Tuesday, 10 December 2013



1000 өдрийн дайн

-Б.Асадын талынхан стратегийн чухал хотыг эзлэн авчээ-

Сирийн Засгийн газрын цэргүүд 20 өдрийн ширүүн тулааны эцэст Хомс-Дамаскийн хоорондох зам дээр байдаг стратегийн чухал хот Набекийг эзлэн авчээ. Улмаар Хомс-Дамаскийн хоорондох засмал зам нээгдсэн нь түлш, шатахуунаар дутагдаад байсан нийслэл хотын нөхцөл байдлыг хавьгүй дээшлүүлээд байна. Набек хотын төлөөх тулааны сүүлчийн өдөр зуу орчим босогчийг устгаж, зэр зэвсгийн томоохон агуулахыг эзлэн авлаа хэмээн Сирийн Al Watan сонин мэдээлэв. Гэвч сөрөг хүчний дайчид Набек хот болон хот хоорондын засмал дээр дахин хяналтаа тогтоох оролдлого хийхээр төлөвлөж буйгаа зарласан байна. Набек нь босогчдын мэдэлд байсан сүүлчийн том хот юм.
Ерөнхийлөгч Башар Асадын талынхан ийнхүү чухал тулаанд ялалт байгуулсан ч Сирийн бусад хот, бүс нутагт дайн, байлдаан үргэлжилсээр байгаа юм. Сирид иргэний дайн дэгдсэнээс хойш 1000 дахь өдөртэйгээ золгоод байна. Сөрөг хүчний дайчид болон гадаадын хөлсний бүлэг, отрядууд стратегийн чухал хот, байрлалаа алдсаар байгаа ч гэнэтийн хүчтэй довтолгоо хийх чадалтай хэвээр байгаа ажээ. Саяхан босогчид Дамаск хотын өмнөд хэсэгт байдаг шийт шашны Сайда Зейнаб сүмийг довтолсон нь үүнийн нэг нотолгоо юм. Дайралтын дараа ширүүн тулаан болж Засгийн газрын найман цэрэг амь насаа алдсан байна. Өчигдөр Жибейль хотод “Хезболла” бүлгийн өндөр тушаалын командлагч Али Бази босогчдын гарт амиа алджээ. “Хезболла”-гийн дайчид Сирийн Засгийн газрын талд байлдаж байгаа юм.
Набек хотын төлөөх тулааны улмаас Сирийн химийн зэвсгийн нөөцийг устгах үйл явц удааширч магадгүй байна. Тус улсад хадгалагдаж буй химийн хамгийн аюултай, хөнөөлтэй бодисыг гагцхүү Хомс-Дамаскийн засмал замаар тээвэрлэхээр төлөвлөж байсан аж. Эдүгээ энэ замаар тээвэрлэх нь босогчдын довтолгоонд өртөж, химийн зэвсэг босогчдын бүлгийн гарт орох магадлалтай болсон тул дээрх үйл явц удаашрах нь тодорхой болов. Химийн зэвсгийг утсгах олон улсын байгууллагын тэргүүн “Сирийн химийн зэвсэг, нэн аюултай химийн бодисыг устгах үйл явц техникийн шалтгаантай асуудлын улмаас он дуустал саатахаар боллоо” хэмээн мэдэгджээ. Гэсэн хэдий ч Сирийн химийн зэвсгийн нөөцийг төлөвлөсний дагуу ирэх оны долдугаар сараас өмнө устгаж дуусна гэдэгт тэрээр итгэлтэй байна. 

No comments:

Post a Comment