээслүүлэхээс гадна “ер
бусын амьдрал”-аар амьдрахыг хүссэн хүмүүсийг гуйлга гуйдаг зартай цэгүүдээр
газарчилж, Сиэтлийн тэнэмэлүүдийн дундах нэр алдартай хүмүүстэй танилцуулах
ажээ. Тэрээр шинэ бизнесээ амжилттай эрхлэхийн тулд оролцогчдоо сонгон
шалгаруулах төсөл дээр идэвхтэй ажиллаж байна. “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр
шинэ санааг минь сурталчлаад өгвөл мөнгөтэй болох гээд байна” хэмээн Майк
ярьжээ.
“Боко Харам”-ын дайчид цэргийн баазыг довтолжээ
Нигерийн зүүн хойд хэсгийн Майдугур хот лалын алан хядагч
“Боко Харам” бүлгийн дайчдын довтолгоонд өртлөө. Босогчид хотын захын цэргийн
бааз болон шалган нэвтрүүлэх цэгийг устгах гэж оролджээ. Мөн Майдугур хотын
олон улсын нисэх буудал руу дайрч, гурван хуучин нисэх онгоц, хоёр нисдэг
тэргийг устгаж амжсан байна.
Алан хядагчдын довтолгооны улмаас тус хотод онц байдал
зарлав. Өнгөрсөн долоо хоногт энэ бүс нутагт Засгийн газрын хүчин “Боко Харам”
бүлгийн 50 орчим босогчийг устгасан юм.
Бейсболчийн сахал 11 мянган долларын үнэ хүрэв
АНУ-ын бейсболын лигийн аварга “Boston Red Sox” багийн тамирчин Давид Ортисийн сахал интернэтийн дуудлага худалдаагаар
зарагдлаа. Нэр нь үл мэдэгдэх нэгэн худалдан авагч тамирчны сахалд 11 мянган
долларын үнэ өгчээ. Мань эр бейсболчийн сахлыг татуурга болон доминикан гаралтай
Ортисийн гарын үсгийн хамтаар хүлээн авах юм.
2013 оны долдугаар сард “Rolling Stones” хамтлагийн дуучин Мик
Жаггерийн сахал дуудлага худалдаагаар зургаан мянган долларын үнэ хүрч байжээ.


No comments:
Post a Comment