Saturday, 14 December 2013



Туркменд сонгууль боллоо

Өчигдөр Туркмен улсад парламентын сонгууль боллоо. Парламентын 125 суудлын төлөө 283 нэр дэвшигч өрсөлдөж, улс орон даяар 2400 санал авах хэсэг ажиллажээ. Туркмен улс тусгаар тогтносон 22 жилийнхээ түүхэнд анх удаа хоёр намын оролцоотой сонгууль явуулж байна. 1991 онд байгуулагдаж, энэ оны наймдугаар сар хүртэл улс орны Ерөнхийлөгч толгойлж ирсэн Ардчилсан нам, 2012 онд байгуулагдсан Үйлдвэрлэгч, бизнесмэнүүдийн нам сонгуульд өрсөлдөж байгаа юм. Сүүлд байгуулагдсан нам нь сөрөг хүчин биш, төрийн тэргүүний бодлогыг бүрэн дэмждэг ажээ.

Бээжингийн метроны үнэ 14 жилийн дараа нэмэгдэх нь

Хятадын Бээжин хотын метроны үнэ 14 жил тогтвортой байсны эцэст нэмэгдэх бололтой. 14 жилийн турш хоёр юанийн үнэтэй (0.33 доллар) байсан метроны үнийг оргил цагийн үед нэмэхээр төлөвлөж байгааг хотын эрх баригчид дуулгалаа. 1999 онд Бээжингийн метроны үнийг гурван юань болгон нэмж байсан ч 2007 онд дахин хоёр юань  болгон буулгаж байжээ. Одоо хэзээ, хэд болж нэмэгдэх нь тодорхойгүй байна.

Санта Клаусууд буяны төлөө гүйв

Испанийн Мадрид хотод зургаан мянга орчим хүн Санта Клаусын хувцас өмсөн гудамжаар гүйжээ. Мадридын гудамжаар дөрвөн км зайд болсон гүйлтэд томчууд Өвлийн өвгөн, хүүхдүүд үлгэрийн баатрын хувцастай оролцсон байна. Гүйлтэд оролцсон хүн бүр нэг евро хандивласан бөгөөд энэ орлогыг өнчин хүүхдүүдэд тоглоом худалдан авч өгөхөд зарцуулах ажээ. Мөн эдийн засаг нь хоёр жил зогсонги байдалд ороод байгаа улс орондоо баярын уур амьсгал оруулах зорилгоор энэ гүйлтийг зохион байгуулсан байна.

Египетэд бүх нийтийн санал асуулга болно

Египетийн шинэ Үндсэн хуулийн талаарх бүх нийтийн санал асуулга 2014 оны нэгдүгээр сарын 14-15-нд болно. Энэ тухай тус улсын төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Адли Мансур мэдэгдлээ. Египетийн шинэ Үндсэн хууль 247 бүлэгтэй. Ард иргэд олонхийн саналаар Үндсэн хуулийг дэмжвэл тус улс Зөвлөх хороо буюу парламентын дээд танхимаас татгалзах юм. Мөн шашны үндэс суурь дээр улс төрийн нам байгуулахыг хориглож байгаа аж.

Израиль цасанд дарагдав

Израильд 1879 оноос хойш орж байгаагүй их цас оржээ. Таван өдрийн турш орсон цасны зузаан зарим газар 50 см-т хүрчээ. Иерусалим хотод гэхэд л 13 мянган байшин барилга гэрэл цахилгаангүй болжээ. Хойд нутгийн 45 хот, тосгоны зам цасанд боогдон хаагдаад байна. Байгалийн бэрхшээлийг даван туулахын тулд цэргүүдийг дайчилжээ. Цасанд суусан, дарагдсан автомашины дуудлага маш их ирж байгаа аж.

No comments:

Post a Comment