Tuesday, 19 May 2015




Майкл Жордан тансаг эдлэнгээ худалдана

Бүх цаг үеийн хамгийн агуу сагсанбөмбөгч Майкл Жордан Чикаго дахь тансаг  эдлэнгээ зарах гэсэн ч худалдан авагч олдохгүй байна. Тэрээр энэхүү тансаг зуслангаа 2012 онд 29 сая доллараар худалдаанд тавьж байсан юм. Гэвч авах хүн олдоогүй тул 14 сая доллар хүртэл бууруулж дуудлага худалдаагаар оруулахаар болжээ. М.Жордан “Чикаго Буллз” багт тоглож байхдаа зүүж байсан домогт дугаарынхаа үнээр эдлэн газраа худалдах санаатай байна. 23 гэсэн тоо зуслангийнх нь хаалган дээр байдаг аж.
Жорданы зуны өргөө нь маш том талбайтайгаас гадна бүх талаараа тансаг зэрэглэлтэй. Усан бассейн, сагсан бөмбөгийн талбай нь хамгийн үнэ цэнэтэй нь бөгөөд 15 ариун цэврийн тасалгаа, есөн унтлагын өрөөтэй. Эдлэнгийн нийт талбай 17 км кв ажээ. Дуудлага худалдаагаар оруулбал үнэ нь өсч 23 сая долларт хүрнэ хэмээн тооцоолж байгаа аж.

Хятадад нохойн махны эрэлт унажээ

Хятадын Гуанжоу хотод нохойн махаар хоол хийдэг эртний нэгэн зоогийн газар хаагджээ. 1963 онд нээгдэж байсан Sunshine зоогийн газрын эзэн “Нохойн махан хоолны эрэлт буурсан, мөн зоогийн газрын үйл ажиллагаанд тавих хяналт чангарсны улмаас хаагдаж байна” хэмээн ярьжээ. South China Morning Post сонин мэдээлж буйгаар, Гуанжоу хотод нохой, муурны махаар зочдоо дайлдаг хэд хэдэн ресторан хаагджээ.
1960-аад онд хотын захиргаа нутгийн өвөрцмөц хоолоор үйлчилдэг зоогийн газар нээх саналыг бизнесмэнүүдэд тавьснаар Sunshine ресторан нээгдэж байжээ. 2000 онд энэ газар хотын захиргаанаас олгодог “Хятадын алдарт зоог” шагналыг хүртэж байв. Sunshine-д Япон, Хятадын жуулчид байнга зочилдог байжээ. Хятадын гал тогоонд уламжлал ёсоор нохойн махыг өргөн хэрэглэдэг. Бүр манай эрины өмнөх 500-гаад оноос хятадууд нохойн мах зооглодог байжээ. Солонгос, Индонез, Вьетнам, Зүүн Тимор, Гана, Нигери улсад нохойн мах иддэг ажээ.

Афганистанд 60-аад босогчийг устгажээ

Афганистаны зэвсэгт хүчин 60 гаруй босогчийг устгалаа хэмээн эрх баригчид мэдэгдэв. Лагман, Баглан, Тахар, Кундуз, Фарьяб, Бадахшан, Сари-Пуль, Жаузжан, Фарах, Хельманд, Нимроз мужид тусгай ажиллагаа  явуулсны үр дүнд дээрх босогчдыг устгасан байна. Мөн 38 орчим хэт даврагчийг шархдуулж баривчилжээ. Афганы шинэ Ерөнхийлөгч Ашраф Гани хэт даврагчидтай ширүүн тэмцэл өрнүүлнэ хэмээн амласан юм. Талибууд хяналтаа тогтоогоод байгаа алслагдсан мужуудад төвийн эрх мэдлийг эргүүлэн тогтооно хэмээн тэрээр мэдэгдэж байна.

Биеэ үнэлэгчийг Google-ийн менежерийг хөнөөсөн хэргээр шийтгэв

Калифорнийн шүүх Google компанийн топ-менежер Форрест Хейесийг санамсаргүй хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Алекс Тичелманд зургаан жилийн ял оноолоо. Тичелман өөртөө болон Хейест хар тамхи тарьсан нь топ-менежерийг үхэлд хүргэснийг шинжээчид тогтоосон юм. Тэд энэ үеэр Хейесийн дарвуулт хөлөгт байсан бөгөөд Алекс тэнд биеэ үнэлэгчийн үүргээ гүйцэтгэж байжээ. Үйлчлүүлэгч нь хар тамхины улмаас амьсгал хураасны дараа Алекс Тичелман түүний дээгүүр алхаж эд зүйлсээ аваад хундагатай дарсыг уугаад дарвуулт хөлгийг орхиж явсан нь хяналтын камерт бичигдэн үлдсэн байжээ.

Хунтайж Чарльз Шинн Фейний лидертэй гар барьжээ

Британийн хаан ширээг залгамжлагч хунтайж Чарльз Ирландад үндсэрхэг Шинн Фейн намын лидер Жерри Адамстай уулзжээ. Адамс, хунтайж нар гар барьж, дараа нь 15 минут хаалттай уулзалт хийсэн байна. Хунтайж Чарьлз Шинн Фейний лидертэй уулзахыг зөвшөөрсөн Британийн хатан хааны гэр бүлийн анхны гишүүн болсон тул хэвлэлийнхэн энэхүү гар барилтыг “Түүхэн” хэмээн нэрлэж байна.

Шинн Фейн нам нь Хойд Ирландыг Их Британийн бүрэлдэхүүнээс гаргахын төлөө байдаг Ирландын бүгд найрамдах армийн (IRA) улс төрийн жигүүр юм. 1979 онд Ирландын бүгд найрамдах арми Ирландын Маллахмор тосгонд хунтайж Чарльзын хамаатан, лорд Луис Маунтбеттений аминд хүрсэн юм. Тэр үед Жерри Адамс IRA-ийн удирдагчдын нэг байсан хэмээн үздэг ч тэрээр үүнийг няцаасаар иржээ. 

No comments:

Post a Comment