Monday, 25 May 2015





Ватиканы банкны ашиг 24 дахин өсчээ

Ватиканы банк буюу Шашны үйл хэргийн хүрээлэнгийн цэвэр ашиг 2014 онд 24 дахин өсчээ. Нийтлэгдсэн тайлангаас үзэхэд тус банк өнгөрсөн онд 69.3 сая еврогийн ашигтай ажилласан байна. 2013 онд дөнгөж 2.9 саяын ашигтай ажиллаж байжээ. Авлигын эсрэг тэмцлийн хүрээнд Ромын пап ламын зарлигаар 2014 онд Ватиканы банкны удирдлагыг сольсон юм. Шашны үйл хэргийн хүрээлэн дэлхий даяарх католик шашны үйл хэргийг санхүүжүүлэхээс гадна католик лам нарт банкын үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Болгар, Грек, Турк хилийн хамтарсан төвтэй болно

Болгар, Грек, Турк улс хууль бус цагаачлал, зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх зорилгоор хилийн алба, гаалийн хяналтын хамтарсан төв байгуулахаар тохиролцлоо. Софи хотод болсон гарын үсэг зурах ажиллагаан дээр Болгарын Дотоод хэргийн сайд Румяна Бычварова “Гурван улс нийтлэг ашиг сонирхлоо хамгаалахын тулд илүү нягт хамтран ажиллах боломжийг нээж байна” хэмээн онцолжээ. Хил, гаалийн хамтарсан төв Болгар, Туркийн хил дээрх Капитан-Андреево тосгонд байрлах юм. Туркт байдаг сири голдуу хэдэн мянган дүрвэгч, цагаач Болгар, Грекээр дамжин Европын холбооны улс руу нэвтрэх гэж оролддог ажээ.

Бангладешт лалын бүлгийг хориглов

Бангледешийн эрх баригчид блогчдын амь насанд халдсан хэрэгт буруутгагдаж байгаа лалын зэвсэгт “Ансарулла Бангла” бүлгийн үйл ажиллагааг хориглолоо. Дотоод хэргийн яамнаас мэдэгдэж буйгаар, тус бүлгийнхэн энэ онд гурван блогчны амь насанд халдаад байгаа аж. Тэдний дотор бангладеш гаралтай Америкийн иргэн Авижит Рой байгаа юм. Бангладешийн зохиолч, блогчид улс оронд лалын радикал үзэл бодол нэмэгдэж буйг хүчтэй шүүмжлэх болжээ. “Ансарулла Бангла” бүлэг 2013 онд блогч Ахмед Ражиб Хайдарын амь насанд халдаж байсан юм.

“Реал”-ын Карло Анчелотти ажлаасаа халагдав

“Реал Мадрид” клубын дасгалжуулагч Карло Анчелотти ажлаасаа халагджээ. Клубын Ерөнхийлөгч Флорентино Перес түүнтэй цаашид хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн байна. 55 настай итали мэргэжилтэн “Реал”-д Эзэн хааны цом, мөн  Аваргуудын лигийн арав дахь түрүүг нь авчирсан билээ. Энэ улирлын Аваргуудын лигийн хагас шигшээд “Реал Мадрид” Италийн “Ювентус”-т ялагдсан юм. Харин Испанийн лигт “Барселона”-д түрүүгээ алджээ.
“Надад Итали, Англи, Германаас санал ирсэн. Гэвч би нэг жил амрах бодолтой байна” хэмээн Карлетто сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. “Реал”-ын олон тоглогч Карло Анчелоттийг дэмжиж байсан ч багийн удирдлага итали мэргэжилтнээс татгалзах шийдвэр гаргажээ.

Д.Кэмерон, В.Путин нар Сири, Украины асуудлаар ярилцжээ

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Сири, украин дахь нөхцөл байдлын талаар утсаар 30 орчим минут ярилцаж хэлэлцлээ хэмээн Даунинг-Стритийн төлөөлөгч мэдэгдэв. Хоёр улсын үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхүүд уулзаж Сирийн хямралыг шийдвэрлэх энхийн хэлэлцээг сэргээх оролдлого хийх ёстой хэмээн лидерүүд тохиролцжээ. Сирийн хямралыг шийдвэрлэх үйл явцад Сирийн Ерөнхийлөгч Башар Асад оролцох ёсгүй хэмээн үзэж буйгаа Британийн Ерөнхий сайд уламжилсан байна. Лондон, Москвагийн хооронд ноцтой санал зөрөлдөөн байгаа ч өнөөдөр Минскийн тохиролцоог мөрдөх ёстой хэмээн Дэвид Кэмерон Украины талаарх санал бодлоо илэрхийлжээ.

Асрах газарт гал гаржээ

Хятадын Диншань хот дахь хөгшчүүдийг асрах газарт гал гарсны улмаас 38 хүн амиа алдаж, зургаан хүн түлэгдэж гэмтлээ хэмээн China.com сайт мэдээлэв. Шатсан байшинд хүмүүс үлдсэн байж магадгүй тул амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй байна. Аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Цахилгаан дамжуулах шугамд богино холболт үүссэнээс гал гарсан хэмээн үзэж байгаа аж. Гал гарах үеэр асрах газарт 100 гаруй хүн байжээ. 

No comments:

Post a Comment