Tuesday, 3 December 2013



Кубад хоригдож буй америк эр Б.Обамад захидал бичжээ

Кубад 15 жил хоригдох ялаар шийтгүүлж, дөрвөн жил хоригдож байгаа АНУ-ын иргэн Алан Гросс АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хандаж “Намайг суллагдахад туслалцаа үзүүлнэ үү” гэсэн захидал бичжээ. “Эх орон минь намайг мартжээ. Ээж, охин минь хавдраар өвчилсөн. Эхнэр минь мөнгөгүй болж, Мэрилэнд дахь байраа зарсан. АНУ гадаадад саатуулагдсан иргэнээ суллахад онцгой анхаардаг ч намайг мартсан бололтой ” хэмээн тэрээр захидалдаа онцолсон байна.
Алан Гросс 2009 онд Кубад байхдаа тагнуул хийсэн хэргээр баривчлагджээ. Түүнийг Кубад хиймэл дагуулын интернэтийн тоног төхөөрөмж хууль бусаар оруулж ирсэн хэмээн буруутгаж 15 жил хорих ял оноосон юм. Вашингтон иргэнээ суллуулах хүсэлтийг нэг бус удаа илгээсэн ч үр дүнд  хүрээгүй байна.

Newsweek-ийн хэвлэмэл хувилбар эргэн ирнэ

Америкийн Newsweek сэтгүүл дахин цаасан хэлбэрээр хэвлэгдэхээр болов. Тус сэтгүүлийн удирдлага жилийн өмнө цаасан ухилбараас татгалзаад байсан юм. Newsweek сэтгүүл 2014 оны нэг, эсвэл хоёрдугаар сараас 64 хуудастай хэвлэгдэнэ хэмээн ерөнхий редактор Тин Браун ярилаа. Гэхдээ гол санхүүжилтыг зар сурталчилгаанаас бус, захиалгаас олох ажээ.
Долоо хоног тутмын Newsweek сэтгүүл 1933-2013 он хүртэл АНУ-д хэвлэгдсэн юм. Сүүлийн жилүүдэд зар сурталчилгаанаас орох орлого эрс багасч, алдагдал хүлээх болсноор 2012 оны арванхоёрдугаар сард хэвлэмэл хувилбараас татгалзаж, зөвхөн онлайн хэлбэрээр уншигчдад хүрэх болсон ажээ.

Ази, Африк хулгайн антай хамтран тэмцэнэ

Ботсванд болсон уулзалтаар Ази, Африкийн хэд хэдэн орон зааны хууль бус антай хамтран тэмцэхээр тохиролцлоо. Хулгайн анчдыг илрүүлж баривчлах, хүлээлгэж өгөх тал дээр олон улсын хэмжээнд хамтран ажиллахаар болжээ. Мөн гэмт бүлэглэлүүдийн эсрэг тэмцдэг үндэсний аюулгүйн хүчнийхэнд илүү эрх мэдэл олгох ёстой гэдэг дээр санал нэгдэв. Урт хошуутай аварга амьтныг хамгаалах талаар яаралтай, томоохон арга хэмжээ авахгүй бол Африк дахь тэдний тоо толгой дараагийн 10  жилд 20-30 хувиар буурах тооцоо гарчээ.

Тэнэмэл эр орон зайгаа хоёр мянган доллараар үнэлэв

АНУ-ын Сиэтл хотын орон гэргүй 62 настай эр өөрийн, ер бусын бизнесийг эхлүүлэхээр шийджээ. Тэрээр орон гэргүй, тэнэмэл амьдралыг мэдэрч, амтлахыг хүссэн хүнд өөрийн орон зайгаа гурав хоногийн хоёр мянган доллараар түрээслүүлэх санаа сэджээ. Майк хэмээх сайхь эр ийм хүсэлтэй хүн олдвол орлогоороо хоол унд авч, хааяа хотын тэнэмэлүүдийг хонуулдаг байранд тухлах санаатай байна.
Майк хоног төөрүүлдэг газраа түрээслүүлэхээс гадна “ер бусын амьдрал”-аар амьдрахыг хүссэн хүмүүсийг гуйлга гуйдаг зартай цэгүүдээр газарчилж, Сиэтлийн тэнэмэлүүдийн дундах нэр алдартай хүмүүстэй танилцуулах ажээ. Тэрээр шинэ бизнесээ амжилттай эрхлэхийн тулд оролцогчдоо сонгон шалгаруулах төсөл дээр идэвхтэй ажиллаж байна. “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ санааг минь сурталчлаад өгвөл мөнгөтэй болох гээд байна” хэмээн Майк ярьжээ.

Бейсболчийн сахал 11 мянган долларын үнэ хүрлээ

АНУ-ын бейсболын лигийн аварга “Boston Red Sox” багийн тамирчин Давид Ортисийн сахал интернэтийн дуудлага худалдаагаар зарагдлаа. Нэр нь үл мэдэгдэх нэгэн худалдан авагч тамирчны сахалд 11 мянган долларын үнэ өгчээ. Мань эр бейсболчийн сахлыг татуурга болон доминикан гаралтай Ортисийн гарын үсгийн хамтаар хүлээн авах юм.
2013 оны долдугаар сард “Rolling Stones” хамтлагийн дуучин Мик Жаггерийн сахал дуудлага худалдаагаар зургаан мянган долларын үнэ хүрч байжээ. 

No comments:

Post a Comment