Корина Мачадо: Мадуро улс орныг сүйрүүлж байна
Корина Мачадо
хоёр жилийн өмнө бие даан нэр дэвшиж Венесуэлийн парламентад орж иржээ. Жил
ирэх бүр айдас хүйдэс, баталгаатай бус байдал ноёрхсоор байгаа Венесуэльд
хамгийн зоригтой дуугардаг депутатуудын нэг нь Корина юм. Тэрээр Уго Чавесийн
үйлдвэрүүдийг улсын мэдэлд авч байсан бодлогыг “Ичгүүргүй хулгай” хэмээн
шүүмжилж байсан нэгэн. Корина Мачадо есөн депутатаас бүрдсэн “Парламентын давалгаа”
хэмээх хөдөлгөөн байгуулж хүний эрх, үндэсний бүрэн эрхт байдлыг хамгаалахаар
зүтгэж байна. “АВС” түүнтэй уулзаж ярилцжээ. Өнөөдөр Венесуэльд орон нутгийн
сонгууль болж байгаа юм.
-Орон нутгийн сонгуульд сөрөг хүчин ялах болов уу?
-Венесуэльд
өөрчлөлт хийх хүсэлтэй хүмүүс нь олонх байна. Улс орныг сүйтгэж, дуугарсан
хүний эсрэг дайрч байгаа хүмүүс нь цөөнх байна. Эрх баригчдын эдийн засгийн
бодлого, Ерөнхийлөгч Николас Мадурогийн В Төлөвлөгөө улс орныг сүйрүүлж байна.
Засгийн газар яг Кубын дэглэм, загварыг хуулах гээд байна. Хэрэгцээт хүнс
бараагаа худалдаж авахдаа дугаарладаг, картын барааны системтэй, хүний эрх
зөрчигдсөн нийгмийг бий болгох гээд байна.
-Улс орноо тойрч явахад иргэдийн сэтгэгдэл ямар байна?
-Мадурог үнэхээр
хүчтэйгээр эсэргүүцэж, няцааж байна. Колумбийн босогчдын хяналтад байдаг
Венесуэлийн Апуре, Тачира мужаар ороход иргэд биднийг хамгийн ихээр дэмжсэн. Тачира
мужийн газар нутгийн 30 хувь нь Колумбийн босогчдын хяналтад орчихсон.
Мадурогийн үед Венесуэлийн газар нутгийн бүрэн бүтэн байдал ингэж л зөрчигдөж
байна.
-Мадуро эрх мэдэлд гарч ирээд юу хийв вэ?
-Сайн юм юу ч
хийгээгүй. Газар нутгаа бусдад найр тавьж, хувийн өмчийг сүйтгэж, хүүхэд
багачуудыг үзэл суртлаар бөмбөгдөж, олон талт үзэл бодлыг боомилж, ардчиллыг
гуйвууж байна. Хувийн өмчийг сүйтгэх, дээрэмдэх ажлыг үргэлжлүүлж байна. Өөр юу
ч хийгээгүй.
-Дэлхийн улс гүрнүүд Мадурод шахалт, дарамт үзүүлж
чадахгүй байна гэж үү?
-Мадуро бол
хууль бус Ерөнхийлөгч. Энэ оны дөрөвдүгээр сард болсон сонгуулиар тэр эдгээр
түрэмгий бодлого, хөтөлбөрөө тулгах олонхийн саналыг авч чадаагүй. Тэр хууль
бусаар сонгогдсон болохоор дэлхийн улсууд дарамт үзүүлж чадахгүй байгаа юм.
-Сонгогчид юу хийх ёстой вэ?
-Мадурогийн
тулгаж буй Кубын загварыг ард иргэд эсэргүүцэж босох ёстой.
-Өнөөдрийн сонгуулийн дараа Венесуэльд юу олох бол?
-Бид Мадурогийн
Засгийн газрын түрэмгий бодлого, муйхарлалыг харлаа, үзлээ. Орон нутгийн
сонгуульд тэр ялагдлаа гээд нэг их өөрчлөлт гарахгүй. Ард иргэд байнга эсэргүүцэж,
санаа бодлоо тууштай илэрхийлж баймаар байна. Орон нутгийн сонгуульд сөрөг хүчин
олонхийн санал авбал Үндсэн хуулийн дагуу парламентын сонгуулийг хугацаанаас нь
өмнө зарлахыг шаардах болно. Сөрөг хүчин парламентад олонх болсон цагт л энэ
системийг өөрчилж, эдийн засгийн хөгжлийг зөв замд нь оруулж, ардчиллыг тогтоож
чадна.

No comments:
Post a Comment