Нью-Йорк,
Гаваныг шууд нислэг холбоно
JetBlue авиакомпани
мөдхөн Нью-Йоркийн Кеннедийн нэрэмжит нисэх буудлаас Кубын Гавана орох тийз
худалдаж эхэлнэ хэмээн NBC мэдээлэв. Нислэг долдугаар сарын 3-нд эхлэх бөгөөд
150 хүний суудалтай Airbus А320 онгоцоор зорчигчдыг тээвэрлэх юм. Ийнхүү JetBlue нь Нью-Йорк-Гавана чиглэлд
нислэг үйлдэх анхны томоохон агаарын тээвэрлэгч болж байна. Нислэгийг баасан
гариг бүрт тогтмол хийхээр төлөвлөжээ. Саяхан Нью-Йорк мужийн захирагч Эндрю
Куомо Кубад айлчилж эдийн засаг, харилцаа холбооны шинэ боломжийг судалсан юм. АНУ,
Куба хоёр 2014 оны арванхоёрдугаар сард дипломат харилцаагаа сэргээх шийдвэр
гаргасан билээ.
Р.Кадыров сүрэг
хэрээг нисгэгчгүй онгоцоор хөөжээ
Чеченийн лидер
Рамзан Кадыров чечень инженерүүдийн бүтээсэн удирдлагатай нисдэг онгоцоор сүрэг
хэрээг хөөж туршжээ. Тэрээр туршилтаа Instagram дээрээ тавьж “Нисгэгчгүй нисдэг
төхөөрөмжөөр санамсаргүй шинэ боломж нээлээ. Нисэх буудалд онгоц газардах,
хөөрөх үед сүрэг хэрээ болон бусад шувууг үргээж болж байна” хэмээн бичжээ. Шинэ
аппарат нь өндөр, хурд, маневрийн шинэ амжилт үзүүлснийг онцолсон байна. Рамзан
Кадыров 2007 оноос хойш Чеченийг удирдаж байна. Тэрээр 2011 онд Чеченийн
Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон юм.
Пакьяог гэмтлээ нуусан хэмээн шүүхэд өгчээ
АНУ дахь боксын
фанатууд Филиппины нударгач Манни Пакьяог Америкийн Флойд Мейвезертэй
тулалдахаасаа өмнө баруун мөрөндөө авсан гэмтлээ нуусан хэмээн шүүхэд ханджээ.
Зууны хэмээн нэрлэгдсэн энэ тулаанд Мейвезер ялалт байгуулсан юм. Филиппин эрийн
гэмтлийн талаар юу ч мэдээгүй фанатууд тоглолтын тасалбар, телевизийн
дамжуулалт, Пакьяод тавьсан бооцонд олон сая доллар зарцуулсан хэмээн
нэхэмжлэлдээ онцолжээ.
Энэ тоглолтыг
MGM Grand ордонд үзэх тасалбар 350 мянган доллар хүрсэн бол, иргэд 100 доллар
төлж зурагтаар үзэж байсан юм. Пакьяо, Мейвезер нар 400 сая долларыг хувааж
авсан нь боксын түүхэн дахь хамгийн үнэтэй тулаан болжээ. Пакьяо мөрөндөө хагалгаа
хийлгэхээр болсон ба нэг жил боксоос хөндийрөх нь тодорхой болж байна.
НҮБ-ын энхийг
сахиулагчид отолтод оржээ
Конгын ардчилсан
бүгд найрамдах НҮБ-ын энхийг сахиулагчид отолтод орж хэд хэдэн цэрэг амиа
алдлаа хэмээн НҮБ-ын хэвлэлийн албанаас уламжлав. Конго дахь НҮБ-ын албаны
тэргүүн Мартин Коблер Бени хотод болсон отолтыг буруутгасан ч өөр дэлгэрэнгүй
зүйл ярьсангүй. Энэ нь сүүлийн 48 цагийн дотор энхийг сахиулагчид руу халдсан хоёр
дахь тохиолдол ажээ. Сүүлийн үед Конго улсад зэвсэгт хүчин болон Угандагийн
лалын бүлгийнхний хооронд ширүүн тулаан өрнөх болсон юм.
Оросуудын 60
хувь нь эх орныхоо төлөө байлдахад бэлэн


No comments:
Post a Comment