Байкеруудын
хоорондох мөргөлдөөнд есөн хүн амь
үрэгдэв
АНУ-ын Техас мужийн
Уэйко хотод байкерууд буюу мотоциклчдын бүлгүүдийн хооронд мөргөлдөөн болсны
улмаас есөн хүн амиа алдаж, 17 хүн шархаджээ. Дайсагнагч бүлгүүдийн хоорондох
мөргөлдөөн өдрийн цагаар нэгэн зоогийн газарт эхэлж, дараа нь автомашины
зогсоол дээр үргэлжилж гинж, мод, хутга, буу хэрэглэн тулалджээ. Найман хүн
газар дээрээ нас барж, нэг хүн эмнэлэгт өнгөрсөн байна. Хэргийн газраас 100
орчим зэвсэг олж хураажээ. Цагдаа нар хэд хэдэн хүнийг баривчлаад байна.
Мохаммед Мурсид
цаазын ял оноосныг Европын холбоо
эсэргүүцэв
Европын
холбооны дипломат албаны тэргүүн Федерика Могерини Египетийн Ерөнхийлөгч асан Мохаммеду
Мурси болон түүний талынханд цаазаар авах ял оноосон нь Египетийн олон улсын
өмнө хүлээсэн үүрэг амлалтад нийцэхгүй байна хэмээн мэдэгдэв. Египетийн эрх
баригчид гэмт хэрэгт буруутгагдсан хүмүүсийг шударга шүүхээр хангах үүрэг
хүлээсэн хэмээн Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын дээд төлөөлөгч
Могерини хэллээ. “Давж заалдах явцад цаазын ялыг эргэн харна гэдэгт Европын
холбоо итгэлтэй байна. Тогтвортой байдал, хүний эрхийг баталгаажуулсан байх
ёстой” хэмээн мэдэгдэлд онцолжээ. Европын холбоо ямар ч тохиолдолд цаазын ялыг
эсэргүүцдэг билээ.
Мохаммед Мурси болон
“Лалын ахан дүүс” хөдөлгөөний 105 гишүүн тавдугаар сарын 16-нд шүүхээс ялын
дээд хэмжээ сонссон юм. Мурсийг 2011 онд “Лалын ахан дүүс” хөдөлгөөний лидерүүд
шоронгоос бөөнөөрөө оргож, дараа нь аллага үйлдэх нөхцөл бүрдсэн хэрэгт
буруутай хэмээн үзсэн байна. Шүүхээс оноосон цаазын ялыг Египетийн шашны дээд
төлөөлөгч Шауки Аллам батлах ёстой.
Жагсагчид Скопье
хотын төвийг орхихоос татгалзав
Македонийн
нийслэл Скопье хотын төвд цугларсан сөрөг хүчнийхэн Ерөнхий сайд Никола
Груевскийг огцрохыг шаардсаар байна. Тэд хотын төвийг орхихоос татгалзаж
Засгийн газрын байрны өмнө майхан барьжээ. Сөрөг хүчний Социал демократ намын
лидер Зоран Заев “Жагсагчид консерватив Ерөнхий сайдыг огцортол төв талбайг
орхихгүй” хэмээн мэдэгдэв. Сөрөг хүчнийхэн Засгийн газрыг авлигад буруутгаж
байгаа ч Груевскийн энэ бүгдийг няцааж байгаа юм. Засгийн газрыг дэмжигч
хүчнүүд эсрэг жагсаал хийхээр төлөвлөж байна.
Саудын Араб
агаарын довтолгоог сэргээв
Саудын Арабаар
ахлуулсан олон улсын цэргийн хүчин Йемен дахь хусит босогчдыг байрлалыг дахин
довтолж эхэллээ. Таван өдөр гал зогсоосны эцэст ийнхүү довтолгоог сэргээжээ. НҮБ
эвлэрлийн сүүлчийн өдөр гал зогсоолтыг сунгахыг уриалж байсан ч талаар болов. Гал
зогсоох гэрээг ерөнхийд нь дагаж мөрдсөн ч Йемений зарим бүс нутагт хусит
босогчид болон Засгийн газарт үнэнч хүчнүүдийн хооронд байлдаан болсоор байжээ.
Олон улсын буяны байгууллагууд эвлэрлийг ашиглаж энгийн иргэдэд хүмүүнлэгийн
тусламж хүргэж амжсан байна.
АНУ-д 1.8 сая
тахиаг устгажээ


No comments:
Post a Comment