Газар хөдлөлт
Эверестийн оргилыг намсгажээ
Дөрөвдүгээр
сарын 25-нд Балбад болсон газар хөдлөлт дэлхийн хамгийн өндөр оргил Эверестийг
намхан болгосон хэмээн The Huffington Post сонин хэд хэдэн эрдэмтний баримт
судалгаанаас иш татан мэдээлэв. Геофизикийн судалгаа явуулдаг UNAVCO
консерциумаас мэдэгдэж буйгаар, байгалийн гамшгийн дараа дэлхийн дээвэр нэг ямх
буюу 2.54 см-ээр намхан болсон аж. Европын “Харуул-1” хиймэл дагуул дөрөвдүгээр
сарын 29-нд Жомолунгма (Эверест) дээгүүр нисч өнгөрсний дараа эрдэмтэд ийнхүү
дүгнэсэн байна. Хүрээлэн буй орчны салбарт судалгаа шинжилгээ явуулдаг нэгдсэн
хүрээлэнгийн ажилтан Рожер Билхам Эверестийн оргил 1-2 мм-ээр намссан хэмээн
үзжээ. Тус хүрээлэнгээс баталж буйгаар, газар хөдлөлтийн дараа Хималайн нуруунд
байдаг Аннапурна уулсын өндөр 20 см-ээр нэмэгдээд байгаа аж.
Нийслэл
Катманду хот орчмын хоёр мянга 500 кв км газар нутаг өмнөх түвшнээсээ 91 см-ээр
дээшилсэн гэсэн дүгнэлтэд Германы сансар судлалын төв хүрчээ. Газар доорх
хүчтэй түлхэлтийн дараа газрын хэвлий, царцасны нягтрал суларсан нь газрын
гадаргууд өөрчлөлт авчирсан хэмээн эрдэмтэд тайлбарлаж байна. Газар хөдлөхөөс
өмнө нягт, хатуу байсан газрын хэвлий, цөм газар хөдөлсний дараа суларч тэлдэг
ажээ. Балбад газар хөдөлсний дараа Эверест орчмын ууланд цасны хүчтэй нуралт
болсон нь мөн уулсын оргил, өндөрт нөлөөлсөн бололтой.
Эверестэд цасан
нуранги болсны дараа уулчдын баазууд цасанд дарагдсан юм. Одоогоор аврах албаныхан
50 гаруй уулчдын цогцсыг илрүүлээд байна. Амь үрэгдсэн уулчдын ихэнх нь гадаадын
иргэд байгаа хэмээн Reuters мэдээллээ.
Дөрөвдүгээр сарын 25-нд Балбыг сэгсэрсэн газар
хөдлөлтөд долоон мянган хүн амь насаа алдаад байна. 14 мянган хүн шархдаж
гэмтжээ. Өнөөдөр тус улсын 2.8 сая иргэн орон гэргүй хоцорч гадаа, майханд
толгой хоргодож байна.

No comments:
Post a Comment