Фидель
Кастрогийн тансаг амьдралыг дэлгэсэн бие хамгаалагч
Кубын
хувьсгалын удирдагч Фидель Кастрогийн хувийн бие хамгаалагчаар 17 жил ажилласан
Хуан Рейналдо Санчес Майами хотод 66 насандаа өвчний улмаас өөд болов. Кубын
Дотоод яамны хурандаа асан Кубын удирдагчийн хувийн амьдралын олон нууцыг өөртөө
авч явснаа “Фидель Кастрогийн нууц амьдрал” номд дэлгэн харуулсан билээ. Фидель
1977 онд хувийн бие хамгаалагчаараа хэнийг сонгохыг сайн мэдэж байсан юм. Тэр
бол хууль, эрх зүй, тагнуул, сөрөг тагнуулаар мэргэшсэн, мэргэн бууч, карате,
жүдогийн хар бүстэй Хуан Рейналдо Санчес байсан аж.
Кастро 20 орчим
зуслан, дарвуулт хөлөгтэй Каёо Пиедра арал, банкны нууц данснууд, алтны уурхай,
гэрийн үйлчлэгч нар, дүрэмт хувцастай тогооч нар, тэр бүү хэл хувийн
хэрэгцээндээ зориулсан бяслагны үйлдвэр эзэмшдэг байсныг Санчес дэлгэсэн юм. Тэрээр
амьдралынхаа 26 жилийг Кубын удирдагчийн аюулгүй байдлыг сахиулахад зориулсан
ба 17 жилийг нь гэр бүлээ золиослон байж Кастрог сүүдэр мэт дагаж шадарласан
юм. Санчес даргынхаа хариу талархал, тус мэддэггүй занг нь бус харин урвалтыг
нь буруутгаж байв. “Өөрт нь үйлчилж байсан олон хүнд хариу талархалгүй
ханддагаас илүүтэй түүний урвалтыг би зэмлэнэ. Тэр олон сая кубачуудын итгэлээс
урвасан” хэмээн Хуан Рейналдо Санчес өгүүлж байлаа.
Фиделийн хувийн
бие хамгаалагч асан “АВС” сонинд ярилцлага өгөхдөө “Кубын дарангуйллын хамгийн
том нууцын нэг нь Фиделийн хувийн амьдрал. Энэ нь төрийн нууц байсан. Тэрээр хэзээ
ч амралт авч байгаагүй хамаг юмаа золиослосон хувьсгалчийн дүр төрхөө дэлхий
нийтэд цацдаг байсан ч үнэн хэрэгтээ XVI зууны хааны бүх л тансаглалыг эдэлсэн
капиталист шиг амьдарч байсан. Фидель Кубыг феодал ноён мэт л захирдаг байсан”
хэмээн онцолсон ажээ. Ф.Кастрогийн бие хамгаалагч нарыг улирдаж байсан Санчес
түүний Куба болон гадаад дахь айлчлалын аюулгүй байдлыг хариуцдаг байв. Мөн
Куба арал дээрх сургалт, бэлтгэлийн төвийг ЭТА, FARC, Сандинист бүлгийн
партизануудад ашиглуулж байсныг тэрээр дэлгэсэн юм.
1989 онд Фидель
Кастро тэр үеийн Дотоод хэргийн сайд Хосе Абрантестэй хар тамхины наймаатай
холбогдсон тухайгаа хэлж, ярилцаж байгааг Хуан Рейналдо сонсчээ. Дараагаар нь
Фидель өөрийн болон дүү Раулийн нэрийг цэвэрлэхийн тулд генерал Арналдо Очоад
цаазын ял оноосныг Санчес дэлгэн ярьж байв. 1994 онд Хуан Рейналдо Санчес 45
насандаа албанаасаа халагдах хүсэлт гаргаж, үүнийхээ улмаас “Үл захирагдсан”
хэмээн хоёр жил шоронд хоригджээ.
Санчес арван
удаагийн оролдлогын эцэст 2008 онд завиар зугтаж Америкт очжээ. Хуан Рейналдо
Санчес Кастрогийн нууцыг дэлгэх нь миний үүрэг хэмээн шийдсэн байв. Тэрээр эх
орон нэгтнүүдтэйгээ уулзаж чадаагүй ч эрх чөлөөгөө эдэлсээр, Америк, Кубын
харилцааны мөс хайлж эхлэхийг дөнгөж хараад хорвоогоос явлаа. Фиделийн хувийн
бие хамгаалагч асан сүүлчийн өдрөө хүртэл “Яагаад хувьсгалын баатрууд эсэргүүцэн
тэмцэж байсан дарангуйлагчдаасаа илүүтэй нухчин дарагч болон хувирчихдаг юм бэ”
хэмээн асуусаар байсан юм.


No comments:
Post a Comment