Брэдли Мэннинг хүйсээ солиулж байна
АНУ-ын Батлан хамгаалах яам WikiLeaks сайтад АНУ-ын
төрийн нууц мэдээллийг дамжуулж байсан хэргээр 35 жилийн ял сонссон америк
цэрэг Брэдли Мэннингийн хүйсээ солиулах эмчилгээг зөвшөөрлөө хэмээн USA Today
сонин мэдээлэв. “Дааврын эмчилгээ нь зөв зүйтэй, хэрэгтэй гэдэг зөвлөгөөг
судалж үзсэний эцэст холбогдох эрсдэлийг үнэлж үзээд Мэннингийн хүйс солиулах
эмчилгээг зөвшөөрөн баталлаа” хэмээн армийн хурандаа Эрика Нельсон ярьжээ. 700
мянга гаруй нууц материалыг WikiLeaks-т дамжуулж 2013 оны долдугаар сард тагнуулын
хэргээр буруутгагдсан цэрэг Мэннинг Канзас мужийн Форт Ливенворт шоронд
хоригдож байгаа юм. Хүйсийн өөрчлөлт хэмээх онош тогтоолгосон Брэдли Мэннингийг
армийн удирдлагын хүсэлтээр Форт Ливенворт шоронгоос хоригдлуудад энэ төрлийн
эмчилгээ хийдэг өөр нэг шорон руу шилжүүлжээ.
АНУ-ын армийн албан хаагч хүйс солиулж байсан удаа
байхгүй юм. Тиймээс Пентагон Шоронгийн захиргааны төвд хандаж хоригдлуудад энэ
төрлийн эмчилгээ хийдэг хорих газарт Мэннингийг хүлээж авах хүсэлт гаргасан
байна. Мэннинг ял эдлэх хугацаандаа Америкийн армийн албан хаагч хэвээр байх
юм. Тэрээр шүүхээс ял сонссоныхоо дараа нэгэн захидалдаа транс буюу эмэгтэй
чанар давалгайлсан хүйстэй гэдгээ хүлээн зөвшөөрч нэрээ Челси хэмээн өөрчлөх
хүсэлтээ илэрхийлсэн билээ. 26 настай Челси Брэдли Ирак, Афганистанд алба хааж
байхдаа америк цэргүүдийн дарамт, шахалтад өртөж байснаа нуудаггүй. Тэрээр
Ирак, Афган дахь дайныг ихээхэн шүүмжилдэг байсан юм.
Данид хоёр халдлага болжээ
Данийн нийслэл Копенгаген хотод буун дуу гарсан хоёр ч
халдлага болсны дараа хотын төвийг хамгаалалтад авч дараа өргөн хүрээтэй тусгай
ажиллагааг эхлүүлээд байна. Цэргүүд, тусгай тасгийн ажилтнууд эргүүл хийж,
нисдэг тэргүүд агаарт эргэлдэж байна. Хоёрдугаар сарын 15-ны шөнө төвийн
хэсгийн нэгэн еврейн сүмд буун дуу гарч нэг хүн амь үрэгдэж, хоёр цагдаа
шархадсан юм. Үүнээс хэдэн цагийн өмнө нэгэн кафед цуглан ярилцаж байсан хүмүүс
рүү балмад этгээд гал нээн нэг хүний аминд хүрч, гурван цагдааг шархдуулжээ.
Гэмт этгээд 200 удаа буудсан хэмээн цагдаагийн газраас мэдээлэв. Энэ нь лалын
шашныг үндэслэгч Мохамедийн шог зургийг зурсан швед зураач Ларс Вилксийн амь
насанд халдсан үйлдэл, эсвэл террорист ажиллагаа хэмээн үзэж байгаа аж.
Палестин охин өөрийгөө буруугүй гэв
Израилийн цэргийн шүүхээс 45 хоног баривчлагдах ял
шийтгүүлээд суллагдсан палестин охин Малак аль-Хатиб өөрийгөө буруугүй хэмээн
мэдэгдлээ. 14 настай Малак охин 2014 оны арванхоёрдугаар сарын 31-нд
сургуулиасаа гэртээ харьж явахдаа Израилийн автомашин руу чулуу шидсэн хэргээр
баривчлагдсан юм. Түүнийг мөн израиль цэрэг рүү хутга барьж дайрсан хэмээн
буруутгажээ. Аль-Хатибын хэлж буйгаар, түүнийг хоёр цаг байцаасны эцэст иврит
хэл дээр бичсэн цаасан дээр гарын үсэг зуруулжээ. Охин иврит хэл мэддэггүй
бөгөөд тэр өдөр хутгагүй явж байсан аж.
Палестинд Малак аль-Хатиб израилиудын үйлдэж буй
баривчилгааны билэг тэмдэг болсон юм. Хүүхдийг хамгаалах олон улсын
байгууллагын Палестин дахь салбараас мэдэгдэж буйгаар, Израиль улс жил мянга
гаруй палестин хүүхдийн баривчилдаг ажээ.
Италийн тэргүүн баян өөд болов
Чихар, амттаны Ferrero концерний эзэн Микеле Ферреро 89
насандаа өөд болов. Италийн хамгийн баян хүн гэгддэг Феррерогийн хөрөнгө 2013
онд 20.4 тэрбум доллараар үнэлэгдэж байжээ. Ferrero Group нь Ferrero Rocher,
Nutella, Kinder болон Tic Tac брэндийг эзэмшдэг. Микеле Ферреро 1957 онд
эцгийнхээ үндэслэсэн компанийг өвлөж авсан аж. Эдүгээ Ferrero Group-ийг түүний
бага хүү Жованни удирдаж байна. Түүний том хүү Пьетро Ферреро 2011 онд золгүй
тохиолдлоор амиа алдсан юм.
Хакерууд Оросын банкнаас 300 ая доллар хулгайлжээ


No comments:
Post a Comment