Уругвайд марихуаныг бүрэн хүлээн
зөвшөөрлөө
Уругвайн Конгресс олонхийн
саналаар марихуаныг тариалж, худалдахыг зөвшөөрсөн хуулийг баталлаа. Хуулийн
дагуу, тус улсын иргэд марихуаныг хэрэглэж, худалдан авч, арилжааны бус зорилгоор
тариалж болно. Арилжааны зорилгоор тариалвал улсын хараа хяналт дор байх ажээ.
Ийнхүү Өмнөд Америкийн Уругвай улс дэлхий даяар түгээмэл хэрэглэдэг хар
тамхи-марихуаныг хуулийн дагуу бүрэн хүлээн зөвшөөрсөн анхны улс болж байна.
Нэг гр марихуан нэг долларын үнэтэй байна
хэмээн тогтоож өгчээ. Тариалалтыг улсын тусгай байгууллагын хяналт дор явуулж,
хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулж бүртгэх юм. Насанд хүрсэн уругвай иргэн сар
бүр 40 гр марихуаныг эмийн сангаас худалдан авч, гэрийнхээ хашаанд зургаан
бутаас илүүгүй марихуан тарихыг зөвшөөрч байна. Харин гадаадын иргэдэд энэ хар
тамхийг худалдахгүй.
Албан ёсны зоогонд содон амьтны махыг
хориглов
Энэ оноос эхлэн тансаг хэрэглээг танах
бодлого явуулж байгаа Хятадын эрх баригчид албан ёсны зоог, хүлээн авалтад
содон, хачин амьтны махтай хоолоор үйлчлэхийг хоригложээ. Аварга загасны сэлүүр,
ураацайн үүрний шөл, хандгайн шарсан уруул, могойн махан хавчуургатай мантуу,
үнэтэй тамхи, дарс зэрэг сонин содон, тансаг зоог ийнхүү хүндэтгэлийн зоогийн
цэснээс арчигдаж байна. Коммунист нам мөн төсөв, гадаад айлчлал, хүлээн авалтын
зардлыг мэдэгдэхүйц багасгах зорилт тавьж байгаа юм. Гадаадад айлчилж буй
түшмэдийг зочид буудлын тансаг зэрэглэлийн өрөөнд орохыг хоригложээ. Эдгээр нь
Хятадын шинэ удирдагч Си Жинпиний төсвийн алдагдал, авлигын эсрэг явуулж буй
бодлогын нэг хэсэг юм.
АНУ, Кубын удирдагчдын түүхэн гар барилт
ӨАБНУ-ын экс Ерөнхийлөгч Нельсон Манделад
хүндэтгэл үзүүлэх, дурсгалыг нь хүндэтгэх ёслол дээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак
Обама, Кубын удирдагч Рауль Кастро нар гар барин мэндчилсэн нь дэлхийн тэргүүн
мэдээ, гэрэл зураг болж байна. Өмнөд Африкийн Иоханнесбург хотын хөлбөмбөгийн
цэнгэлдэхэд энэхүү түүхэн үйл явдал болжээ.
Н.Манделагийн дурсгалыг хүндэтгэхээр тавцан
дээр гарч ирсэн Б.Обама Куба арлын лидер Рауль Кастро руу гар сунган мэндчилж,
хэдэн үг солилцжээ. Р.Кастро ч Цагаан ордны эзэн рүү инээмсэглэн гар барин
мэндчилсэн байна.
2000 онд АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон
Кубын тухайн үеийн удирдагч Фидель Кастротой Нью-Йорк хотод болсон НҮБ-ын
Мянганы чуулган дээр таарч гар барин мэндчилж байжээ. Түүнээс хойш хоёр орны
лидер дахин таарч гар барин мэндчилсэн нь 50 жилийн турш дайсагналцан, дипломат
харилцаагүй явж ирсэн хөршүүдийн хувьд түүхэн үйл явдал болж байна. Арлын
удирдагч Рауль Кастро Обаматай гар барьснаа “Хэвийн зүйл” хэмээн нэрлэв. “Энэ бол
хэвийн зүйл. Бид иргэншсэн хүмүүс биз дээ” хэмээн Рауль ярьжээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Энэ бол
төлөвлөөгүй уулзалт байсан. Энэ өдөр тэр чигээрээ Манделагийн дурсгалыг
хүндэтгэхэд зориулагдсан” хэмээн мэдэгджээ. Рауль Кастро тайзан дээр байгааг
АНУ-ын лидер мэдэж байсан, гэвч Кубын удирдагчтай гар барилгүй өнгөрөх нь
Нельсон Манделагийн гэрээслэж үлдээсэн эвлэрлийн зарчимтай зөрчилдөх байсан
хэмээн дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна.
Ангарагаас усны ул мөр илрүүлэв
Америкийн эрдэмтэд Ангараг гаригаас шингэн
усны ул мөрийг илрүүлсэн тухай Nature Geoscience сэтгүүл мэдээлэв. Эрдэмтэд
Ангараг гариг руу илгээсэн төхөөрөмж дээр суурилуулсан HiRise аппаратаар авсан
зургийг шинжилж судлаад ийм дүгнэлтэд хүрчээ.
Ангараг гаригийн налуу, тэгш гадаргуу дээр ус
урссан ул мөрийг илрүүлсэн нь судлаачдын сонирхлыг ихээхэн татлаа. Тус гариг
дээр үе үе шингэн ус гарч ирдгийг энэхүү ул мөр харуулж байна хэмээн эрдэмтэд
үзэж байна.
Кейт Уинслет дахин ээж боллоо
Британийн 38 настай жүжигчин Кейт Уинслет,
түүний нөхөр Нед Рокнролл нар анхын хүүхдээ өлгийдэн авлаа. “Титаник”-аар дэлхий
дахинд танигдаж, “Уншигч” киноны гол дүрээр “Оскар” авч байсан Кейт ийнхүү гурав
дахь удаагаа ээж болж байна. Тэрээр анхны нөхөр Жим Триплтоноос 13 настай охин,
дараагийн нөхөр Сэм Мендесээс есөн настай Жое хэмээх хүүтэй билээ.
К.Уинслетийн одоогийн нөхөр Нед нь Британийн
тэрбумтан Ричард Брэнсоны үеэл юм. Тэд 2012 оны сүүлчээр Нью-Йорк хотод нууцаар
гэрлэж, ойр дотны 12 найз нь л оролцож байжээ. Гэр бүлийнхэн нь ч энэ
гэрлэлтийн талаар мэдээгүй байсан гэдэг.
Лю Сяобог “Хятадын Мандела” гэжээ
Дэлхийн хэвлэл мэдээлийн хэрэгслүүд Хятадын
тэрс үзэлтэн Лю Сяобог “Хятадын Нельсон Мандела” хэмээн нэрлэснийг буруушаан
няцаасан нийтлэл Хятадын төрийн мэдлийн Global Times сонинд гарчээ. Хятадын
хэвлэл мэдээллээр тэрс үзэлтний нэрийг дурдсан нь ховор тохиолдол болж байна.
Их
сургуулийн багш Лю Сяобо Хятадад олон намын системийг нэвтрүүлэх хэрэгтэй гэсэн
өгүүлэл бичсэнийхээ төлөө олон жил хорих ялаар шийтгүүлсэн юм. 2010 онд тэрээр
Нобелийн энх тайвны шагнал хүртжээ. Шоронд хоригдсоор байгаа Лю ч, эрх чөлөөтэй
байгаа эхнэр нь ч Бээжингийн эрх баригчдын хоригийн улмаас энэ шагналыг гардан
авч чадаагүй байна. Лю Сяобо анх 1989 оны Тяньаньмэний оюутны бослогын дараа
баривчлагдан шоронд орж байжээ.



No comments:
Post a Comment