Польшийн
Ерөнхийлөгчийн сонгуульд Анжей Дуда ялалт байгуулав
Польшийн
Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны дүн гарч өнөөгийн төрийн тэргүүн
Бронислав Коморовский ялагдаж, сөрөг хүчний консерватив намын нэр дэвшигч Анжей
Дуда ялалт байгууллаа. Коморовский ялагдлаа хүлээн зөвшөөрчээ. Хоёрдугаар шатны
санал хураалтын дүнг нэгтгэн гаргахад Дуда сонгогчдын 53 хувийн санал авсан
байна. Коморовский 47 хувийн санал авчээ. Сонгогчдын ирц 56.1 хувьтай гарлаа. Сонгуулийн
албан ёсны дүнг өнөөдөр зарлана. Энэ намар Польшид парламентын сонгууль болно. Анжей
Дудагийн ялалт түүний консерватив “Эрх, шударга ёс” намын нэр хүндийг өсгөж,
парламентын сонгуульд ялалт байгуулах нөхцлийг бүрдүүлээд байна.
Польшид
Ерөнхийлөгч нь Засгийн газраасаа бага эрх мэдэлтэй байдаг. Парламентын
сонгуульд “Эрх, шударга ёс” нам ялалт байгуулбал 2010 онд Смоленскт нисэх
онгоцны ослоор нас барсан Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньскийн ихэр Ярослав Качиньский
дахин Засгийн газрыг толгойлж магадгүй байна. Өнөөгийн Ерөнхийлөгч
Б.Коморовский “Иргэдийн сонголтыг хүндэтгэж байна. Ялалт байгуулсан
өрсөлдөгчдөө төр улсаа амжилттай удирдахыг хүсэн ерөөе” хэмээн мэдэгдлээ.
Анжей Дуда нь
Ерөнхийлөгч Лех Качиньскийн хуулийн зөвлөх байсан юм. 43 настай Дуда өөрийгөө Лех
Качиньскийн оюун санаа, улс төрийн залгамжлагч хэмээн үздэг аж. Тэрээр саяхан Rzeczpospolita
сонинд ярилцлага өгөхдөө, “Качиньский нас барахаасаа хоёр хоногийн өмнө “Үе
солигдож байна. Тиймээс улс орны хувь заяаг та нар гартаа авах болсон” хэмээн
хэлж байсан” гэж ярьжээ. Польшид барууны хүчин ялалт байгуулсан нь Эва Копачын
толгойлдог эрх баригч “Иргэний мөрийн хөтөлбөр” намд томоохон сануулга боллоо
хэмээн тойм, ажиглагчид үзэж байна.
“Иргэний мөрийн
хөтөлбөр” нам эрх бариад найман жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд санхүүгийн
хямралтай байсан ч эдийн засгийн өсөлтийг тасралтгүй хангаж иржээ. Гэвч Засгийн
газар бүх амлалтаа биелүүлж чадалгүй тэтгэврийн насыг нэмэх зэрэг тааламжгүй
арга хэмжээ авахад хүрч байлаа. Консерватив намд саналаа өгсөн сонгогчдын гол
цөм нь ахмад үеийнхэн байсан юм. Польш улс нь амьдралын түвшингээрээ Баруун
Европын орнуудыг тогтмол гүйцэж ирсэн ч олон польш иргэн энэ өсөлт, хөгжлийг
мэдрэхгүй байгаа аж. Залуусын дунд ажилгүйдэл өндөр хэвээр, иргэд мөнгө олохын
тулд Их Британи, Герман зэрэг орныг зорих нь элбэг байгаа ажээ.
Намрын
парламентын сонгуульд “Эрх, шударга ёс” нам (2005-2007 онд эрх барьж байсан)
ялалт байгуулсан тохиолдолд дотоодын асуудалдаа илүү орооцолдож, Европын
холбоотой түншлэх, хамтран ажиллах тал дээр хойрго болж магадгүй байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шатанд Анжей Дуда хуучинсаг үзэлтэй иргэд
оршин суудаг Украин, Белорусьтай хил залгаа зүүн бүс нутагт илүү санал авсан
юм.

No comments:
Post a Comment