Тайландын Ерөнхий сайд сөрөг хүчний лидертэй уулзлаа
Тайландын Ерөнхий сайд Йинглак Чинават сөрөг хүчний лидер
Сутхеп Тхаугсубаныг хүлээн авч уулзжээ. Тхаугсубан Засгийн газрын тэргүүнийг
хоёр хоногийн дотор огцорч, эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж өгөхийг шаарджээ.
Сөрөг хүчин цаашид Засгийн газартай ямар нэг хэлэлцээ хийхгүй гэсэн байна.
Дээрх уулзалтад Тайландын арми, Засгийн газрын өндөр тушаалын хүмүүс байлцжээ. Йинглак
Чинават тулган шаардалтад ямар нэг хариу өгөөгүй аж.
Сөрөг хүчний жагсагчид уржигдар улсын төв телевизийн
байрыг эзлэн авсан юм. Сөрөг хүчний лидер Сутхеп Тхаугсубаны мэдэгдлийг
телевизээр шууд дамжуулна гэсэн тохиролцоонд хүрсний дараа жагсагчид телевизийн
байрыг орхин явжээ.
Рэппер
Жорж Бушийн нууцыг дэлгэв
Америкийн рэппер Канье Уэст “Афро-америк иргэд еврей
үндэстэн шиг нэгдэн нягтарч чадахгүй байгаагаас амжилтад хүрэхэд бэрх байна”
хэмээн мэдэгдэж шуугиан тарив. Тэрээр Power 105 FM-ээр ярихдаа “Барак Обамад
өмнөх Ерөнхийлөгч шиг нь холбоо, сүлбээ алга. Хар арьст америкууд еврей үндэстэн,
эсвэл нефтийн магнатууд шиг нягтарч чадахгүй байна. Жорж Бушт нефтийн мөнгө
байсан. Харин Обамад мөнгө алга. Обама амлалтаа биелүүлэхгүй байна гэх юм.
Түүнд сайн холбоо сүлбээ байхгүй болохоор тэр шүү дээ. Хар арьстнууд еврей шиг
нягтарч, нийлж чаддаггүй” хэмээн онцолсон байна.
Уэстийн “урт хэл” анх удаа шуугиулж буй нь энэ биш. 2005
онд “Кэтрин” далайн шуурга Нью-Орлеаныг дайрахад Уэст телевизийн шууд эфирээр “Одоогийн
Ерөнхийлөгч Жорж Буш хар арьст хүмүүсийг тоодоггүй” хэмээн мэдэгдэж байжээ.
Өрөө төлөөгүй эмэгтэйг шатаажээ
Гватемалын Сан Хуан хотод 250 орчим хүн хөршдөө удаан
хугацаанд өрөө төлөөгүй эмэгтэйг амьдаар нь шатаажээ. Цагдаагийн газраас
мэдэгдэж буйгаар, тэдгээр хүмүүс сайтар бэлтгэж байж энэ хэргийг үйлджээ. Тэд
хотод цагдаа нарыг оруулахгүйн тулд хотын гол зам, хаалга дээр хаалт, саад
хийсэн байв. Иргэд эмэгтэйн байшинг бүсэлж, гаргаж ирж байгаад шатаасан байна.
Төв Америкийн энэ улсад хуульгүйгээр шүүн шийтгэх ёс
хадгалагдсан хэвээр байгаа юм. Энэ оны нэгдүгээр сараас хойш Гватемалд 47 хүн “Линчийн
шүүх”-ийн золиос болж амь насаа алджээ.
Saab Шведэд үйлдвэрлэлээ сэргээлээ
2011 онд дампуурлаа зарлаж байсан Шведийн автомашин
үйлдвэрлэгч Saab компани Шведийн баруун хэсгийн Тролхеттан хотод хөнгөн
автомашины үйлдвэрлэлээ сэргээгээд байна. Тус компани алдарт Saab 9-3 загвараа
сэргээхээр төлөвлөжээ. Энэ загварын төмөр хүлгийг давхар цахилгаан хөдөлгүүртэй
болгон гаргах юм. 2011 онд Saab нь Голландын спортын автомашин үйлдвэрлэгч Spyker компанийн бүтцэд шилжиж, дампуурлаа зарлаж
байжээ. Шведийн компани санхүүгийн хүнд байдалд орж Хятадын хөрөнгө
оруулагчидтай хэлэлцээ хийсэн ч бүтэлгүйтсэн билээ. Харин өнгөрсөн онд
Швед-Хятадын хөрөнгө оруулалтын National Electric Vehicle Sweden компани
Saab-ийг худалдаж авснаар үйлдвэрлэлээ сэргээх боломжтой болсон юм.
Дэвид Кэмерон Хятадад ирлээ
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон Британийн 100
орчим бизнесмэнийг дагуулан Бээжинд албаны айлчлалаар ирлээ. Тэрээр Хятадтай
худалдаа арилжааны харилцаа холбоогоо нэмэгдүүлнэ хэмээн найдаж байна. Европын
холбоо, Хятадын хооронд чөлөөт
худалдааны гэрээ байгуулах хэрэгтэй хэмээн Их Британийн лидер үзэж байна.
Лондон, Бээжингийн эдийн засгийн хэлэлцээ 2012 оны
тавдугаар сард зогссон юм. Д.Кэмерон тухайн үед Түвдийн буддистуудын лидер
Далай ламыг хүлээн авч уулзсан нь хэлэлцээг зогсоох шалтаг болж өгсөн юм. Хятадын
тал үүнд дургүйцлээ илэрхийлж, дээд түвшний төлөөлөгчдийн хоорондох уулзалт,
хэлэлцээгээ зогсоож байжээ.



No comments:
Post a Comment