Египетэд дахин
цэргийн эргэлт, хувьсгал гарахыг үгүйсгэхгүй байна
Египетийг 30
гаруй жил төмөр гараар удирдсан Хосни Мубарак ард түмний бослогын улмаас огцорч
араас нь “Лалын ахан дүүс” хөдөлгөөний талыг баримтлагч Мохамед Мурси гарч
ирсэн ч 2013 оны долдугаар сард цэргийн эргэлтээр түүнийг эрх мэдлээс
зайлуулсан билээ. Одоогоос нэг жилийн өмнө болсон сонгуульд армийн генерал
Абдельфатах аль-Сиси 96.9 хувийн ялалт байгуулж Египетийг удирдах болсон юм.
Тэр цагаас хойш арабын ертөнцийн хамгийн их хүн амтай улс үймж бужигналдсан
хэвээр байна. Генерал Аль-Сисигийн амлаж байсан тогтвортой байдал эргэж
ирсэнгүй. Эдийн засгийн хурц хямрал, авлига, гэмт хэрэг үйлдсэн ч шийтгэлгүй
хоцорсон цагдаа нар зэрэг нь ард иргэдийг Тахрир талбайд жагсан тэмцэхэд
хүргэсэн юм.
“Нөхцөл байдал
Мубаракийн үеийнхээс ч дордсон. Шорон гяндан дахь тамлалт, яргалал
түгшүүртэйгээр нэмэгдэж, хувьсгалд оролцож байсан хүмүүсийг шоронд хийж
зохиомол хэрэгт тулгаж байна” хэмээн хоригдлуудад хууль зүйн туслалцаа үзүүлдэг
Египетийн эдийн засаг, нийгмийн эрхийн төвийн өмгөөлөгч Махмуд Билал өгүүлэв. Лалын
талыг баримтлагч Мохамед Мурсийг 2013 оны долдугаар сард эрх мэдлээс зайлуулсны
дараа эрх баригчдын эсрэг дуугарсан хүмүүсийг дарамталж, нухчин дарах нь
ихэсчээ.
Персийн
булангийн орнуудаас дэмжлэг хүлээсэн Аль-Сиси сүүлийн нэг жилд “Төрийн төмөр
нүүр”-ийг хоёр дахин нэмэгдүүлсэн нь Мубаракийн дэглэмийн хатуу гарыг сэргээсэн
хэрэг болжээ. “Түүний дарангуйллын олон тоглогч тайзан дээр буцаж ирсэн. 2011
он хувьсгалын дараа байгуулагдсан улс төрийн бүлэглэлүүдийн ихэнх нь хавчин гадуурхагдсан”
хэмээн тоймчид хэлж байна. Аль-Сисигийн дэглэм “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг
нухчин дарснаас гадна мөн либералууд, зүүний хүчнийхэн зэрэг тэрс үзэлтнүүдийг “дуусгажээ”.
“Улс төрийн хоригдлууд хэдэн зуугаараа нэмэгдсээр байхад Египетийн орчин үеийн
түүхэнд хамгийн муухай гэмт хэрэг үйлдсэн хүмүүс эрх мэдэлд гарч байна.
Нэгдүгээр сарын 25-ны хувьсгалд итгэж байсан бүх хүн нэгдэх хэрэгтэй байна. Бид
хоорондоо эвлэлдэн нэгдэж, дарангуйллын эсрэг хамтдаа тэмцэх арга замыг хайх
хэрэгтэй” хэмээн “Лалын ахан дүүс” хөдөлгөөний Лондонд цөлөгдсөн гишүүн Абдала
Хаддад ярилаа.
Сүүлийн нэг
жилийн дотор хууль, шүүхийнхэн сөрөг хүчний олон зуун гишүүнд бүх насаар нь
хорих, цаазаар авах ял оноож, сөрөг хүчин, тэрс үзлийг улам бүр боомилох
болжээ. М.Мурсид хоёр долоо хоногийн өмнө цаазын ял сонсгосныг дэлхийн улс
орнууд таатай хүлээж авсангүй. Төрийн бус байгууллагуудын эсрэг хяналтыг
чангатгаж, их дээд сургуулийн оюутнуудыг хянаж цагдаж байгаа ч Аль-Сиси бүх
эсэргүүцэл, дургүйцлийг намжааж чадаагүй юм. Сөрөг хүчнийхнийг олноор нь
баривчилж, хорьж байгааг шүүмжлэх сонин хэвлэл байхгүй болжээ. “Урьдчилан
таамаглахад хэцүү. Гэвч ойрын таван жилд Египетийн нийгэм, улс төр бужигнаж,
самуурсан хэвээр байх болно. Бослого хөдөлгөөн тархах магадлалтай. Дахин нэг
цэргийн эргэлт, эсвэл хувьсгал гарахыг ч үгүйсгэхгүй” хэмээн тоймч Данне
өгүүлэв.
“Исламын улс”
бүлгийн нэг салбар гэгддэг Синайн босогчдыг Аль-Сиси тайвшруулж чадсангүй. Тэд
Египетийн аюулгүй байдалд заналхийлсэн хэвээр байна. “Сири, Ливи, Йемен дахь
дайн, хямрал Абдельфатах Аль-Сисид ашигтай тусч тэрээр Европын зарим орны
итгэлийг олж авсан. Египетийн одоогийн дэглэм тайван сөрөг хүчний бүх хаалга,
замыг нь хааж байна. Тиймээс Египетэд тогтвортой байдал ирэх магадлал бага.
Харин ч залуусыг радикал үзэл бодол, бослого хөдөлгөөн рүү түлхэж байна. Европ,
Америк Аль-Сисиг дэмжсэнээрээ хариуцлагын нэг хэсгийг үүрэх ёстой” хэмээн улс
төрийн тоймч Данне үгээ төгсгөлөө.

No comments:
Post a Comment