Чан Сон Тэкийг
баривчилсныг гэрэл зураг нотлов
Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун дэглэмийн
хоёрдугаар нөлөө бүхий хүн, авга ах Чан Сон Тэкийг гэмт үйлдэл гаргасан, буруу
үлгэр жишээ үзүүлсэн хэмээн эрх мэдлээс зайлуулж, засан хүмүүжүүлэх колони руу
илгээсэн гэсэн мэдээлэл цацагдаж байсныг Пхеньяны эрх баригчид албан ёсоор
баталсан билээ. Тэгвэл түүнийг Хөдөлмөрийн намын нэгэн хурлын үеэр шууд
баривчлан авч яваа дүр зураг интернэтээр түгжээ. Хурлын үеэр Чан Сон Тэкийг
баривчлан авч явааг Хойд Солонгосын телевизээр үзүүлсэн бөгөөд энэ мөчийн дүр
зураг интернэтээр түгсэн аж. “Чан Сон Тэк хэд хэдэн эмэгтэйтэй зохисгүй
харилцаа тогтоосон. Тансаг зэрэглэлийн зоогийн газарт дайлуулж, цайлуулж, дарс
уусан. Хөдөлмөрийн намын ивээлээр гадаадад эмчлүүлж байхдаа хар тамхи хэрэглэж,
гадаадын казинод валютаар мөрийтэй тоглосон” хэмээн Пхеньяны албан ёсны
мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Сирид хоёр сэтгүүлч барьцаалагдсан хэвээр байна
Сири улсад Испанийн хоёр сэтгүүлч есдүгээр сараас хойш
“Аль-Кайда”-тай холбоотой бүлгийн барьцаанд байсаар байна хэмээн “El Mundo”
сонин мэдээлэв. Испанийн “El Mundo” сонины сурвалжлагч Хавьер Эспиноза, гэрэл
зурагчин Рикардо Гарсия нар есдүгээр сарын 16-нд Сирийн Ракка мужид хулгайлагджээ.
Сэтгүүлчид хоёр долоо хоногийн хугацаатай редакцийн даалгавраа гүйцэтгээд
Сирийг орхин гарахаар Туркийн хил орчимд ирээд байхдаа барьцаалагдсан аж.
Энэ хэргийн цаана Иракт “Аль-Кайда”-гийн тусламжтайгаар
байгуулагдсан “Аль-Шамагийн лалын улс” хэмээх суннит бүлэг байгаа нь тодорхой
болсон юм. Барьцаалагчид одоо болтол ямар нэг шаардлага тавиагүй байна.
Сэтгүүлчдийг хамгаалах олон улсын хороо Сирийг хамгийн
аюултай орноор нэрлэж байна. 2012 онд тус улсад 39 сэтгүүлч алуулж, 20 гаруй
сэтгүүлч хулгайлагджээ. 2013 онд Сирид хэвлэл мэдээллийн 25 ажилтан сураггүй
болжээ.
Парист цахилгаан автомашиныг цэнэглэх станц нээгдлээ
Парис хотод цахилгаанаар явдаг автомашиныг цэнэглэх анхны
станц нээгджээ. Ойрын үед хот даяар ийм 15 станцыг нэмж байгуулахаар зэхэж
байна. Цахилгаан автомашиныг цэнэглэх анхны станцыг Nissan,
ВР компани санхүүжүүлжээ. Япон цахилгаан автомашиныг үнэгүй, бусад маркийн
төмөр хүлгүүдийг таван еврогоор цэнэглэх аж. Ийм станц дутагдаж байгаа нь цахилгаан, гибрид автомашины хөгжилд саад болж
байсан юм. Цахилгаан автомашин цэнэглэгч станцуудын тоог нэмснээр байгаль
орчинд ээлтэй автомашины үйлдвэрлэл нэмэгдэх ажээ.
Хонконгод шувууны томуугаар хоёр дахь хүн нас барлаа
Хятадын засаг захиргааны онцгой бүс Хонконгод шувууны
томуу буюу H7N9 вирусээр хоёр дахь хүн нас баржээ. Шэнжэнь мужаар аялаад ирсэн
Хонконгийн 80 настай хөгшин энэ өвчний золиос болсон байна. Үүний улмаас 19
хүнийг тусгаарлаж эмчилгээнд хамруулаад байгаа юм. Хонконгод шувууны томуугаар
нас барсан анхны хүн арванхоёрдугаар сарын 2-нд бүртгэгдсэн билээ.
Авлигагүй орны жагсаалтыг Дани тэргүүлэв
Transparency Internetional байгууллага дэлхийн улс
орнуудын 2013 оны авлигын түвшний үзүүлэлтийг гаргасан байна. Дэлхийн банк,
Азийн хөгжлийн банк, Африкийн хөгжлийн банк зэрэг олон улсын 13 байгууллагаас
авсан дүн шинжилгээг нэгтгэн энэ жагсаалтыг гаргахад Дани улс авлигагүй буюу
хамгийн бага авлигатай орноор тодорчээ. Араас нь Шинэ Зеланд, Финланд, Швед,
Норвеги, Сингапур орсон байна. Европын тэргүүлэх гүрнүүд Герман, Их Британи,
Франц эхний 20-д багтжээ. Хамгийн их авлигажсан орноор Афганистан, Хойд
Солонгос, Сомали тодорсон байна. Монгол улс 175 орноос 83-т жагсчээ.
Б.Обама iPhone хэрэглэж болохгүй
Дэлхийн хамгийн хүчирхэг хүн, АНУ-ын Ерөнхийлөгч Барак
Обама Apple компанийн iPhone гар утсыг хэрэглэж болохгүй. Аюулгүйн албаны
зөвлөхүүд нь “Энэ бол сайн хамгаалагдаагүй төхөөрөмж. Тиймээс хэрэглэж
болохгүй” хэмээн үзсэн аж.
“Аюулгүй байдлын үүднээс
намайг iPhone хэрэглэж болохгүй гэсэн” хэмээн Б.Обама Цагаан ордонд болсон хурал дээр
хүлээн зөвшөөрч байв. Гэвч Ерөнхийлөгчийн охин Саша, Малия нар Apple-ийн гар утсыг
идэвхтэй хэрэглэдэг аж. Барак Обама цахим шуудан хэрэглэсэн АНУ-ын анхны
Ерөнхийлөгч болж байжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийг албаны телефон утсаар зөвхөн
цөөн тооны хэдэн хүнтэй яриулдаг ажээ.


No comments:
Post a Comment