Стюарт Бинхам
дэлхийн аварга боллоо
Снүүкер биллиардын
дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Английн Шеффилд хотод өндөрлөв. Аваргын
төлөөх тулаанд 2005 оны дэлхийн аварга Шон Мерфи, 20 жил мэргэжлийн снүүкерт зүтгээд
анх удаа шувтаргын тоглолтод гарч ирсэн Сюарт Бинхам (38 настай) нар өрсөлдлөө. Аваргын тоглолт хоёр өдөр
үргэлжилж Бинхам 18-15 харьцаагаар ялалт байгуулж анх удаа дэлхийн аварга
болжээ. 1978 онд Рэй Реардон 45 насандаа дэлхийн аварга болсноос хойш хамгийн
хөгшин аварга төрөн гарч буй нь энэ. Бинхам аваргын цом, 300 мянган паундын шагналын
эзэн болов. Тэрээр аварга болох замдаа дэлхийн аварга Грэм Дотт, Ронни О’Салливан, ирээдүйтэй залуу Жадд Трамп нарыг хожсон юм.
Хамгийн хөгшин усны үхэр нас баржээ
АНУ-ын Денвер
дахь амьтны хүрээлэнд Хойд Америкийн хамгийн хөгшин усны үхэр нас барлаа хэмээн
мэдээлэв. 58 настай Берти хэмээх усны үхрийг мэргэжилтнүүдийн шийдвэрээр
унтуулсан байна. “Денверийн амьтны хүрээлэн, амьтан сонирхогчид том хохирол
амслаа. Берти 50 гаруй жилийн турш манай гэр бүлийн гишүүн байлаа” хэмээн
амьтнй хүрээлэнгийн захирал Шэннон Блок ярилаа.
Берти хэмээх
усны үхэр 1958 онд хоёр настай байхдаа Нью-Йоркоос Денверийн амьтны хүрээлэнд
ирж 29 усны үхрийн эцэг болсон юм. Усны үхэр зэрлэг байгальд 30-40 насладаг
ажээ.
НҮБ-ын тэргүүн
В.Путинтэй уулзахаар төлөвлөж байна
Москвад болох
Ялалтын 70 жилийн ойн баярт оролцохоор болсон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн
дарга Бан Ги Мун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байна
хэмээн НҮБ-ын тэргүүний албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдэв. “Бан Ги
Мун Орост айлчлах үеэрээ Ерөнхийлөгч Путин болон Ялалтын баярт ирсэн бусад
зочид, төлөөлөгчтэй уулзана” хэмээн тэрээр хэллээ. Харин Бан Ги Мун, В.Путин
нар ямар асуудлаар ярилцах нь тодорхойгүй байна.
Шинэхэн гүнжид
Шарлотт хэмээх нэр хайрлажээ
Их Британийн
хаан ширээг залгамжлагч ханхүү Уильям, гэргийн Кейт Мидллтон нар саяхан
мэндэлсэн охиндоо Шарлотт Элизабет Диана хэмээх нэр хайрлажээ. Энэ тухай Кенсингтоны
ордноос мэдээллээ. Хаан ширээг залгамжлагчдын жагсаалтад дөрөвдүгээрт бичигдэж
байгаа шинэ гүнжийг ийнхүү Кембрижийн гүнж Шарлотт хэмээн албан ёсоор нэрлэх
болов. Шинэ гүнжийн нэрэнд ханхүү Умльямын ээжийн дурсгалд зориулж Уэльсийн
гүнж Дианагийн нэрийг оруулна хэмээн таамаглаж байсан нь ийнхүү биеллээ
оллоо. Шарлотт гэдэг нь Чарльз хэмээн
нэрийн эмэгтэй хувилбар юм. Английн хаан III Георгийн гэргий ийм нэртэй байсан
ба XVIII зуунд Шарлотт хэмээх нэр ихэд алдаршсан ажээ.



No comments:
Post a Comment