Sunday, 17 May 2015



Лалын босогчид Рамади хотыг эзэлжээ

Иракийн баруун хэсгийн Рамади хот “Исламын улс” бүлгийн дайчдад эзлэгдлээ хэмээн Иракийн эрх баригчид мэдэгдэв. Хотыг хамгаалж байсан бэхлэлт, хамгаалалт жихад дайчдын довтолгоог эрэргүүцэхэд хангалтгүй байсны улмаас Засгийн газрын цэрэг ухарчээ. Орон нутгийн эрх баригчдын төлөөлөл мэдэгдэж буйгаар, сүүлийн хоёр хоногт тус хотод 500 гаруй хүн алуулсны дотор энгийн иргэд цөөнгүй байгаа аж. Иракийн хамгийн том муж Анбарын нийслэл Рамади хот нь Багдадаас баруун тийш 112 км-т оршдог.
“Исламын улс” бүлэг хотыг бүрэн эзэлж авсан тухайгаа интернэтээр дамжуулан мэдэгдээд байна. Иракийн Засгийн газрыг эсэргүүцдэг суннит овог аймгийнхан болон Садддам Хусейний армийн экс гишүүдийн дэмжлэгийг хүлээдэг жихад дайчид олон сарын турш Рамади хотыг эзлэх гэж оролдсоны эцэст ийнхүү санасандаа хүрчээ. “Исламын улс” бүлгийнхэн стратегийн чухал Рамади хотыг эзэлснээр Анбар мужийг тэр чигт нь хяналтдаа авч чадна гэдгээ Иракийн Засгийн газарт сануулж, батлан харууллаа хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна. Засгийн газрын цэргүүд ухарсаар Рамадигаас зүүн зүгт байдаг Халидиа хотод иржээ.
Анбар мужийн засаг захиргаанд ихэд ойр эх сурвалж мэдээлж буйгаар, Рамади хотын төлөөх тулалдааны явцад Иракийн армийн зэр зэвсийн нөөц дууссан аж. Засгийн газрын цэргүүд Рамади хотыг автомашинаар яаран орхиж буй бичлэг интернэтэд тавигджээ. “Исламын улс” бүлгийнхэн амиа золиослогчдыг ашиглан хэд хэдэн том дэлбэрэлт зохион байгуулсны дараа Иракийн армийн цэргүүд Рамади хотыг орхин зугтжээ. АНУ-ын Батлан хамгаалахын төлөөлөгч Элис Смит “Холбоотны хүчин Иракийн армийг дэмжиж Рамади хотыг буцааж авахад туслах болно” хэмээн мэдэгдлээ. 

No comments:

Post a Comment