Sunday, 3 May 2015






Мэс засалч Бен Карсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Мэдрэлийн нэртэй мэс засалч Бен Карсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо зарлалаа. Нэртэй эмч Флорида мужийн телевизэд ярилцлага өгөх үеэрээ “Би АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж буйгаа зарлаж байна” хэмээн мэдэгджээ. Карсон сонгуулийн кампанит ажлаа өнөөдөр Детройт хотоос эхлүүлнэ хэмээн ярилаа. Тэрээр 2016 оны сонгуульд Бүгд найрамдах намыг төлөөлөх эрхийн төлөө тэмцэхээр болжээ. 63 настай Карсон консерватив үзэл бодлоороо америкуудын дунд алдаршсан нэгэн юм.

Хоёр өдрийн дотор зургаан мянган цагаачийг аварчээ

Италийн эргийн харуулын цэргүүд өнгөрсөн хагас сайны өглөөнөөс эхлэн зургаан мянга орчим африк цагаачийг Газар дундын тэнгисээс аварчээ. ВВС мэдээлж буйгаар, цагаачдыг далайгаас аврах ажиллагаа хоёр өдөр үргэлжилсэн байна. Өчигдөр Италийн аврагчид Ливийн эрэг орчмоос арав гаруй цогцсыг гаргаж авчээ. Газар дундын тэнгисээр дамжин Италид ирж байгаа цагаачид нь ямар ч бичиг баримтгүй байх нь элбэг тул тэднийг буцааж явуулах хаяг байдаггүй аж. Италийн газар нутаг дээр хөл тавьсан цагаачдийн 30-40 хувь нь Италид үлддэг гэсэн тооцоо байдаг.

М.Плисецкаятай Германд салах ёс гүйцэтгэнэ

Оросын нэрт балетчин Майя Плисецкаятай салах ёс гүйцэтгэх ёслол Германд төрөл төрөгсөд, ойр дотныхны хүрээнд болно хэмээн Москвагийн Их театрын дарга Владимир Урин мэдэгдлээ. Плисецкая өөрийн чандрыг Орост аваачиж хийсгэхийг гэрээслэсэн аж. Оросын нэрт балетчин Майя Плисецкая уржигдар Германд 89 насандаа зүрхний өвчнөөр өөд болсон юм. Тэрээр 1991 оноос хойш нөхрийн хамт Мюнхенд амьдарч байсан ажээ.

Саудын Араб Аденд цэргээ оруулсан уу

Йемен дахь хусит босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж буй Саудын Араб тэргүүтэй эвслийн цэргүүд нийслэл Аден хотод газраар давшиж эхэлсэн гэх мэдээллийг Саудын Арабын зэвсэгч хүчний төлөөлөгч няцаалаа. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, эвслийн цөөнгүй цэрэг Аден хотын нисэх буудалд газардаад байгаа аж. ВВС мэдээлж буйгаар, олон улсын цэргийн эвсэл тагнуулын ажиллагаа явуулж байж магадгүй байна. Нөгөө талаар, эвслийн хүчин болон хусит босогчид нисэх буудлын орчимд ширүүн тулаан явуулж байгаа тухай мэдээ иржээ.

Spice Girls Бекхэмийн 40 насны баяр дээр эргэн нэгджээ

Британийн алдарт Spice Girls хамтлагийн гишүүд хөлбөмбөгч Дэвид Бекхэмийн 40 насны баяр дээр эргэн нэгдлээ хэмээн Telegraph уламжлав. Тухайн үедээ дэлхийг шуугиулж байсан охидын хамтлагийн таван гишүүний дөрөв нь Викториа Бекхэмийн нөхрийнх нь төрсөн өдрөөр Мароккогийн Марракеш хотод уулзжээ. Мел Си, Жери Холлиуэлл, Эмма Бантон, Викториа Бекхэм нар эргэн уулзсан зургаа интернэтэд тавьж “Spice Girls эргэн нэгдлээ” хэмээн нэрлэжээ. Хамтлагийн хар арьст гишүүн Мелани Браун үдэшлэгт ирж чадаагүй аж. Хөлбөмбөгч Дэвид Бекхэм 40 насны баяраа Марокко дахь тансаг зуслан дээр тэмдэглэсэн байна.

Hulk болохын тулд булчин руугаа тос, архи тарьжээ


25 настай бразил залуу Ромарио Дос Сантос Incredible Hulk хүүхэлдэйн киноны баатар болохын тулд тариураар гар руугаа тос, архи шахжээ. Тэрээр аймшгийн том булчинтай болж чадсан ч эрүүл мэндэд нь муугаар нөлөөлж гараа тайруулах дөхсөн аж. Эдүгээ түүнийг төрөлх Калдас хотод нь “Араатан”, “Мангас” хэмээн хочлох болжээ. Булчиндаа тос, архи шахсаны дараа булчин нь хатуурч дахин хэвийн байдалд оруулах аргагүй болсон байна. Эмч нар гарыг нь тайрахаас өөр аргагүй гэж хэлэхэд тэрээр гутарч амиа хорлох гэж оролдож байжээ. Тэрээр бодибилдингийн тамирчин болно хэмээн мөрөөддөг байсан аж.  

No comments:

Post a Comment