Михаил Калашников
таалал төгсчээ
Дэлхийн хамгийн
алдартай, шилдэг бууг зохион бүтээсэн Михаил Калашников ОХУ-ын Ижевск хотноо 95
насандаа таалал төгслөө.Дэлхийн II дайны дараахан зохион бүтээсэн “АК-47”
автомат буу нь өнөөг хүртэл дэлхийн хамгийн амжилттай зэвсэгт тооцогдсоор
байна. М.Калашников ходоодны цус алдалт оноштойгоор сар гаруй хугацаанд сэхээн
амьдруулах тасагт байжээ. “Буудлагын зэвсгийн суут зохион бүтээгч Михаил
Тимофеевич Калашников удаан хугацаагаар өвчилсний эцэст 95 насандаа таалал
төгслөө” хэмээн Удмуртийн бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн
төлөөлөгч мэдэгдэв.
Калашников автомат
буугаа 1947 онд зохион бүтээжээ. Багцаа тоогоор, дэлхийд 100 сая орчим АК,
эсвэл түүний хуулбар хэрэглэгдэж байдаг. Үүний хажуугаар олон улс орон
Калашниковын автомат бууг зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэж зэвсэглэлдээ хэрэглэдэг
аж.
Өнөөдөр “АК-47”
100 гаруй орны зэвсэглэлд байр сууриа эзэлж, XX зууны гарамгай бүтээлийн
жагсаалтад ороод байна. Суут зэвсэг зохион бүтээгчийг оршуулах ажиллагааг
Удмуртийн бүгд найрамдах улсын эрх баригчид зохион байгуулах юм.
Михаил Калашников
энэ оны зургадугаар сард Москвагийн цэргийн төв эмнэлэгт ирж эмчлүүлж байжээ.
Эмч нар алдарт зохион бүтээгчийг иж бүрэн үзлэгээр оруулж, зүрхний цохилтыг
дэмжих цахим төхөөрөмж суулгасан юм. Тэрээр ОХУ-ын нийслэлд гурван сар
эмчлүүлээд төрөлх Ижевск хотдоо ирээд байв. Калашников өнгөрсөн арваннэгдүгээр
сард Удмуртийн клиникийн төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэгджээ. Арванхоёрдугаар
сарын эхээр бүгд найрамдах улсын Эрүүл мэндийн яамнаас “Зохион бүтээгчийн эрүүл
мэнд тогтвортой байна. Эмчилгээ-оношлогоон, нөхөн сэргээх эмчилгээ хийж байна”
хэмээн мэдэгдэж байв.
М.Калашниковт
ойрхон нэг хагалгаа хийсэн тухай Удмуртийн Ерөнхийлөгч Александр Волков мэдээлж
байлаа. Гэвч чухам ямар хагалгаа хийлгэснийг зарлаагүй юм. Михаил Калашников
ЗХУ-ын хоёр удаагийн баатар юм. Тэрээр дэлхийн II дайнд оролцож яваад шархдаж
эмнэлэгт эмчлүүлж байхдаа ирээдүйн алдарт автомат буугаа бүтээх санаагаа олсон
гэдэг. Михаил Тимофеевичийг өнөөдөр төрөлх Ижевск хотод нутаглуулна.

No comments:
Post a Comment