Өмнөд Суданы мөргөлдөөнд 500 хүн амь насаа алджээ
Арванхоёрдугаар сарын 16-ны шөнө Өмнөд Суданд дэгдсэн үндэстэн
хоорондын мөргөлдөөнд амиа алдсан хүний тоо 500-д хүрлээ хэмээн НҮБ-аас
мэдээлэв. НҮБ-аас Өмнөд Суданы нийслэл хотод байгуулсан дүрвэгсдийн хуаранд
дайн, мөргөлдөөний улмаас гэр орноо орхин явсан 20 мянга орчим хүн амьдарч
байгаа юм.
НҮБ-ын тэргүүн Бан Ги Мун Өмнөд Суданы нөхцөл байдалд
гүнээ санаа зовниж буйгаа илэрхийлээд мөргөлдөөнд оролцогч талуудыг даруй гал
зогсоохыг уриалав. Аюулгүйн зөвлөл Өмнөд Суданы эрх баригчдад хандан сөргөлдөгч
талуудтай яриа хэлэлцээг эхлүүлэхийг шаарджээ. АНУ-ын Төрийн департамент мөн
санаа зовниж буйгаа илэрхийлээд Өмнөд Судан дахь дипломат төлөөлөгчийн газрын
үйл ажиллагаагаа зогсоосон байна.
Хятадад шувууны томуугаар хүн нас баржээ
Хятадад шувууны томуу буюу H10N8 вирус хүнд халдварласан
анхны тохиолдол гарчээ. Зүүн хэсгийн Цянси мужид энэ тохиолдол бүртгэгдлээ
хэмээн “Ройтерс” мэдээлэв. Шувууны томуу туссан хүн нь 73 настай эмэгтэй байсан
бөгөөд арав хоногийн өмнө нас барсан байна. Гэвч үхлийн шалтгааныг нь одоо л
тодруулж байгаа ажээ. H10N8 вирус нь шувууны томууны нэг шинэ төрөл хэмээн эмч
нар үзэж байна.
Спортын амжилт төрөлтөд нааштайгаар нөлөөлдөг
Спортын, тэр тусмаа хөлбөмбөгийн амжилт төрөлтөд
нааштайгаар нөлөөлдгийг Британийн эрдэмтэд судалж тогтоожээ. Судалгааны
дэлгэрэнгүй материал эрдэм шинжилгээний British Medical Journal сэтгүүлд гарсан
байна. Жишээ нь, “Барселона” клуб 2009 онд гурван цом хүртэхэд Испанийн Каталон
мужид есөн сарын дараа төрөлт 16 хувиар нэмэгдэж байжээ. Мөн 2005 онд “Ливерпуль”
Аваргуудын лигийн цомыг итгэмээргүй байдлаар хүртэхэд Ливерпуль хотод төрөлт 15
хувиар нэмэгдэж байсан аж.
Британийн эрдэмтэд энэхүү зүй тогтлыг “Барса”-гийн төвийн
тоглогч Андрес Иньестаг хүндэтгэж “Иньестагийн нөлөө” хэмээн нэрлэсэн байна.
Харин хөлбөмбөгийн клубүүдийн бүтэлгүйтэл төрөлтөд хэрхэн нөлөөлдгийг эрдэмтэд
судлаагүй бололтой.
Гиннесийн номын эзэн-Канадын тэргүүн баян
Гиннесийн аварга амжилтын номын эзэн, бизнесмэн Жим
Паттисон Канадын хамгийн баян хүнээр нэрлэгджээ. Тэрээр Канад дахь худалдаа,
арилжаагаар дагнадаг Jim Pattison Group-ийг дангаараа эзэмшдэг бөгөөд хөрөнгө
нь 9.5 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Түүний компани олон салбарт бизнес
эрхэлдгийн хамгийн том нь Гиннесийн аварга амжилтын ном (Guinnes World Records)
юм.
Мань Паттисон өөрөө “Би мөнгөө тоолж, тооцоо хийдэггүй.
Орлого орж байгаагаа л мэддэг. Би хэд дэх баян байх нь надад сонин биш” хэмээн
ярьжээ.
Конгын Ерөнхийлөгчийн дэндүү тансаг хэрэглээ
Конгын бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Денис Сассоу
Нгуэссо зөвхөн цамц, хувцсанд 1.1 сая евро зарцуулжээ. Тэрээр гэр бүлийн
хамтаар нийт 60 сая еврог тансаг хэрэглээний бараа болон Франц дахь үл хөдлөх
хөрөнгөнд зориулсан хэмээн “The Telegraph” сонин мэдээлэв.
Францын эрх баригчид Африкийн лидерүүдийн зарцуулалт, тансаг хэрэглээг шалгаж
байгаа юм.
Денис Сассоу 2005-2011 онд 1.1 сая еврог Парисын тансаг
дэлгүүрт үржээ. Түүний хүү 474 мянган еврог зөвхөн цамц худалдан авахад
зарцуулсан байна. “Тэр өдөрт гурав, дөрвөн цамц сольдог. Тэдгээрийг хэзээ ч
угааж, дахиж хэрэглэдэггүй, амны алчуур шиг л нэг хэрэглээд хаядаг” хэмээн
Конгын Ерөнхийлөгчийн албаны экс ажилтан “Liberation”
сонинд ярьжээ.
Transparency
International байгууллагаас мэдэгдэж буйгаар, Денис Сассоу Францад 112 данс
эзэшдэг аж. Гэтэл Конгын Ерөнхийлөгчийн сарын цалин хоёр мянга 300 доллар,
Конгын гадаад өр долоон тэрбум евро. Ерөнхийлөгчийн
хүү Porsche Cayenne, Maserati зэрэг хэдэн тансаг автомашин хэрэглэж, гэр
бүлээрээ Парист 30 орчим барилга, орон сууц эзэмшдэг аж.
Амьд матраар наймаа хийх гээд баригдав



No comments:
Post a Comment