Токио хотын дарга авлигын хэргээр огцров
Японы Токио хотын дарга Наоки Иносэ авлигын хэрэгт орооцолцсоныхоо дараа
сайн дураараа огцров. Тэрээр 2012 оны арванхоёрдугаар сард Токио хотын даргын
сонгуульд ялсан юм. Наоки сонгуулийн кампанийн үеэр эмнэлгийн сүлжээ эзэмшигч
нэгэн компаниас 50 сая иен (500 мянган доллар) авсан нь ил болжээ. Японы хуулиар, улстөрчдийг хувийн бизнес
эрхлэгчдээс мөнгө авахыг хориглодог. Наоки 50 сая иенийг сонгуулийн кампанидаа
бус, хувийн хэрэгцээндээ авсан хэмээн мэдэгдэж байжээ. Гэвч хотын парламент
тусгай комисс гарган энэ нөхцөл байдлыг судлахаар болж ажилдаа орсон ч Наоки
Иносэ шалгалтын дүнг хүлээлгүй сайн дураараа огцорсон байна.
Эрдоганы мэдэгдэл шуугиан дэгдээлээ
Туркийн Ерөнхий сайд Режеп Таип Эрдоган, Балканы хойгийн зарим хэсэг
Туркийнх хэмээн мэдэгдсэн нь томоохон дипломат шуугиан дэгдээгээд байна. “Македон,
Болгар, Босни Герцеговин, мөн Баруун Фракийн (Грекийн нэг муж) зарим хэсэг үнэндээ Туркийн газар нутаг” гэж хэлжээ. Туркийн Ерөнхий
сайдын үг Грект ихээхэн шуугиан тариад байна. Грек, Турк хоёр аль эртнээс газар
нутгийн ширүүн маргаан өрнүүлсээр ирсэн юм.
Эрдоганы мэдэгдэл өдөөн хатгасан шинжтэй байна хэмээн тоймчид үзэж байна.
Турк улс Европын холбоонд элсэхээр эрмэлзэж байгаа бөгөөд үүний тулд Грек,
Болгар зэрэг гишүүн орнуудын дэмжлэг хэрэгтэй байгаа ажээ.
Сирийн нууц шоронд иргэдийг тамлаж байна
Сири дахь “Лалын Ирак улс” хөдөлгөөний хяналтад байдаг шоронгуудад иргэдийг
тамлан зовоох, цаазлах явдал түгээмэл байна хэмээн хүний эрхийг хамгаалагч Amnesty
International байгууллагаас мэдэгдлээ. “Аль-Кайда”-тай холбоотой лалын бүлгүүд
хүний эрхийг бүдүүлгээр зөрчих, тэр тусмаа хүүхдүүдийг зодох нь энгийн үзэгдэл
болсон хэмээн үзэж байна. “Лалын Ирак улс” нь Сири дахь мөргөлдөөнд сөрөг
хүчний талд байлдаж байгаа хамгийн том бүлгүүдийн нэг юм. Тус бүлгийн мэдэлд
Сирийн хойд нутагт долоон шорон байдаг хэмээн хүний эрхийг хамгаалагчид үзэж
байна. Сири дахь лалын бүлгүүд мөн дайн, байлдааныг сурвалжилж байгаа сэтгүүлч,
идэвхтнүүдийг баривчилж, хулгайлж байгааг сануулжээ.
Роналдиньо пүүзээ “дээрэмдүүлэв”
ФИФА-гийн клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Марокко улсад болж
байна. УЕФА-гийн Аваргуудын лигийн аварга “Бавари” (Герман) Азийн Аваргуудын
аварга “Гуанжоу”-г (Хятад) хожиж финалд шалгарсан.
Өчигдөр хагас шигшээгийн хоёр дахь тоглолт Мароккогийн “Раха Касабланка”,
Бразилын “Атлетико Минейро”-гийн хооронд болж нутгийн баг бразилуудыг 3:1-ээр хожиж
“Бавари”-тай аваргын төлөө тоглохоор болжээ. Энэ тоглолтын дараа марокко
хөлбөмбөгчид дэлхийн сор тоглогчдын нэг Роналдиньог бүчин авч, өмсгөл, пүүзийг
нь бараг дээрэмдэн авчээ.
“Раха
Касабланка” багийн тоглогчид Роналдиньогийн эсрэг тоглосондоо баярлан түүнтэй гар
барин баяр хүргэж байхдаа “Nike”-ийн пүүзийг тайлж дурсгал болгон авсан байна.
Олон хүний дайралтад өртсөн Ронни зүгээр л пүүзээ тайлуулахаас өөр юу ч хийж
чадсангүй.


No comments:
Post a Comment