Хэт халуун 500
гаруй хүний аминд хүрээд байна
Энэтхэгийн
зарим мужид сүүлийн хэдэн өдөр Цельсийн 50 градус хүртэл халж байгаа хэт халуун
цаг агаар 500 гаруй хүний аминд хүрээд байна. Өмнөд хэсгийн Телангана, Андра
Прадеш мужид гэхэд л өнгөрсөн хагас сайнаас хойш 350 орчим хүн халууны улмаас
амиа алджээ. Аллахабад, Уттар Прадешт агаарын халуун 48, нийслэл Дели хотод 44
градус хүрч байна. Эрх баригчдын зүгээс иргэдийг гэртээ үлдэж, маш их ус ууж
байхыг зөвлөжээ.
Хэт халуун
агаар дөрөвдүгээр сарын дундаас эхлэн өмнө зүгийн мужуудыг дайрч байгаа ч
өнгөрсөн долоо хоногоос эхлэн хүмүүс олноороо амиа алдах болов. Халуунд хамгийн
их цохиулсан Андра Прадеш мужид 246 хүн амиа алдаад байна. Тавдугаар сарын
25-нд гэхэд л 62 хүн наранд цохиулж амиа алджээ.
“Хэт халууны
золиос болж буй хүмүүсийн ихэнх нь 50 гаран насны, гудамжинд ажилладаг хүмүүс
байна. Иргэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, малгай, шүхэртэй явж, ус,
шингэн их хэмжээгээр уух хэрэгтэй” хэмээн Андра Прадеш мужийн Байгалийн
гамшигтай тэмцэх хэлтсийн төлөөлөгч Тулси Рани ярилаа. Цөлөрхөг Ражастан мужид
58 хүн халуунд цохиулж нас бараад байна хэмээн Press Trust of India агентлаг
уламжиллаа. Халуун, бүгчим цаг агаар дахиад хэд хоног үргэлжилнэ хэмээн Цаг
уурын албанаас мэдэгдлээ. “Андра Прадеш, Телангана муж, Дели хот болон хойд хэсгийн хэд хэдэн
мужид хэт халуун агаар дахиад дөрөв хоног үргэлжилнэ” хэмээн эрх баригчид
сануулж байна.
Калькутта мужид
таксины хоёр жолооч наранд цохиулан амиа алдсаны дараа тус хотод
агааржуулагчгүй таксинуудыг үйлчилгээнд гарахыг хоригложээ. Хэд хэдэн мужид
сүүлийн нэг, хоёр сарын дотор бороо ороогүйн улмаас ган гачиг нүүрлэж, худгийн
ус ширгэжээ. Үүний улмаас олон фермерүүд ургац алдах нь тодорхой болоод байна.
Налгонда мужид гэхэд л нийт тариалангийн 50 хувь нь хатаж үгүй болжээ.

No comments:
Post a Comment