Sunday, 8 December 2013






1936 оны олимпийн алтан медаль 1.4 сая доллараар зарагджээ

1936 оны Берлины олимпийн тоглолтод АНУ-ын хөнгөн атлетикч Жесси Оуэнсийн авсан алтан медаль интернэт дуудлага худалдаагаар орж нэг сая 467 мянган долларын үнэ хүрчээ. Медалийг Америкийн тэрбумтан Рон Беркл үнэ цохиж авсан байна. Дуудлага худалдаанаас олсон орлогын үлэмж хэсэг нь Жесси Оуэнсийн нэрэмжит санд орно хэмээн түүний охин Марлен Оуэнс мэдэгдлээ.
1936 онд Берлинд, тухайн үеийн Германы удирдагч Адольф Гитлер ирж үзэж байсан зуны олимпийн тоглолтод АНУ-ын хар арьст тамирчин Жесси Оуэнс дөрвөн алтан медалийн эзэн болж байжээ.

Израилийн Ерөнхий сайд Н.Манделагийн оршуулгад оролцохгүй

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Манделаг оршуулах ёслолд оролцохгүй гэсэн шийдвэр гаргасан хэмээн Jerusalem Post сонин мэдээлэв. Ийм богино хугацааны албан ёсны айлчлалын зардал төлөвлөгөөт айлчлалын зардлаас их байдаг тул мөнгө хэмнэх үүднээс ийм шийдвэр гаргасан аж.
Өмнөд Африкийн апартейд дэглэмийн эсрэг тэмцлийг толгойлж, хожим нь улс орныхоо Ерөнхийлөгчөөр сонгогдож, Нобелийн энх тайвны шагнал хүртэж явсан домогт Нельсон Манделаг оршуулах ёслол өнөөдөр Иоханнесбург хотын 94 мянган хүний суудалтай цэнгэлдэхэд болно. НҮБ-ын тэргүүн Бан Ги Мун, Японы хаан угсааг залгамжлагч хунтайж Нарухито, Их Британи, АНУ, Бразил тэргүүтэй улсын лидерүүд хүрэлцэн ирж Манделад хүндэтгэл үзүүлэх ажээ.  

Ким Чен Уны авгыг зайлуулсан нь тодорхой болов

Хойд Солонгосын эрх баригчид улс орны удирдагч Ким Чен Уны авга ах Чан Сон Тэкийг бүх албан тушаалаас нь буулгаж, зайлуулсныг баталлаа. “Чан болон түүнийг дагагчид гэмт үйлдэл хийж, манай нам болон хувьсгалд асар их хохирол учруулсан” хэмээн Хойд Солонгосын албан ёсны мэдээллийн агентлагийн мэдээнд онцолжээ. Өнгөрсөн ням гаригт Хөдөлмөрийн намын Улс төрийн товчоо хуралдсаны дараа энэ мэдээ албан ёсоор түгсэн байна. Чан Сон Тэк ямар гэмт үйлдэл хийснийг тодотгож хэлсэнгүй. Кич Чен Ун дэглэмийн нөлөө бүхий зөвлөхүүдийг шат дараалан зайлуулж буйн нэг илрэл гэж үзэх хүмүүс байгаа бол, авга ахынх нь нэг ойрын туслах эх орноосоо зугтан Өмнөд Солонгост очиж орогнол хүссэн нь ийнхүү өршөөлгүй байдалд оруулсан гэж байна.
Чан Сон Тэк арваннэгдүгээр сараас эхлэн олон нийтийн өмнө үзэгдэхээ больсон юм. Түүнийг албан тушаалаас нь зайлуулснаас хойш хоёр хамтран зүтгэгчийг нь цаазалж, гадаадад дипломат алба гүйцэтгэж байсан хамаатан садныг нь эргүүлэн татжээ. Чан Сон Тэкийг засан хүмүүжүүлэх колони руу илгээсэн гэх мэдээлэл ирж байгаа юм.

Жагсагчид Лениний хөшөөг нураажээ

ОХУ-тай стратегийн түншлэлийн гэрээ байгуулахыг эсэргүүцэж буй Украины сөрөг хүчний дэмжигч жагсагчид өчигдөр Киев хотын төвд байдаг Лениний хөшөөг эвдэлж нураажээ. Эсэргүүцлийн жагсаал танхайрал болон хувирсныг сөрөг хүчин ч өөрөө шүүмжилж байна. Цагдаагийн газраас Лениний хөшөөг эвдлэн сүйтгэсэн хүмүүсийг тодруулж баривчилж эхэлсэн хэмээн “УДАР” намын депутат Валерий Карпунцов ярьжээ.
Өчигдөр Киев хотод жагссан хүмүүс Лениний хөшөөг буулгаж, эвдэлснийхээ дараа “Одоо Януковичийг (Украниы Ерөнхийлөгч) буулгая” хэмээн хашгирч байжээ. Хууль сахиулах байгууллагаас хөшөөг эвдлэн сүйтгэсэн явдалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

No comments:

Post a Comment