Monday, 11 May 2015




Shell Арктикт өрөмдлөг хийх эрхтэй болов

АНУ-ын засаг захиргаа Англи-Голландын хамтарсан Shell компанид Арктикт нефть, хий олборлох урьдчилсан зөвшөөрлийг өгчээ. Shell компани энэ зунаас Хойд мөсөн далайд өрөмдлөг хийж эхлэх бололтой. АНУ-ын Засгийн газрын зөвшөөрөл нь тус компанийн хувьд томоохон ялалт болж байна. Тэд Бофорт болон Чукоткийн алслагдсан тэнгист олборлолт хийх эрхийн төлөө олон жил хөөцөлдсөн юм. Зарим мэдээллээр тэнд нефть, хийн асар их нөөц байгаа аж.
Америкийн экологчид Цагаан ордны шийдвэрийг шүүмжилж, Арктикт осол гарвал байгальд ноцтой хор хохирол учирна хэмээн мэдэгдлээ.

Канадууд Украинд 25 сая доллараар туслана

Канад улс Украины ардчилсан байгууллын хөгжилд 25 сая доллараар туслахаар болов. Канадын Гадаад хэргийн сайд Дуглас Николсон Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзах үеэрээ ийнхүү мэдэгдлээ. “Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Гэвч дараагийн таван өдөр, таван сар, эсвэл 50 жилд Канад улс Украинд дэмжлэг үзүүлсээр байх болно” хэмээн Канадын Ерөнхий сайд хэлснийг тэрээр дамжуулжээ. Украин улс Минскийн гэрээг нарийн чанд мөрдөж байгааг Порошенко хэлжээ. Харин гэрээг Донецк, Луганскийн бүгд найрамдах улс зөрчиж байгаа хэмээн Киев үзэж байна. Канад улс 200 орчим цэргийн сургагчаа Украин руу илгээхээр болсон нь Оросын эсэргүүцэлтэй тулгарсан юм.

10 настай жирэмсэн охиныг үр хөндүүлэхийг хориглов

Парагвайд цагдаа нар 10 настай өргөмөл охиноо хүчирхийлсэн эрэгтэйг баривчилжээ. Охин эдүгээ таван сартай жирэмсэн бөгөөд үр хөндүүлэхийг хориглоод байна. Парагвайн хуулиар үр хөндүүлэхийг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог аж. Эрүүл мэндийн сайд Антонио Баррос “Охины бие сайн байна. Үр хөндүүлэхэд ч хэтэрхий оройтсон байна” хэмээн ярилаа. Гэвч эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид охиныг хүүхэд төрүүлэхэд хэтэрхий балчир байна хэмээн үзэж, үр хөндүүлэхийг шаардаж байна. Парагвайд жил бүр 14-өөс доош насны 600 орчим охин жирэмсэлдэг ажээ.

Б.Обама 2016 онд Кубад айлчилж магадгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2016 онд Кубад айлчилж магадгүй байна. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест мэдэгджээ. “Ерөнхийлөгч ойрын үед Кубад очихгүй гэж хэлсэн. Гэвч дараа жил Кубад айлчлах боломжоо үгүйсгээгүй” хэмээн Эрнест ярьжээ. Б.Обама саяхан Панамад болсон Америкийн дээд хэмжээний уулзалтын үеэр Кубын удирдагч Рауль Кастротой биелэн уулзаж  ярилцсан билээ.
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Кубад түүхэн айлчлалаар ирээд байна. Тэрээр сүүлийн 60 жилд Кубад хөл тавьсан Францын анхны төрийн тэргүүн болж байгаа юм. Ф.Олланд Рауль Кастротой уулзсаны дараа Фидель Кастрогийн гэрт зочилж найрсаг яриа өрнүүлжээ.

Шумахерийн бие сайжирч байгаа гэв

“Формула-1” авто уралдааны долоон удаагийн аварга Михаэль Шумахерийн эрүүл мэнд сайжирсаар байна хэмээн түүний төлөөлөгч Сабина Кем мэдээлэв. “Түүний бие үл ялиг сайжирсан. Гэвч бүрэн эдгэртэл хол байна” хэмээн тэрээр ярьжээ. Шумахерийн гэргий Коринна нөхрийнхээ эмчилгээний зардлыг гаргахын тулд 34 сая еврогийн үнэтэй хувийн нисэх онгоцыг зарсан байна. Мөн Францын Мерибель дахь тансаг зуслангаа худалдахаар төлөвлөж байгаа аж.

М.Шумахер 2014 оны есдүгээр сард эмнэлгээс гарч Женев нуурын эрэг дахь зусландаа ирсэн юм. Тэрээр зургаан сарын турш эмнэлэгт ухаангүй байж, тархиндаа хэд хэдэн хагалгаа хийлгэсний эцэст ухаан орсон билээ. Шумахер Альпийн ууланд цанаар гулгаж байгаад осолдож толгойдоо хүнд гэмтэл авсан юм.

No comments:

Post a Comment