Saturday, 28 February 2015



“Исламын улс”-ын цаазлагч илчлэгдэв

“Исламын улс” террорист бүлгийн видео бичлэг дээр барьцааны хүмүүсийг сөхрүүлэн суулгаж, өрнөдийн улс орнуудыг заналхийлсэн мэдэгдэл хийсний дараа барьцааны хүний толгойг тасддаг Жихади Жон зандалчны нүүр царай илчлэгдэж, хэн болох нь тогтоогджээ.
Жихади Жон буюу Мохаммед Эмвазийн эцэг нь 1994 онд гэр бүлээрээ Британид шилжиж ирэхээсээ өмнө Кувейтэд цагдаагийн албан хаагч байжээ. Эдүгээ 27 настай Эмвази нь Осама бин Ладений Британи дахь The London Boys хэмээх өрнөдөд харгислал үйлдэх зорилготой нууц бүлгэмийн гишүүн байсан аж. Тэрээр Белгравиагийн чинээлэг иргэдэд гар буу тулган дээрэмддэг гудамжны бүлэгтэй орооцолдож явсан байна. Эмвази 2009 онд Танзаниас Иоханнесбург руу паспортгүйгээр нисэх онгоцонд нэвтрэх гэж байгаад баривчлагдаж байв.
Тэрээр дөрвөн жилийн өмнө Лондонд амьдарч байхдаа лалын хэт үндсэрхэг үзлийнхээ улмаас цагдаа, тусгай албаны байнгын хяналт мөрдлөгөд өртөж, үүндээ гутран амиа хорлох дээрээ тулж байсан тухайгаа өгүүлжээ. “Би өөрийгөө амьд үхдэл хэмээн мэдэрч байсан. Нойрны эм ууж амиа хорлохыг хүсдэг байсан” хэмээн Жихади Жон ярьжээ. Британийн MI5 нууц алба Эмвазийн хэт даврагч үзэл санааг 2009 оноос олж мэдэх болсон юм. Түүнийг баривчлах ёстой байсан ч Эмвази Лондоноос зугтаж Сирид байлдахаар очжээ. Тэрээр “Исламын улс” бүлгийн эгнээнд Жихади Жон хэмээх барьцааны хүмүүсийн толгойг тасддаг зандалчны нэрээр алдаршжээ.

Египет  “Хамас”-ыг террорист байгууллага хэмээн нэрлэв

Египетийн шүүх Газын зурваст эрх барьдаг Палестины “Хамас” бүлгийг террорист байгууллаг хэмээн хүлээн зөвшөөрлөө. “Хамас” энэ шийдвэрийг “Цочирдом, аюултай” хэмээн нэрлэжээ. “Энэ шийдвэр Палестины ард түмний эсрэг, сөрөн зогсох фракцийн эсрэг чиглэж байна” хэмээн “Хамас” мэдэгдэлдээ онцолсон байна. “Хамас” нь Палестины ард түмний болон үндэстний лидерүүдийн хувьд ихээхэн нэр хүндтэй тул Египетийн шүүхийн шийдвэрт тийм их нөлөө байхгүй хэмээн мэдэгдэлд дурджээ. Египет улс “Хамас”-ын байлдааны жигүүр болох “Изаддин аль-Кассамын бригад”-ыг мөн террорист байгууллага хэмээн үзсэн билээ. “Хамас” нь мөн Египетэд хориглогдсон “Лалын ахан дүүс” бүлгийн нэг салбар хэмээн үзэж байгаа аж.

Сьерра-Леоны дэд ерөнхийлөгч өөрийгөө хорионд оруулав

Сьерра-Леоны дэд ерөнхийлөгч Самуэль Сам-Суман нэг бие хамгаалагч нь Эбола тахлаас нас барсны дараа өөрийгөө 21 хоногийн хорионд оруулжээ. Түүний бие хамгаалагч Жон Корома долоо хоногийн өмнө Эболагаар нас барсан юм. “Би эрсдэл хүлээхийг хүсэхгүй байна. Тиймээс бүгдээрээ энэ өвчнөөс сэргийлэхийн тулд бусдад үлгэрлэхийг хүсч байна” хэмээн дэд ерөнхийлөгч ярьжээ. Түүний бие сайн байгаа бөгөөд өвчний шинж тэмдэг илрээгүй байгаа аж. Сам-Сумантай хамт ажилладаг хүмүүс бүгд хорионд орж байгаа юм.
Тэрээр өөрийгөө сайн дураар тусгаарласан анхны төрийн өндөр албан тушаалтан болж байна. Хөрш Либери улсад ерөнхий эрүүл ахуйч эмч болон Тээврийн сайд нь өвчний хөл хорионд ороод байгаа билээ. Сьерра-Леон, Либери, Гвинейд дэгдсэн Эбола тахал 10 мянган хүний аминд хүрсэн ч сүүлийн үед намжих хандлагатай болжээ. 



Борис Немцовыг хөнөөсөн шалтгаан юу вэ?

Оросын нэртэй улстөрч Борис Немцов хоёрдугаар сарын 28-ны орой 23.00 цагийн үед Кремлийн ойролцоох Москва голын гүүрэнд дээр явж байгаад гэмт этгээдүүдэд буудуулан амь насаа алдлаа. Үл мэдэгдэх этгээдүүд түүний араас зургаан удаа буудаад цагаан машинд суун зугтаж алга болжээ. Немцов нэгэн танилтайгаа  явж байсан аж.
ОХУ-ын Мөрдөн шалгах хорооны албаны төлөөлөгч Владимир Маркин сөрөг хүчний лидерийг хөнөөсөн шалтгааныг хэрхэн таамаглаж буйг ярьсан байна.  Тэдгээрийн дотор лалын хэт даврагчдын ул мөр дурдагджээ. Немцов Парис дахь Charlie Hebdo сэтгүүлийн шог зураачдыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой байр суурийнхаа улмаас заналхийлэл, сүрдүүлэг сонсч байсан юм. Мөн энэ аллага Орос дахь улс төрийн нөхцөл байдлыг тогтворгүй болгох гэсэн өдөөн хатгалга байж магадгүй хэмээн үзэж байна. “Улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд ямар ч арга хэрэглэхээс буцдаггүй увайгүй хүмүүсийн хувьд Немцов нь өвөрмөц ариун золиос байж болох юм” хэмээн Маркин хэллээ. Үүнээс гадна дээрх аллага Украины дотоод хямрал болон Немцовын арилжаа наймааны үйл хэрэг, эсвэл өөрт нь таагүй ханддаг хүмүүстэй холбоотой байж магадгүй гэсэн таамаглал явж байна.
Мөрдөн шалгагчид богино хугацаанд чухал үр дүнд хүрээд байгааг Маркин онцоллоо. Түүний батлан хэлж буйгаар, Немцовтой хамт явж байсан хүмүүс, аллага үйлдэгдэх үед тэр хавьд байсан иргэд болон бусад гэрчүүдээс мэдүүлэг аваад байгаа аж. “Мэргэжилтнүүүд гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө болон дараах утасны бүх яриаг нягталж, холбоотой зүйл байгаа эсэхийг шалгаж байна. Борис Немцов хаагуур хаагуур явж байсныг видео ажиглалтын камерийн тусламжтайгаар тогтоож байна. Макаров гар буугаар буудсаныг тогтоосон. Хэргийн газар үзлэг хийхэд 9 миллиметрийн калибртай зургаан хонгио олдсон” хэмээн Маркин нэмж хэллээ. Сөрөг хүчний улстөрчийг буудсан этгээдүүд Немцов хаагуур явж байгааг нарийн мэдэж байсан, энэ гэмт хэргийг сайтар төлөвлөж хийсэн хэмээн үзэж байгаа аж. ОХУ-ын Мөрдөн шалгах хороо “Аллага”, “Хууль бусаар зэвсэг авч явсан, хэрэглэсэн” гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байна. Кремльд сөрөг хүчний зүтгэлтний аллагыг өдөөн хатгалга хэмээн нэрлэжээ.
Б.Немцов “Эв нэгдэл” олон нийтийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, лидерүүдийн нэг, улс төрийн “РПР-ПАРНАС” намын дарга, Оросын сөрөг хүчний зохицуулах зөвлөлийн гишүүн байжээ.  Тэрээр 1991 онд Нижегородск мужийн захирагч болсноор улс төрийн замналаа эхлүүлсэн юм. Хоёр бүрэн эрхийн хугацааг дуусгасны дараа Немцов Оросын Засгийн газарт ажиллах болжээ. Түлш, эрчим хүчний сайд байсан тэрээр 1997 онд Засгийн газрын тэргүүний нэгдүгээр орлогч болж ОХУ-ын Аюулгүйн зөвлөлд багтжээ. Энэ албанаас чөлөөлөгдсөний дараа 1999-2003 онд Төрийн Думын депутат, Думын тэргүүний орлогч, Барууны хүчний холбооны фракцийн удирдагчаар ажиллажээ. 2013 оны есдүгээр сарын 8-нд бүс нутгийн сонгуулиар “РПР-Парнас” намаас Ярославль мужийн парламентад сонгогджээ. Борис Немцов нэг хэсэг ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельциний ойрын шадар зөвлөхийн нэг, итгэлт хүн нь байсан билээ.

Wednesday, 25 February 2015



Данид хүний наймаачдыг баривчлав

Данийн цагдаа хүний наймааны хэрэгт сэжиглэгдсэн арван хүнийг баривчиллаа хэмээн The Global Post сонин мэдээлэв. Тусгай ажиллагааны үеэр 64 хүнийг саатуулан шалгасан бөгөөд арвыг нь хүний наймаа хийсэн, мөнгө луйвардсан хэрэгт буруутгаад байна. Саатуулагдсан хүмүүсийн хоёр нь Данийн иргэн, бусад нь Румыний уугуул ажээ. Тэд гадаад иргэдийг Данид сайн цалинтай ажилд оруулна гэж ихээхэн мөнгө авдаг байсан аж. Одоогоор 300 орчим хүнийг Данид хууль бусаар оруулсан нь тогтоогдоод байна.

Мадонна хүчтэй унажээ

Дуучин Мадонна Лондонд Brit Awards шагнал гардуулах ёслол дээр дуулж байгаад шатан дээрээс унажээ. 56 настай дуучин урт нөмрөг зүүж, тайзнаас дээшээ өндөрлөсөн шатан дээр зогсон дуулж байв. Найруулгын дагуу нэг бүжигчин Мадоннагийн нөмрөгийг урлагтайгаар сөхөж дэрвүүлэх байсан ч алдаа гаргаж нэрт дуучныг доош нь татаж унагажээ. Мадонна гурван шат алгасан ар нуруугаараа нэлээд хүчтэй унаж байгаа нь дүрс бичлэг дээр харагдаж байна. Тэрээр унасныхаа дараа хэсэг тоглолтоо зогсоосны дараа үргэлжлүүлэн дуулжээ. Дараа нь Мадонна Instagram дээр “Бүх юм зүгээр. Гоё нөмрөг арай л хөшүүн байлаа” хэмээн тайлбарласан байна.

Гватемалын экс Ерөнхийлөгч АНУ-ын шоронгоос суллагдлаа

Гватемалын экс Ерөнхийлөгч Альфонсо Портильо мөнгө угаасан хэргээр АНУ-ын Денвер дахь шоронд бараг зургаан жил хоригдсоны дараа суллагдлаа хэмээн Prensa Libre агентлаг дамжуулав. Тэрээр мөдхөн эх орон руугаа буцах гэж байна.
2014 оны тавдугаар сард АНУ-ын шүүх Портильог Тайванаас хахууль авсан, Америкийн банкаар дамжуулж мөнгө угаасан хэргээр таван жил, есөн сарын хорих ялаар шийтгэсэн юм. Түүний ялыг 2010 онд Гватемалд баривчлагдсан үеэс нь хойш тооцсон ажээ.
Альфонсо Портильо 2000-2004 онд Гватемалын Ерөнхийлөгчийн албыг хашжээ. Тэрээр албанаас буусны дараа халдашгүй дархан эрхээ хасуулж, шүүхэд дуудсагдсан ч Мексик руу зугтан гарчээ. Гэвч 2008 онд Мексикийн эрх баригчид түүнийг эх оронд шилжүүлж өгсөн байна.

“Туркийн мисс” Эрдоганыг доромжилсон хэргээр шийтгүүлж магадгүй

2006 онд “Туркийн мисс”-ээр тодорч байсан Мерве Буюксарач өнөөгийн Ерөнхийлөгч Режеп Эрдоганыг доромжилсон хэргээр хоёр жилийн ял сонсч магадгүй болов. 26 настай бүсгүй Instagram дээрээ Туркийн сүлд дууллыг гуйвуулсан “Удирдагчийн шүлэг” хэмээх элэглэлийг нийтэлсэн юм. Хэдийгээр тэрээр дараа нь энэ постоо устгасан ч эрх баригчид түүний эсрэг хэрэг үүсгэжээ.
“Би энэ шүлгийг бичээгүй, инээдтэй санагдсан болохоор түүнээс иш татсан. Ерөнхийлөгч Эрдоганыг доромжилсон зүйл байхгүй” хэмээн Буюксарач буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Экс гоо бүсгүйг нэгдүгээр сард баривчилжээ.


Орнелла Мути хоригдох ял сонсчээ

Гуравдугаар сарын 9-нд 60 нас хүрэх Италийн үзэсгэлэнт жүжигчин эмэгтэй Орнелла Мути тун таагүй байдалд ороод байна. Тэрээр Жанн Клементийн “Еврей” жүжигт тоглолгүй алга болсныхоо төлөө найман сар хоригдох, 600 мянган еврогийн торгууль төлөх шийтгэлийг шүүхээс сонсчээ. Энэ явдал 2010 оны арванхоёрдугаар сард болсон юм. “Еврей” жүжиг Италийн олон хотод амжилттай тавигдаж явсаар Порденоне хотод ирэхэд Мути алга болчихжээ. Дараа нь нэрт жүжигчин “Хоолойны хурц үрэвсэл болоод эмчид очсон” хэмээн учирласан байна. Хоолой нь сөөвөл тайзан дээр гарах боломжгүй болно гэсэн үг.
Гэвч Орнелла Мути жүжигт тоглоход өвчин саад болоогүй нь тодорхой болсон юм. Итали бүсгүй жүжгээ хаяж Санкт-Петербург руу дээдсийн үдэшлэгт оролцохоор явсан байжээ. Тэрхүү үдэшлэг дээр Владимир Путин Blueberry Hill дууг дуулж, төгөлдөр хуур дээр “Эх орон юунаас эхэлдэг вэ” (“С чего начинается Родина”) дууны аяыг тоглож олныг бишрүүлсэн билээ. Тэнд Мутигаас гадна Шэрон Стоун, Жерар Депардье, Ален Делон, Пол Анка, Моника Белуччи, Венсан Кассель, Голди Хоун, Курт Рассел зэрэг одод ирсэн байв. Үдэшлэгийн нэг гол баатраар Мути яах аргагүй тодорчээ. Учир нь В.Путин Кевин Костнерийн хамтаар Мутигийн ширээнд ирж суусныхаа дараа сэтгэл нь хөдөлж дуу дуулж эхэлсэн юм.
Орнелла Мути цагийг сайхан өнгөрүүлснийхээ горыг ийнхүү “амслаа”. “Зөрүүд эрийг номхотгосон нь” киноны сүйт бүсгүйн өмгөөлөгч нар В.Путинийг гэрчийн хувиар дуудах ёстой хэмээн биелэшгүй шаардлага тавиад ялагдсан байна. Үдэшлэг дээр Орнеллагийн хоолой сөөнгөтөж, ханиалгаж, бараг ярьж чадахгүй байсныг Оросын Ерөнхийлөгч гэрчлэх ёстой байсан аж. Шүүхэд түүнийг буруутгах өөр баримт хангалттай байсан бололтой. Франческа Романа Ривелли (Орнелла Мутигийн жинхэнэ нэр) Орос руу нисэхээсээ өмнө Порденоне хотод тавигдах жүжигт тоглоно гэдгээ сайн мэдэж байсан. Гэсэн хэдий ч тэрээр Санкт-Петербург руу бизнес ангиллаар нисэх билет авсан байсныг шүүхээс тогтоожээ. Мутигийн хоолой ч өвдөөгүй байсан хэмээн шүүх үзсэн байна. Найруулагчид арга буюу өөр хүнийг Мутигийн оронд тоглуулсан аж.

Тэрээр шүүхээс ял сонссон ч шоронгоос зайлсхийх боломжтой. Үүний тулд тэрээр театртаа 30 мянган еврогийн торгууль төлөх ёстой. Мэдээж Мути энэ мөнгийг хөнгөхөн гаргаж чадна. Учир нь жүжигчин бүсгүй “Еврей” жүжигт нэг удаа тоглохдоо 24 мянган долларын шагнал авч байсан юм.

Tuesday, 24 February 2015

Өчигдөр ороогүй мэдээгээ чихээрэй



Мicrosoft-ийн ухаалаг бугуйвч

Мicrosoft компанийн Microsoft Band хэмээх ухаалаг бугуйвч зах зээлд гараагүй байгаа ч энэ бүтээгдэхүүний талаар зарим мэдээллийг дамжуулав. Ухаалаг бугуйвч нь дугуйн дээр хийж буй дасгалыг хянах, GPS-ийн тусламжтайгаар зам заах, зүрхний цохилт, зарцуулсан илчлэгийг заах юм. Мөн Wordflow хэмээх шинэ тенологийг суулгаж өгснөөр бугуйвчнаасаа шууд мессеж явуулах, Cortana технологийн ашиглаж дуут мессеж илгээх боломжтой болж байгаа аж. Текст бичих товчлуураас гадна ирсэн зурвасыг хуруугаа хүргэхгүйгээр мэдээллийн самбар мэт гүйлгэж уншиж болно. Хамгийн сүүлд нь мэдээлэл цуглуулах хавтанг өргөтгөснөөр дасгал, нойрны мэдээллийг гар утас руу нь шууд илгээх боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл сайн, муу хэрхэн нойрссон талаарх мэдээлэл гар утсан дээр нь гарч ирнэ гэсэн үг. Одоогоор Microsoft Band ухаалаг бугуйвч мэдээллээ Windows, Android утсанд илгээж байгаа бол мөдхөн iOS үйлдлийн систем рүү илгээх чадвартай болох ажээ.

Зоогийн газар гал нээж найман хүний аминд хүрчээ

Чехийн цагдаа Угерски-Брод хотод олон хүн рүү буудсан эрийн гэрт нэвтрэн орж эхнэрийг нь баривчилжээ. Эхнэр нь гэртээ хаалт саад хийж, хүмүүсийг буудна хэмээн сүрдүүлсэн тул тусгайгийнхан дайран орж баривчлаад сэтгэцийн эмнэлэгт хүргээд байна. Хоёр хоногийн өмнө Угерски-Брод хотын нэгэн зоогийн газар буутай эр орж ирээд замбараагүй гал нээсэн юм. Тэрээр 25 удаа буудахдаа хүмүүсийн толгой руу чиглүүлж байжээ. Үүний улмаас долоон эрэгтэй, нэг эмэгтэй амь үрэгджээ. Бас нэг хүн хүнд шархдаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Балмад этгээд хоёр буутай явж байсан ба тэнд ирсэн цагдаа нар мань эрийг буудаж устгажээ. Хотын даргын мэдэгдэж буйгаар, тэрээр сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг нэгэн аж. Олон хүний аминд хүрсэн этгээд зоогийн газарт нэврэхээсээ өмнө орон нутгийн телевиз рүү утасдаж “Би хүмүүсийг үзэн яддаг. Дарга нарын шийдвэр дандаа зэвүү хүргэдэг” хэмээн ярьсан байна. Чехийн зүүн өмнөд хэсэгт байдаг Угерски-Брод нь 16 мянган хүн амтай жижигхэн хот юм.

Америкууд Оросын хакерийг гурван саяаар “үнэлэв”

АНУ-ын эрх баригчид кибер орон зайд гэмт хэрэг үйлдсэн хэрэгт хардаж буй Оросын иргэн Евгений Богачевийг баривчлахад тустай мэдээлэлд мөнгөн шагнал амлалаа. АНУ-ын Хууль зүйн департамент түүний төлөө гурван сая доллар төлөхөд бэлэн байгаагаа мэдэгдэв.

Богачев Орос, Украин дахь кибер гэмт хэрэгтнүүдтэй хамтран ажиллаж, хакерийн программ түгээж 100 сая долларын хохирол учруулсан хэмээн АНУ-ын тусгай албад үзэж байна. Тэрээр банкны дотоод сүлжээнд нэвтэрдэг программ бүтээж Америкийн Capital One Bank, Bank of Georgetown, First National Bank of Omaha банкнаас ихээхэн хэмжээний мөнгө хулгайлжжээ. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо 30 настай Богачевийг хамгийн ихээр эрэн сурвалжилж буй 10 гэмт хэрэгтний жагсаалтад оруулаад байна. 


30 ажилд гологдсоны эцэст тэрбумтан болсон Жек Ма

Азийн тэрбумтан Жек Ма нь зүгээр л бүх цаг үеийн олон бизнесмэн илүү эрч хүчтэй босохын тулд унах хэрэгтэй болдгийн нэг жишээ юм. Өөрийнхөө хүчээр хөл дээрээ босч өсч дэвжсэн хүмүүс нь хэний ч бодож олоогүй санааг олж, бизнесийн боломжийг олж харсан байдаг. Тэд бол тэгээс эхлээд гүйлгээ ухааныхаа ачаар олон тэрбумын хөрөнгийг бий болгож чаддаг ажээ. Хятадын интернэт худалдааны хамгийн том веб сайтыг үндэслэгч Жек Ма эхэндээ олон ажилд гологдож явсан юм.
Эдүгээ Хятадын хамгийн баян хүн болоод байгаа энэ эр Alibaba-г үүсгэн байгуулахаасаа өмнө “За, дараа тань руу залгая” гэдэг үгийг 30 орчим ажил олгогчоос сонсож байжээ. Ма Америкийн сэтгүүлч Чарли Роузт өгсөн ярилцлагадаа, ажил олгогчдыг царайчлан, гологдож явах нь бараг л хэвийн үзэгдэл болоод байсан тухай онцолсон байна. Нэг удаа цагдаагийн албанд ажилд орохоор очиход “Хангалттай сайн бие бялдартай биш байна” хэмээн буцаасан аж. Зарим үед ажилд шилж сонгогсод түүнд ихэд бүдүүлэг, харгис ханддаг байв. “KFC манай хотод орж ирсэн тул тэнд ажилд орохоор очлоо. 24 хүн өргөдлөө өгөхөд 23 нь тэнцээд би ганцаараа гологдож байлаа” хэмээн Жек Ма ярьж байна. Эдүгээ 50 настай Ма Хятадын зүүн хэсгийн Ханжоу хотын уугуул юм.
Тэрээр интернэт худалдааны Alibaba сайтаа нээсэн эхэн үед бас л олигтой байсангүй. “Эхэн үедээ зөвхөн яаж тэсч үлдэх вэ гэж чардайдаг байлаа. Эхний гурван жилд ямар ч ашиг олоогүй” хэмээн Ма өгүүлэв. Эдүгээ Хятадын интернэт дэлгүүрийн манлай болоод байгаа түүний компани 2001 онд АНУ-аас гурван сая долларын санхүүжилт олох гээд бүтэлгүйтэж байсан гэдэгт итгэх аргагүй. “Гэсэн ч бид бууж өгөөгүй. Буцаж очоод 25 саяыг олчихоод ирсэн” хэмээн ярилаа.
Асар их амжилт олсон бизнесмэнүүд ажил, бизнесийн гараан дээрээ дандаа бүтэлгүйтэж байсан нь итгэхэд бэрх ч үнэн ажээ. Тэдний олонх нь өөрт тулгарч байсан нөхцөл байдлыг засч залруулах гэж оролдож, тэгээс эхэлж буй хүмүүст боломж олгохыг хичээдэг юм.

Өнөөдөр Alibaba компани өдөр бүр 100 мянган худалдан авагчтай харилцаж, арилжаа наймаанд нь зуучилж байгаа аж. Тус компанид данстай 30 мянган ажилчин байгаагийн зэрэгцээ Хятадад шууд болон шууд бусаар 14 сая ажлын байр бий болгож байна. Жек Магийн хувьд бизнесийн амжилтын мөн чанар нь мөнгөнд бус, тоонд ч бус харин өдөр бүр хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн зүгээс нэмэгдэж буй итгэл ажээ. 

Monday, 23 February 2015

Спортын мэдээнээс оруулах нүүр байвал оруулаарай



Сургууль дээр аянга буужээ

Танзанийн нэгэн тосгоны сургууль дээр аянга буужээ. Энэ үеэр тэнд 22 хүн байсан бөгөөд дөрвөн сурагч, нэг багш амиа алдсан байна. Тэд аянганаас нуугдан ширээнд доогуур орсон ч байгалийн гамшиг өршөөсөнгүй. 17 хүүхэд бэртэж гэмтсэн байна. Танзанид аянга цахилгаан хүний аминд хүрэх нь цөөнгүй гардаг. Саяхан Ирландын нэгэн уулчин Килиманжаро ууланд авирч байхдаа аянганд цохиулан амиа алджээ.

Селфи хийж байгаад галт тэргэнд дайруулав

Америкийн Вашингтон мужид нэгэн залуу найз бүсгүйтэйгээ селфи зураг авч байгаад галт тэргэнд мөргүүлжээ. Тойргийн цагдаагийн газрын дарга мэдээлж буйгаар, залуу галт тэргэн доогуур орж, найз бүсгүй нь мөргүүлэлгүй эсэн мэнд үлджээ. Энэ хэрэг явдлын улмаас төмөр замын хөдөлгөөн саатаж, долоон галт тэрэгний аялал цуцлагджээ. Хэд хоногийн өмнө Энэтхэгт коллежийн гурван сурагч ойртон ирж байгаа галт тэрэгтэй хамт зургаа дарах гэж байгаад мөргүүлэн харамсалтайгаар амиа алдсан  юм.

Аляскт марихуаныг зөвшөөрлөө

АНУ-ын Аляск мужид марихуан тариалж, хадгалж, хэрэглэхийг зөвшөөрчээ. Ийнхүү Америкт гурван муж хар тамхийг хууль ёсоор хүлээн зөвшөөрөөд байна. Өмнө нь Колорадо, Вашингтон мужид марихуан хэрэглэхийг зөвшөөрсөн юм.
Аляск мужийн захирагч Билл Уокер марихуаны худалдаа, эргэлтийг хянах комиссыг байгуулах хуулийн төслийг өргөн барилаа хэмээн Alaska Dispatch News уламжлав. Аляск нь АНУ-ын хамгийн энх мэнд, жаргалтай  мужаар тодорч байсан билээ.

Сири руу явах гэж байсан француудын паспортыг хураажээ

Францын эрх баригчид Сири руу аялахаар төлөвлөж байсан зургаан иргэнийхээ паспортыг хурааж авчээ. Паспортоо хураалгасан иргэд зургаан сарын дараа бичиг баримтаа буцааж авч болох ч эрх баригчид шаардлагатай гэж үзвэл дахин хураах эрхтэй юм. Гадаад руу зорчих гэж байсан иргэдийнхээ паспортыг анх удаа хурааж байгааг Ерөнхий сайд Мануэль Вальс тайлбарлахдаа, цаашдаа өөр хүмүүс дээр ч ийм арга хэмжээ авах болно гэжээ.
Биеийн байцаалт, иргэний бичиг баримтыг хураах эрх нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард батлагдсан терроризмтэй тэмцэх шинэ хуулийн нэг хэсэг аж. Энэ нь франц иргэд Ойрхи Дорнод дахь дайн, мөргөлдөөний бүсэд очиж жихад дайчидтай нэгдэхээс сэргийлсэн хууль зүйн бичиг баримт юм. Америк болон Европын иргэд “Исламын улс” бүлгийн үйл ажиллагааг дэмжиж Сири, Ирак руу явах хүсэл, сонирхол сүүлийн үед ихээхэн нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар лалын радикал дайчдын эгнээнд Францын иргэншилтэй нэг мянга 400 орчим залуус тулалдаж байна.

Палестины эрх баригчид 218 сая доллар төлөх ёстой

АНУ-ын Манхэттан дахь холбооны шүүх Палестины үндэсний автономи, Палестиныг чөлөөлөх байгууллагыг Израиль дахь цуврал халдлагын золиос болсон хүмүүсийн ар гэр болон америк иргэдэд 218.5 сая долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргалаа хэмээн New-York Times сонин мэдээлэв. 2002-2004 онд Иерусалимд болсон аллага, халдлагыг Палестины эрх баригчид дэмжин өөгшүүлсэн хэмээн шүүхэд гомдол гаргасан хүмүүс үзжээ. Эдгээр халдлагын улмаас 33 хүн амь үрэгдэж, 450 хүн гэмтэж бэртсэн юм. Шүүх гомдол гаргагчдын хүсэлтийг хүлээн зөвшөөрчээ.

Терроризмтэй тэмцэх АНУ-ын хуулийн дагуу энэ хэрэг үүссэн байна. Олон улсын терроризмд өртсөн иргэд Америкийн шүүхэд гомдол гаргах эрхийг дээрх хуулиар баталгаажуулсан юм.


В.Путин: Орос, Украин хоёр дайтахгүй гэж найдаж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинтай дайн байлдаанд хүрэхгүй гэдэгт итгэлтэй байна. “Ийм аймшгийн өрнөл боломжтой гэж бодохгүй байна. Ийм зүйлд хэзээ ч хүрэхгүй гэдэгт итгэж байна” хэмээн Кремлийн тэргүүн “Россия-1” телевизэд зөвхөн Украины сэдвээр ярилцлага өгөхдөө онцолжээ. Киевийн эрх баригчид зүүн өмнөд нутгийн иргэдтэй харилцаагаа сайжруулах ёстой хэмээн Оросын лидер үзэж байна. “Украин шиг Европын ийм том орны удирдлага юуны түрүүнд эдийн засаг, нийгмээ тогтворжуулж улс орноо хэвийн амьдралд эргэн оруулах хэрэгтэй. Зүүн өмнөд нутагтайгаа иргэншсэн хэлбэрээр харилцаагаа сайжруулж, Донбасст амьдарч буй хүмүүсийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангах ёстой” хэмээн Путин хэлжээ. Киев болон өрнөдийн улс орнууд Москваг Украины хямралд буруутай, өдөөн хатгасан хэмээн буруутгаж байгаа ч оросууд үүнийг няцаасаар байгаа билээ.
Эдүгээ Украины зүүн нутагт энх тайван, эвлэрлийг тогтоохын тулд дахин “Нормандын хувилбар”-аар уулзалт хийх шаардлагагүй хэмээн В.Путин үзэж байна. Үүний оронд Минскт хүрсэн тохиролцоогоо дагаж мөрдөхөд л хангалттай хэмээн Кремлийн тэргүүн өгүүлэв. Үүний зэрэгцээ Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы канцлер Ангела Меркельтэй үл итгэсэн харилцаа хадгалагдсаар байгааг тэрээр хүлээн зөвшөөрлөө.
“Гэр бүл болгонд үнэмлэхүй итгэлцэл бий болгох хэцүү. Олон улсын түвшинд бүр хэцүү. Гэвч үл итгэлцлийн ямар нэг үлдэгдэл байсаар байгаа ч бид бие биедээ итгэж, нэг нэгнээ ойлгож байгаа гэж бодож байна. Юутай болсон түншүүд маань ямар ч тохиолдолд бидний илэн далангүй, үнэн сэтгэлийг ойлгож байгаа байх аа” хэмээн Ерөнхийлөгч онцолсон байна. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Крымийг эргүүлэн авна гэсэн мэдэгдлийн талаар “Энэ бол хариугаа авах гэсэн өсөрхсөн сэтгэлийн илэрхийлэл” гэв. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Киевийн Майдан дээр жагсагчдыг буудсан хэрэг явдлыг Москва удирдан чиглүүлсэн гэх Украины эрх баригчдын мэдэгдлийг “Дэмий яриа” хэмээн нэрлэжээ.
“Энэ бол шал худлаа. Үнэнээс хол зөрсөн. Хаанаас ийм яриа гардгийг бодоод ч олохгүй юм” хэмээн тэрээр хэлсэн байна. Украины Ерөнхийлөгч П.Порошенко өнгөрсөн долоо хоногт Оросын Ерөнхийлөгчийн  зөвлөх Владислав Сурковыг 2014 оны хоёрдугаар сард Майдан дахь жагсагчдыг буудсан хэрэгт холбоотой хэмээн мэдэгдсэн юм. Порошенко “Тэнгэрийн зуут”-ын баатруудын ар гэрийнхэнд төрийн шагнал гардуулах үеэр “Майдан дахь буудалтад Оросын ул мөр байгааг Украины Ерөнхий прокурорын газар нарийвчлан тогтоолоо” хэмээн мэдэгдсэн ажээ. 

Sunday, 22 February 2015

Спортын нүүрэнд шөөө......



Welsh Open-д Жон Хиггинс түрүүлэв

Мэргэжлийн снүүкерийн Welsh Open тэмцээнд дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс түрүүлэв. Тэрээр аваргын төлөөх тулаанд залуу тамирчин Бен Вулстоныг 9-3-аар илүүрхжээ. Хиггинс ийнхүү гурван жилийн дараа өндөр зэрэглэлийн тэмцээнд түрүүлж байна. Тэрээр Welsh Open тэмцээнд дөрөв дэх удаагаа түрүүлж байна. Аваргын цомыг 100 мянган паундын шагнал дагалджээ.
Гуравдугаар сард China Open, дөрөвдүгээр сард дэлхийн аваргын тэмцээн хүлээж байна.

Челси оноо алдаж, Манчестер Сити хожлоо

Английн Премьер лигийн аваргын төлөөх тулаанд бусдаасаа тасраад байгаа хоёр багийн тоглолт тун сонирхолтой боллоо. 26-р тойрогт Челси талбай дээрээ Барнлийг хүлээн авч тоглосон ч ялалт байгуулж чадсангүй. Тэд хожиж явсан ч сүүлчийн мөчид гоол алдаж тэнцжээ. Тэдний араас өсгий даран нэхэж буй Манчестер Сити өрсөлдөгдөө 5-0-ээр бут ниргэж онооны зөрүүг тав болгож ойртуулаад байна.
Аваргуудын лигийн эрх буюу гурав, дөрөвдүгээр байрын төлөөх тулаан ширүүн өрнөж байна. 3-7-р байрын таван багийг дөрөвхөн оноо зааглаж байна. Арсенал хожиж гуравдугаар байрт гарч ирсэн бол Манчестер Юнайтед, Тоттенхэм оноо алдаж нэг байр ухарчээ. Ливерпүүл өрсөлдөгч Саутхэмптоныг хожиж нэг байр ахижээ. Испанийн Ли Лигад Барселона талбай дээрээ тун санамсаргүй хожигдож хүнл цохилт амсав. Харин Реал Мадрид хожиж нэг онооны зөрүүгээ дөрөв болгон холдууллаа.

Парма дампуурав уу

Италийн Seria A-гийн Парма клуб санхүүгийн асуудлын улмаас ээлжит тойргийн тоглолтоо хийсэнгүй. Хөгжөөн дэмжигчид үүнийг эсэргүүцэж клубын цэнгэлэхийн гадаа жагсаал хийжээ. Seria A-д сүүлийн байрт яваа Парма клуб өнгөрсөн бүтэн сайнд Удинезетэй тоглох байсан. Гэвч тус клубт цэнгэлдэхийн гэрэлтүүлгийг ажиллуулахаас өөр мөнгө үлдээгүй тул Италийн хөлбөмбөгийн холбоо тоглолтыг хойшлуулжээ. Хамгаалалт болон үйлчилгээний албаныханд төлөх мөнгө байхгүй болсон аж. Парма клуб цаашдаа ч тоглолт хийх чадваргүй болсон бололтой. Цагтаа дэлхийд шилдэгт тооцогдож байсан Италийн хөлбөмбөгийн лигийн багууд ар араасаа дампуурлаа зарлаж магадгүй байна. 


Усан онгоцны ослоор олон хүн амиа алдлаа

Бангладешт усан онгоц сүйрч дор хаяж 66 хүн амиа алдаад байна хэмээн Reuters агентлаг уламжлав. Падма голоор Патури хот орохоор явж байсан усан онгоц гатлага онгоцтой хавиралдсаны дараа онхолджээ. Нийт 150 зорчигч явж байжээ. 50 гаруй хүнийг авраад байгаа бөгөөд үлдсэн хүмүүсийг эрж хайсаар байна. Амь үрэгдсэн хүмүүсийн тал нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна.
Усан онгоцыг мөргөсөн гатлага онгоцны ахмад, багийн хоёр гишүүнийг баривчилжээ. 200 орчим гол мөрөнтэй Бангладешт усан онгоцны осол байнга гардаг. Тээврийн хэрэгслийн даац хэтрүүлж, ауюлгүй байдлын дүрэм зөрчих нь элбэг тул осол гарсаар байгаа юм.

“Исламын улс”-ын дайчид Мосулын номын санг шатаажээ

Лалын террорист “Исламын улс” бүлгийг дайчид Иракийн Мосул хот дахь төв номын санг дэлбэлэн шатаажээ. Энэ тухай араб хэлээр гардаг “Элаф” сонин мэдээлэв. Мосул дахь номын сан нь хамгийн эртний номын сангуудын нэг юм.  Лалын дайчид минометоор буудсаны дараа номын сангийн барилга бүхэлдээ галд автжээ. Босогчид зарим ном, гар бичмэлийг гарган шатааж “галын наадам” хийсэн байна. Номын сангийн захирлын хэлж буйгаар, 10 мянга орчим ном шатсаны дотор нэн ховор номнууд байсан аж.

Москвагийн эсрэг хоригийг зөөлрүүлэхийг санал болгов

Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо Минскийн тохиролцоог дэмжихийн тулд Оросын эсрэг хориг арга хэмжээг зөөлрүүлэх санал дэвшүүлэв. “Украины зүүн нутагт хүрээд байгаа одоогийн эвлэрлийг дэмжихийн тулд Оросын эсрэг зарим хоригийг цуцлах хэрэгтэй. Оросын зарим улстөрч Европын холбоо, АНУ-д очиж чадахгүй байгаа нь яриа хэлэлцээнд саад болж байна” хэмээн Словакийн Засгийн газрын тэргүүн хэллээ.
Мөн Оросын эсрэг хориг арга хэмжээ болон Москвагийн хариу арга хэмжээ Словакийн эдийн засагт хохирол учруулж байгааг Фицо онцолжээ. Украин дахь дайн, хямралыг цэрэг, зэвсгийн замаар шийдэх боломжгүй хэмээн тэрээр үзэж байна. Луганск, Донецк мужид холбооны статус олгох нь хямралаас гарах арга зам байж болно хэмээн Роберт Фицо хэлжээ.

Ким Чен Ун цэрэг, армиа бэлэн байдалд оруулав

Ким Чен Ун Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын Цэргийн төв хорооны хуралдаан дээр үг хэлэхдээ цэргийн албан хаагчдыг байлдааны бүрэн бэлэн байдалд байхыг уриалав. Мөн тэрээр зэвсэгт хүчнийг шинэчлэн сайжруулахыг тушаажээ. Хойд Солонгосын лидер сүүлийн арван жилд анх удаа болж байгаа Цэргийн төв хорооны өргөтгөсөн хуралдаан дээр үг хэлсэн нь өмнөдийн эрх баригчдын анхаарлыг татаж байна.
Үүний өмнөхөн Хойд Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгосыг  Пхеньяны эсрэг АНУ-ын түрэмгийн дайнд нэгдвэл “Хамгийн аймшигтай төгсгөл”-өөр дуусгана хэмээн заналхийлсэн юм.

Кубад Канадын бизнесмэнийг суллажээ


Кубад баривчлагдаж гурван жилийн турш шоронд хоригдсон Канадын бизнесмэн суллагдаж гэртээ харилаа. 77 настай Сай Токмак Торонто хотод иржээ. Кубын эрх баригчид яагаад түүнийг суллах болсон нь тодорхойгүй байна. Канадын иргэн 2011 онд Гавана хотод саатуулагджээ. Тэрээр Hyundai компанийн Куба дахь салбарт ажиллахын зэрэгцээ тээврийн салбарт бизнес эрхэлж байжээ. 2014 оны есдүгээр сард Кубад ажиллаж байсан Канадын хоёр бизнесмэн валют хууль бусаар гулгуулсан, татвараас зайлсхийсэн хэргээр буруутгагдсан ч саяхан суллагджээ. АНУ-ын тал Кубатай дипломат харилцаагаа сэргээсэн нь канад иргэд суллагдах нөхцөл болсон хэмээн ажиглагчид үзэж байна. 


“Аль-Кайда”-гийн хамсаатнууд өрнөдийг дахин заналхийлэв

Лалын алан хядагчид Америкийн томоохон худалдааны төвүүдэд халдлага үйлдэнэ хэмээн заналхийлсны дараа АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын тэргүүн Жех Жонсон ард иргэддээ хандан сонор сэрэмжтэй байхыг уриаллаа. “Аль-Кайда”-тай хамтран ажилладаг “Аль-Шабаб” бүлэглэлийн сүрдүүлгийг Амеркийн нууц албаныхан ихэд нухацтай хүлээн авч байгаа аж. “Аль-Шабаб”-ын дайчдын видео мэдэгдэлд Америк, Канад, Их Британи дахь худалдааны төвүүдэд халдлага үйлдэхийг жихад дайчдад уриалсан юм. “Аль-Шабаб” бүлгийнхэн 2013 онд Кенийн Найроби хот дахь Westgate худалдааны төвийг довтолж 67 хүний аминд хүрч байсан билээ. Ж.Жонсон CNN-д ярилцлага өгөхдөө, дээрх сүрдүүлэг, заналхийлэл нь терроризмийн шинэ үе шатны нэг хэсэг хэмээн онцолжээ. Учир нь ганцаар, бие дааж хөдөлдөг терроризмийг шүтэгчид төрж, өссөн улс орондоо аллага үйлдэх магадлал нэмэгдсээр байгаа юм. “Террорист байгууллагууд халдлага, довтолгоонд уриалах бүрт бид анхаарал, сэрэмжээ дээшлүүлэх хэрэгтэй” хэмээн Үндэсний аюулгүй байдлын тэргүүн хэлж байна.
Видео заналхийлэл дээр нүүрээ нуусан эр британи аялгаар ярьж “Аль-Шабаб”-ын дагагчдыг Америкийн худалдааны төвүүд болон еврейн өмч хөрөнгийн эсрэг халдлага үйлдэхийг уриалжээ. Бүр Миннесота дахь Mall of America (АНУ-ын хоёр дахь том худалдааны төв), Канадын Алберта хот дахь West Edmonton Mall худалдааны төвийг тусгайлан нэрлэсэн байна. Мөн Лондоны Оксфорд гудамжны худалдааны бүс болон Westfield худалдааны төвд халдлага үйлдэхийг уриалжээ. Америк, Канад, Британийн цагдаа, тагнуул, тусгай албад алан хядагчдын видео мэдэгдэлд дурдагдсан худалдааны төвүүдийг хүч нэмэгдүүлэн хамгаалахаар болсон тухай мэдээлэл ирж байна. “Аль-Шабаб” видео мэдэгдэлдээ дээрх төвүүдийн зураг, дүрсийг хавсаргасан байв. Британийн тусгай нууц алба мэдэгдлийг уншсан британи аялгатай эрэгтэйн талаар мэдээлэл цуглуулж байгаа аж. “Исламын улс” бүлгийн барьцаанд байгаа хүмүүсийг цаазлахаас өмнө хутга барьж, нүүрээ халхлан мэдэгдэл хийдэг террорист нь Британийн уугуул иргэн болохыг тусгай албаныхан тогтоосон юм.

Америкийн Миннесота хот нь сомали гаралтай лал шашинтай иргэд ихээр амьдардаг газар юм. Өнгөрсөн долоо хоногт энэ хотын нэгэн иргэн “Исламын улс” бүлгийг дэмжиж хуйвалдаан зохион байгуулсан хэргээр буруутгагдаад байгаа билээ. Канад, Франц, Данийн аюулгүйн албад дотоодын алан хядагчдаас ихэд болгоомжилж, аюулгүй байдлаа чангатгаад байна. Франц, Дани улсад сүүлийн хэдэн долоо хоногт аймшигтай аллага, халдлага гарч нийгмийг доргисон юм. Франц, Данид төрж, өссөн иргэд халдлага үйлдсэн нь тусгай албадын толгойны өвчин болж байна.

Saturday, 14 February 2015






Брэдли Мэннинг хүйсээ солиулж байна

АНУ-ын Батлан хамгаалах яам WikiLeaks сайтад АНУ-ын төрийн нууц мэдээллийг дамжуулж байсан хэргээр 35 жилийн ял сонссон америк цэрэг Брэдли Мэннингийн хүйсээ солиулах эмчилгээг зөвшөөрлөө хэмээн USA Today сонин мэдээлэв. “Дааврын эмчилгээ нь зөв зүйтэй, хэрэгтэй гэдэг зөвлөгөөг судалж үзсэний эцэст холбогдох эрсдэлийг үнэлж үзээд Мэннингийн хүйс солиулах эмчилгээг зөвшөөрөн баталлаа” хэмээн армийн хурандаа Эрика Нельсон ярьжээ. 700 мянга гаруй нууц материалыг WikiLeaks-т дамжуулж 2013 оны долдугаар сард тагнуулын хэргээр буруутгагдсан цэрэг Мэннинг Канзас мужийн Форт Ливенворт шоронд хоригдож байгаа юм. Хүйсийн өөрчлөлт хэмээх онош тогтоолгосон Брэдли Мэннингийг армийн удирдлагын хүсэлтээр Форт Ливенворт шоронгоос хоригдлуудад энэ төрлийн эмчилгээ хийдэг өөр нэг шорон руу шилжүүлжээ.
АНУ-ын армийн албан хаагч хүйс солиулж байсан удаа байхгүй юм. Тиймээс Пентагон Шоронгийн захиргааны төвд хандаж хоригдлуудад энэ төрлийн эмчилгээ хийдэг хорих газарт Мэннингийг хүлээж авах хүсэлт гаргасан байна. Мэннинг ял эдлэх хугацаандаа Америкийн армийн албан хаагч хэвээр байх юм. Тэрээр шүүхээс ял сонссоныхоо дараа нэгэн захидалдаа транс буюу эмэгтэй чанар давалгайлсан хүйстэй гэдгээ хүлээн зөвшөөрч нэрээ Челси хэмээн өөрчлөх хүсэлтээ илэрхийлсэн билээ. 26 настай Челси Брэдли Ирак, Афганистанд алба хааж байхдаа америк цэргүүдийн дарамт, шахалтад өртөж байснаа нуудаггүй. Тэрээр Ирак, Афган дахь дайныг ихээхэн шүүмжилдэг байсан юм.

Данид хоёр халдлага болжээ

Данийн нийслэл Копенгаген хотод буун дуу гарсан хоёр ч халдлага болсны дараа хотын төвийг хамгаалалтад авч дараа өргөн хүрээтэй тусгай ажиллагааг эхлүүлээд байна. Цэргүүд, тусгай тасгийн ажилтнууд эргүүл хийж, нисдэг тэргүүд агаарт эргэлдэж байна. Хоёрдугаар сарын 15-ны шөнө төвийн хэсгийн нэгэн еврейн сүмд буун дуу гарч нэг хүн амь үрэгдэж, хоёр цагдаа шархадсан юм. Үүнээс хэдэн цагийн өмнө нэгэн кафед цуглан ярилцаж байсан хүмүүс рүү балмад этгээд гал нээн нэг хүний аминд хүрч, гурван цагдааг шархдуулжээ. Гэмт этгээд 200 удаа буудсан хэмээн цагдаагийн газраас мэдээлэв. Энэ нь лалын шашныг үндэслэгч Мохамедийн шог зургийг зурсан швед зураач Ларс Вилксийн амь насанд халдсан үйлдэл, эсвэл террорист ажиллагаа хэмээн үзэж байгаа аж.

Палестин охин өөрийгөө буруугүй гэв

Израилийн цэргийн шүүхээс 45 хоног баривчлагдах ял шийтгүүлээд суллагдсан палестин охин Малак аль-Хатиб өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдлээ. 14 настай Малак охин 2014 оны арванхоёрдугаар сарын 31-нд сургуулиасаа гэртээ харьж явахдаа Израилийн автомашин руу чулуу шидсэн хэргээр баривчлагдсан юм. Түүнийг мөн израиль цэрэг рүү хутга барьж дайрсан хэмээн буруутгажээ. Аль-Хатибын хэлж буйгаар, түүнийг хоёр цаг байцаасны эцэст иврит хэл дээр бичсэн цаасан дээр гарын үсэг зуруулжээ. Охин иврит хэл мэддэггүй бөгөөд тэр өдөр хутгагүй явж байсан аж.
Палестинд Малак аль-Хатиб израилиудын үйлдэж буй баривчилгааны билэг тэмдэг болсон юм. Хүүхдийг хамгаалах олон улсын байгууллагын Палестин дахь салбараас мэдэгдэж буйгаар, Израиль улс жил мянга гаруй палестин хүүхдийн баривчилдаг ажээ.

Италийн тэргүүн баян өөд болов

Чихар, амттаны Ferrero концерний эзэн Микеле Ферреро 89 насандаа өөд болов. Италийн хамгийн баян хүн гэгддэг Феррерогийн хөрөнгө 2013 онд 20.4 тэрбум доллараар үнэлэгдэж байжээ. Ferrero Group нь Ferrero Rocher, Nutella, Kinder болон Tic Tac брэндийг эзэмшдэг. Микеле Ферреро 1957 онд эцгийнхээ үндэслэсэн компанийг өвлөж авсан аж. Эдүгээ Ferrero Group-ийг түүний бага хүү Жованни удирдаж байна. Түүний том хүү Пьетро Ферреро 2011 онд золгүй тохиолдлоор амиа алдсан юм.

Хакерууд Оросын банкнаас 300 ая доллар хулгайлжээ

Хакерууд Оросын банкнуудын данснаас 300 сая доллар хулгайлсан хэмээн Kaspersky laboratory компаниас мэдэгдлээ. Луйварчид нарийн технологи ашиглаж, ул мөрөө сайтар баллаж  чадсан тул хоёр жилийн турш банкнаас хулгай хийж байсан хэмээн Kaspersky laboratory-ийн Хойд Америкийн салбарын захирал Крис Доггет ярилаа. Орос, Хятад болон Европын хэд хэдэн орны хакерууд 30 орны банкны компьютерийн системд нэвтэрчээ. Тэд ийнхүү банкны дотоод мэдээлэл рүү нэвтэрч, ихээхэн мөнгийг өөрсдийн данс руу шилжүүлэн авсан аж. Оросын програм хангамжийн компани энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй түгээх гэж байна. Хакерууд Оросын танилцах сайт руу нэвтэрч 20 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг хуулж авч, тэн хагасынх нь мэдээллийг худалдаанд тавьсан байсан билээ.




Тарган, архичин хүмүүст нийгмийн халамж үзүүлэхгүй

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон илүүдэл жинтэй, архичин, хар тамхичин хүмүүст нийгмийн тэтгэлэг, халамж үзүүлэхийг зогсоох санал дэвшүүлжээ. Лэйборист сөрөг хүчин Засгийн газрын тэргүүнийг тавдугаар сарын 7-ны сонгуулийг угтаж олон нийтийн санаа бодлыг ядуу, орлого багатай иргэд рүү шилжүүлэх оролдлого хийлээ хэмээн шүүмжлэв. Парламентын хуралдаанд суусан Д.Кэмероноос HSBC банкны Швейцарь дахь салбаруудад хадгаламжтай Британийн тэрбумтнууд татвараас зайлсхийсэн шуугианы талаар асуулт тавьсан ч тэрээр хариулт өгөхөөс татгалзсан юм.
Үүний оронд Ерөнхий сайд нийгмийн халамж, үйлчилгээг хуваарилахад шударга бус байдал давамгайлж байна хэмээн ярьжээ. Консерватив намаас гаргасан судалгаагаар, Их Британид 100 мянга орчим хүн сайтар эмчлэгддэг өвчнийхээ төлөө төрөөс тэтгэмж авдаг бөгөөд тэдгээрт төсвөөс долоо хоног бүр 12 сая евро зарцуулж байдаг аж. Хоёр жилийн өмнө Хөдөлмөр, тэтгэврийн сайд Дункан Смит архи, хар тамхинд донтсон хүмүүсийн ажилгүйдлийн тэтгэмжийг хүчингүй болгох санал дэвшүүлж байв. Гэвч энэ санаачилга ихээхэн эсэргүүцэлтэй тулгарчээ. Буяны болон эрүүл ахуйн байгууллагууд “Засгийн газар мөн хөгжлийн бэрхшээлтэй, оюуны хоцрогдолтой иргэдийн тусламж дэмжлэгийг үгүй хийх гэж байна” хэмээн эсэргүүцжээ.
Эдүгээ энэ санал эргэн амилсан төдийгүй илүүдэл жинтэй хүмүүсийн тэтгэмжийг цуцлах санал нэмэгдэн орж ирлээ. Ажилгүй иргэдийг ялгаварлан гадуурхлаа гэсэн шүүмжлэл хүчээ авч, нийгмийн сүлжээгээр Засгийн газрыг буруутгах давалгаа үүсчээ. Гэвч Кэмерон “Энэ арга хэмжээг нухацтай судалж байгаа, дараагийн Засгийн газар хэрэгжүүлэх болно” хэмээн мэдэгдлээ. “Эмчилгээ хийлгээд жирийн амьдралд орох боломжтой залхуу, бэртэгчин хүмүүсийн нийгмийн халамжийг нөр их хөдөлмөрлөж буй иргэд төлөөд, санхүүжүүлээд яваад байна гэдэг нь шударга бус юм. Өвчнөө эмчлүүлээд ажил хийхийн оронд эмчлүүлэхээс татгалзаад  хэвтэж байдаг хүмүүс дэндүү их байна” хэмээн Кэмерон онцоллоо.
Хар тамхи, архинд донтсон хүмүүс эмчилгээ хийлгэлгүй зугтах нь их байдаг аж. Илүүдэл жин, таргалалтаас сэргийлж болно, гэвч тэдгээр хүмүүс ажил хийхээсээ өмнө халамж, тэтгэмж аваад сууж байхыг илүүд үзэж байна хэмээн эрх баригчид үзэж байгаа аж. Британичууд “Дэглэм барьж, жингээ хас. Эс бөгөөс халамж, тэтгэвэр байхгүй” гэсэн сонголтын өмнө ирсэн бололтой