Хууль бус
цагаачлалтай тэмцэхэд НҮБ-аас тусламж хүсэв
Европын
холбооны гадаад бодлогын тэргүүн Федерика Могерини НҮБ-д хандаж Газар дундын
тэнгисээр дамжин Европт орж ирдэг цагаачдын асуудлыг шийдэхэд дэмжлэг
үзүүлэхийг уриаллаа. Тэрээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр үг
хэлэхдээ, Европын холбоо энэ асуудлаар тусгай ажиллагаа явуулах боломжийг
судалж байгааг дуулгажээ. Хууль бус цагаачдыг зөөвөрлөдөг хөлөг онгоцуудыг
хурааж, устгах тухай яригдаж байгаа юм. Мөн Европ руу хууль бус цагаачдыг
оруулдаг гэмт бүлэглэлийг устгах төлөвлөгөө боловсруулж байгаа аж.
Сүүлийн үед
Африкийн хууль бус цагаачид Италид хөл тавихын тулд найдваргүй хөлөг онгоцоор
хууль бусаар зорчих нь ихэсчээ. Саяхан 600 орчим цагаач Италийн Лампедуза арал
руу явж байгаад хөлөг онгоц нь далайд сүйрч амь үрэгдсэн юм. Цагаачлалын олон
улсын байгууллагаас мэдээлж буйгаар, 2015 он гарсаар 1770 хүн Европ хүрэх
замдаа далайд амь насаа алджээ. Хууль бус цагаачид ачсан хөлөг онгоцууд замдаа
гарсаар байгааг санууллаа.
Эмх
замбараагүй, засаг захиргаагүй байдал ноёрхож байгаа Ливи улсын боомтуудаас
хамгийн их цагаачид Европ руу гарч байгаа аж. Европын холбоо энэ асуудлаар
Ливитэй гэрээ, тохиролцоо хийх боломжгүй байна. Хэдийгээр тодруулах, хийх
нарийн ширийн зүйл их байгаа ч хууль бус цагаачдын эсрэг цэргийн хүч ашиглах нь
Европын холбооны нэг зорилтын нэг болоод байна. Хууль бус цагаачид гүн тэнгист
гарчихсан хойно нь олж аврах биш, харин Африкийн эргээс хөдлөхөөс нь өмнө
зогсоох ёстой хэмээн Ф.Могерини үзэж байна.
Далайгаас
аварсан, эсвэл Европын газар нутаг дээр хөл тавьсан цагаачдын асуудлыг
шийдвэрлэхэд маш хүнд байдаг. Тэдний ихэнх нь ямар ч бичиг баримтгүй, аль улсын
иргэн болох нь тодорхойгүй байдаг. Тиймээс тэднийг буцаах газар байхгүй, эцэст
нь хүний эрхийн конвенцийн дагуу цагаачдын байранд байлгаж тэжээхээс өөр
аргагүй болдог ажээ.

No comments:
Post a Comment