Tuesday, 19 May 2015



Петр Порошенко: “Оростой жинхэнэ дайн өрнөж байна”

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко “ВВС” агентлагт ярилцлага өгөхдөө, Украин улс Оростой жинхэнэ дайны байдалтай байна хэмээн мэдэгджээ. Украины газар нутаг дээр Оросын тусгай албаны хоёр дайчин баривчлагдсаныг тэрээр сануулав. Нэг жилийн өмнө Украины Ерөнхийлөгч болсон Порошенко улс орны зүүн хэсэг дахь салан тусгаарлах үзэлтэй тэмцэх амаргүй даалгавартай шууд тулгарсан юм. Салан тусгаарлах үзэл нь маш хурдан зэвсэгт мөргөлдөөн болон хувирсан билээ. Украины зүүн нутаг дахь бослогод ОХУ дэмжлэг үзүүлж байна хэмээн буруутгадаг ч Москва үүнийг эрс няцаасаар байна. Саяхан Луганск мужид Оросын хоёр иргэн украин цэргүүдэд баривчлагджээ. Тэд Оросын зэвсэгт хүчний албан хаагч биш хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэв.
Украины зүүн хэсэг дахь Оросын талыг баримтлагч зэвсэгт бүлгүүд зуны ээлжит довтолгоондоо бэлтгэж байна хэмээн Петр Порошенко үзэж байна. “Бид үүнд бэлэн байх ёстой гэж бодож байна. Гэвч бид тэдэнд өдөөн хатгалга хийх өчүүхэн ч шалтаг гаргаж өгөхгүй. Тиймээс хариуцлагыг тэд бүрэн хүлээх болно” хэмээн тэрээр “ВВС”-д ярилаа.
“Та Владимир Путинд итгэж байна уу” гэсэн асуултад “Итгэдэг үү гэж үү, үгүй ээ” хэмээн хариулжээ. “Итгэдэггүй хүнтэйгээ яаж яриа хэлэлцээ өрнүүлэх юм бэ” гэхэд Порошенко “Надад өөр гарц алга. Бид цэргийн хүчээр газар нутгаа эргүүлэн авч чадна гэж бодохгүй байна” хэмээн хүлээн зөвшөөрчээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ, ОХУ-ын хоорондох дипломат харилцаа холбооны идэвх мэдэгдэхүйц нэмэгдсэн юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон Төрийн департаментын өндөр албаны төлөөлөгч Москвад айлчилсан билээ. “Америкууд Владимир Путинтай харилцаагаа сайжруулчихвал Украинд муугаар нөлөөлөх юм биш биз” хэмээн “ВВС”-ийн сурвалжлагч асуухад П.Порошенко “Жон Керри В.Путинтай уулсаныхаа дараа хувийн нисэх онгоцноосоо над руу утасдсан. АНУ Украиныг хэзээ ч орхихгүй гэдгийг тэр батлан хэлсэн” хэмээн хариулжээ. 

No comments:

Post a Comment